Б.Мөнгөнтуул шатрын олимпиадад оролцоно

Хуучирсан мэдээ: 2010.09.14-нд нийтлэгдсэн

Б.Мөнгөнтуул шатрын олимпиадад оролцоно

Швейцарийн Цюрих хотноо оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, эмэгтэйчүүдийн төрөлд хувийн дүнгээр дэлхийн аварга болсон их мастер Б.Мөнгөнтуул өдгөө Герман улсад байгаа юм. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг дуусгаад Германыг зорьсон Б.Мөнгөнтуул энэ сарын 19-нд ОХУ-ын Ханты-Мансийск хотноо эхлэх шатрын 39-р олимпиадад Монголын баг тамирчдын хамт оролцохоор өдгөө Германд амрангаа, бэлтгэлээ базааж байна.

Есдүгээр сарын 19-нээс аравдугаар сарын 3-ны өдрүүдэд үргэлжлэх шатрын олимпиадад дэлхийн 158 орны 1300 гаруй шатарчин оюун ухаанаа сорин өрсөлдөх юм.

Б.Мөнгөнтуулын тухайд мөн аравдугаар сарын 27-ноос арваннэгдүгээр сарын 9-ний өдрүүдэд Чилийн Сантьяго хотноо болох FIDE-гийн эмэгтэй шатарчдын гран-при тэмцээний энэ оны хамгийн сүүлийн буюу зургаа дахь цуврал тэмцээнд оролцох ажээ. Дашрамд сануулахад, FIDE-гийн чансаа өндөртэй тус тэмцээний 2010 оны тав дахь цуврал тэмцээн Улаанбаатар хотноо наймдугаар сард амжилттай болж, өндөрлөсөн билээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж