Бүсийн сургалт, семинар эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.09.14-нд нийтлэгдсэн

Бүсийн сургалт, семинар эхэллээ

Баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн төв, Жаргалант суманд “Байгаль хамгаалал-Бодлогын шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлэг, сургалт эхэллээ. Уг сургалт, хэлэлцүүлгээр Уур амьсгалын өөрчлөлтийн шинэчилсэн хөтөлбөр, Монгол Улсын байгаль орчны мастер төлөвлөгөөний бодлогын баримт бичгийн төслийг эцэслэн боловсруулахад санал авах юм. Энэ семинарын үр дүнд бодлогын шинэчилсэн баримт бичгийн төсөлд холбогдлох яамд, газар, гадаад орон, олон улсын байгууллагын хэрэгжүүлж буй төслүүд, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн саналыг солилцон хэлэлцэж, мастер төлөвлөгөөний баримт бичгийг улам сайжруулах, улмаар цаашид түүний хэрэгжилтийг бодитой болгох арга механизм толорхойлон гаргана. Энэ семинарыг орон даяар таван бүсэд хуваан зохион байгуулж байгаа юм.  Ховд аймагт 3 өдөр үргэлжлэх баруун бүсийн семинарыг БОАЖ-ын сайд Л.Гансүх нээж, удирдан явуулж байна. Семинар Ховд аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд үргэлжилж байна. БОАЖЯ, Дэлхийн банк, Швейцарийн хөгжлийн агентлагаас хамтран зохион байгуулж буй энэ семинарт Ховд, Увс, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай аймгуудын удирдлага, мэргэжилтнүүд болон салбарынхан оролцож байна.

Монгол Улсын байгаль орчны шинэчлэгдсэн томоохон баримт бичгүүд болох Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг Засгийн газраас өнгөрсөн дөрөвдүгээр сард, Ус үндэсний хөтөлбөрийг тавдугаар сард УИХ-ын тогтоолоор тус тус баталж, хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Эдгээр хөтөлбөрийг холбогдох албан тушаалтан, иргэд, олон нийт сайтар ойлгон хэрэгжилтэд нь идэвхтэй оролцох нь чухал. Иймээс орон нутгийн мэргэжилтнүүд, оролцогчдын санал бодлыг сонсож, улсын эдийн засаг, нийгмийн ногоон өсөлтийг хангахад чиглэсэн шийдвэрт тэдний санал зөвлөгөөг тусгах үүднээс энэхүү семинарыг зохион байгуулж байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж