
НҮБ-ын салбар байгууллага энэ үйл явдал бусад орнуудад ч гарч болох эрсдэлтэй байгаа талаар ярилцсан байна. Хэдийгэээр хүнс, хөдөө аж ахуйн талаар дүн шинжэлгээ хийдэг шинжээчид үр тариа болон бусад таримал бүтээгдэхүүнүүд 2007-2008 онуудын ургацтай харьцуулахад хүрэлцээ нь боломжийн гэж байгаа ч энэ бол баттай мэдээлэл биш гэж ФАО үзэж байгаа юм. 2008 онд сүүлийн 30 жилийн туршид гарч байгаагүй хүнсний хомсдол үүссэнээс Бангладешаас Мексик хүртэл олон орныг хамарсан эмх замбараагүй байдал гарч, Гайти зэрэг орнуудын төр засаг ч огцроход хүрч байлаа. Энэ удаа ч мөн ийм зүйл гарахад ойрхон байгаа гэдгийг анхаарч олон улсын байгууллагууд сэрэмжлүүлж байгаа аж. Учир нь дэлхийд улаанбуудай зэрэг хүнсний гол бүтээгдэхүүнийг экспортолдог томоохон орнууд байгалийн хүндхэн бэрхшээлтэй учраад байгаа нь дэлхий нийтийн хангамжид нөлөөлөхөөр болж байгааг дээрхи хурлын үеэр дурдсан байна.
Гэтэл ФАО-ийн энэ хуралдаан хуралдаж байх тэр өдөр буюу өнгөрөгч долоо хоногийн пүрэв гарагт ОХУ үр тарианы экспортод тавьсан хоригоо 2011 оны 11-р сар хүртэл сунгахаар болсноо зарлав. Энэ мэдэгдлийн дараа хүнсний хангамж нь импортоос хамаардаг олон улс орны хувьд нөхцөл байдал гурван жилийн өмнөхтэй адил таагүй байдал үүсгэж болзошгүй нь хэмээн айн сандарцгааж эхэлжээ. Орос улс өнөөдөр улаан буудайн экспортоор дэлхийд эхний дөрөвт /бусад таримал ургамлуудыг оролцуулсан дүнгээр зургаад /орохоор томоохон ханган нийлүүлэгч болж байгаа аж. Тус улсын үр тарианы экспортын хориг нь байнгын худалдан авагч нь байсаар ирсэн Ойрхи дорнод болон хойд Африкийн улс орнуудыг хүнд байдалд оруулж байна. Тэдгээр улсууд одоо Европ болон АНУ-д хандаж үр тариа экспортлохыг хүсэж байгаа юм. Энэ нь ФАО-ийн гишүүн орнуудын улам бүр өсөж байгаа хүнсний хангамжийн эрэлтийн дарамтад улам ч нэрмээс болж байгаа гэнэ. Ром хот дахь ФАО-ийн төв удирдлагын ажилтан Аббасиан хэлэхдээ, “Оросын үр тарианы хангамжгүйгээр хоёр жилийг давна гэдэг тун хэцүү” гэж тодорхойлсон байна. Мөн Өмнөд Африк дахь аюулгүй байдлын судалгааны мэрэгжилтэн Жеки Сильерс, “ Энэ бүхэн Африкийн улс төрийн удирдлагад цэргийнхэн гарч ирэхэд хүргэж байгаа юм” гээд гурван жилийн өмнөх хямрал давтагдана гэхэд эргэлзэх хэрэггүй гэсэн байна. Үүний зэрэгцээ дэлхийн үр тарианы бас нэгэн томоохон нийлүүлэгч болох Австралийн үр тариа ч байгалийн гамшигт нэрвгдэж болзошгүй байгаа бөгөөд хэрэв ийм зүйл тохиолдвол Оросын хоригоос болж учрах уршигтай нийлээд жинхэнэ хүнд байдалд орох болж байгаа ажээ.
Хүнс тарианы хомсдол үнийн хөөрөгдлийг галзууруулж байгааг дэлхийн бараг бүх улс оронд мэдэрч эхэлжээ. Энэ оны эхний сарын үнэтэй харьцуулахад Европын зах зээл дээрхи улаанбуудайн нэг тоннын үнэ 70 хувь нэмэгдсэн байгаа юм. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар нэг тонн улаанбуудай 231,5 евро болж байгаа бөгөөд харин хоёр сарын өмнө 236 евро болж байсан билээ. Оросын төв банкны удирдлагаас хийж байгаа мэдээллийг харвал тус улс дахь хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт 0,9 хувиар нэмэгдсэн дүнтэй байна.
Мэдээж энэ нь Орост саяхан болоод өнгөрөсөн хуурайшилттай холбоотойгоор үр тарианы нөөц багассанаас үүдэлтэй. Зөвхөн наймдугаар сарын дүнгээр бодоход Орос улс нийт ургацынхаа гуравны нэгийг нь алдаад байгаа гэнэ. Энэ мэдээллийг сонссон оросууд урт хугацаагаар хадгалах боломжтой бүх барааг хуу хамсан гэж худалдааны салбарынхан хэлцгээж байна. Юуны өмнө өргөн хэрэглээнд байдаг гурвалжин будааны үнэ 31,4 хувиар нэмэгдсэн төдийгүй дэлгүүрийн лангуун дээрээс нэгмөсөн алга болжээ. Бүр Оросын ерөнхийлөгчя Медведев хүртэл өөрийн биеэр хайгаад олоогүй гэдэг. Тэрээр өнгөрсөн долоо хоногт ган гачигт хамгийн их нэрвэгдсэн Воронежийн дэлгүүрүүдээр явж хүнсний барааны үнэ болоод хүртээмж ямар байгаатай танилцах аялал хийжээ. Аялалын үеэр Оросын ерөнхийлөгч үр тарианы хориг тавих асуудлыг үгүйсгэсэн үг хэлсэн нь олны анхаарлыг татаж байсан ч Засгийн газар нь нэгэнт зарласан тул ингэж авирласныг нь сонгуулийн өмнөх улстөрийн үйлдэл байсан байж болох талаар хэвлэлүүд бичиж байна. Ямартай ч улстөрийн халалтыг хүлээлгүй хойд хөршийн үнийн халалт хэдийнээ эхэлчихээд байгаа аж. Гурилын үнэ гэхэд 10,8 хувийн өсөлттэй байгаа бол, талх хоёр хувиар,сүү сүүн бүтээгдэхүүн дөрвөн хувиар тус тус нэмэгдээд байгаа билээ. Тэгэхдээ оны эцэс гэхэд Орос улс өөрийн асуудлаа бүрэн зохицуулах боломжтой хэмээн ерөнхийлөгч Медведев улс орноороо аялж нөхцөл байдалтай газар дээр нь танилцсаныхаа дараа хэлсэн байна. Харамсалтай нь Орос зөвхөн өөрийн дотоодын хүнсний хангамжийг шийдэж бусдын талаар санаа тавих боломжгүй гэсэн нь дэлхий нийтийн хүнсний хангамжид аюул учруулах нь ойлгомжтой болов. Гурван жилийн өмнө хөгжиж байгаа орнуудыг түйвээсэн хүнсний хомсдол энэ жил дахин учирна гэдэгт ФАО зэрэг олон улсын нэр хүндтэй байгууллагууд ч эргэлзэхгүй байгаа билээ.
Дэлхийд үр тарианы экспортоор тэргүүлэгчид:
2010 оны дүн мэдээ: (сая тонн)
1. АНУ – 80.2 / 29.7 %
2. Европын холбоо – 24.1 / 8.9 %
3. Канад – 21.6 / 8 %
4. Украйн – 20.4 / 7.6 %
5. Аргентин – 20.2 /7.5 %
6. ОХУ – 19.6 / 7.3 %
7. Австрали – 18.3 /6.8 %
8. Тайланд – 10.5
9. Казахстан – 7.9
Хамгийн их хэмжээгээр импортлогчид :
1. Япон – 25.5
2. Мексик – 14.4
3. Египет – 14.3
4. БНСУ – 12.6
5. Саудын Араб – 12