Ч.Найдандорж: Туулай жил содон жил болно

Хуучирсан мэдээ: 2011.02.07-нд нийтлэгдсэн

Ч.Найдандорж: Туулай жил содон жил болно

Драмын эрдмийн театрын хамт олон өнөөдөр ахмадууддаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Тус театрын найруулагч Ч.Найдандоржтой уулзан туулай жилийн уран бүтээлийнх нь талаар сонирхлоо.

-Сар шинэдээ сайхан шинэлж байна уу? Өнөөдрийн золголт их сайхан болж байна?

-Туулай жил бол Монголын соёл урлагийн амьдралд их содон жил болж байна. Энэ туулай жилд Монгол улсын тусгаар тогтнолтой холбоотой, том ойнууд болно. Үндэсний тусгаар тогтнолын нэг гол үзүүлэлт бол үндэснийхээ хэл соёл дээр тоглодог драмын театр юм. Энэ театрт тавигдаж байгаа үндэсний жүжгүүдээрээ дамжуулж Монгол хэл, нүүдэлчний соёл үеийн үед хойч үе залуучууд Монголчууд бидэнд бол хадгалагдаж үлдэж, сурч байдаг ийм чухал урлагийн нэг бол драмын урлаг байдаг. Энэ урлагийн маань 80 жилийн ой болж байна. Үндэсний тусгаар тогтнолтой холбоотой олон тэгш ойнуудад зориулж манай театрын хамт олон их ач холбогдол өгч байгаа. Өнөөдөр бид ахмадуудаа хүлээн авч байна. Театр 80 жилийн настай бол манай хамгийн ахмад жүжигчин Лха.Долгор гуай өнөөдөр 89 настай байж байна. Манай театрын даргын албыг 30 гаруй жил хашин энэ театрыг академик театр болгоход мэргэжлийн түвшинд хөгжихөд,  дунд үеийн уран бүтээлчдийн хөл дээрээ босоход үнэтэй хувь нэмэр оруулсан өнөөдөр 86 настай урлагийн гавьяат зүтгэлтэн А.Таяа дарга сууж байна. Манай хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, төрийн шагналт, цагийг эзэлсэн авьяаслаг жүжигчин Ц.Гантөмөр гуай байна. Эдгээр хүмүүстэй нэгэн үе дор Монголын театрыг энэ өндөр түвшинд хөгжихөд нь хүч авьяас, оюун билгээ зориулж байсан бүх ахмадуудад маань өнөөдрийн театрын ачааны хүндийг үүрч яваа залуу уран бүтээлчидтэйгээ нийлээд энэ сайхан уламжлалт ёсыг гүйцэтгэж байна. Энэ сайхан ёслолд байна гэдэг бол түрүүн манай Н.Сувдаа гавьяатын хэлдэг шиг энэ ахмадуудынхаа бидэнд өвлөсөн энэ их буян хишгийг энэ их нөмөр нөөлөг дор нь бид нар энэ театрын их түүхийг бичилцэх сайхан энергийг бид бүхэн хурааж авч байгаа буянтай ажил болж байна.

-Туулай жилийн эхний уран бүтээлээ танилцуулбал?
-Тусгаар тогтнолын сэдвээр жүжгийн уралдаан зарлаад нийт 34 зохиол ирсэн. Эдгээр бүтээлүүдээсээ бид нар сорчилж нэгдүгээр байранд орсон жүжгийн Монгол улсын Засгийн газраас хөрөнгө оруулалт гаргаж энэ олон сайхан тэгш ойнуудад зориулж манай театр хийх ёстой. Дээр нь Монголын Шекспир гэж хэлж болохоор Монголын театрын хамгийн анхны жүжигчин, анхны найруулагчдын нэг, “Учиртай гурван толгой” жүжгийг хамгийн анх найруулан тавьж байсан Монголын драмын урлагийг өдий зэрэгт хүрэхэд нь жүжгийн зохиолоор хангаж байсан анхны том зохиолчдын нэг Донровын Намдаг гэж хүний 100 насны ой болж байгаа. Энэ ойд зориулан бид нар Д.Намдаг гуайн уран бүтээлээс сорчилж  мөн тайзнаа тавина. Бас гаднаас хөрөнгө оруулалттай хийе гэсэн жүжгийн захиалгууд эхнээсээ ирж байна. “Ану хатан” жүжгийн зохиол бидэнд уншигдаж байгаа гээд хийх ажил бол зөндөө байна. 

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж