Ариун сүмд заларсан “Алтан үе”-ийхний золголт боллоо

Хуучирсан мэдээ: 2011.02.07-нд нийтлэгдсэн

Ариун сүмд заларсан “Алтан үе”-ийхний золголт боллоо

Монголын соёл урлагийн “ариун сүм” өнөөдөр хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Драмын эрдмийн театрын хамт олон цагаан сарын шинийн тавны билэгт сайн өдөр “Алтан үе”-ийн ахмадуудаа  хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг сайхан уламжлалтай билээ. Энэ л тайзнаа хүч, хөлдөлмөр, оюун ухаанаа заран ард түмний хүндэтгэл хайрыг хүлээсэн ахмадууд театрын ачааг үүрч яваа, тэдний залгамж халаа болсон дунд, залуу үеийн уран бүтээлчидтэйгээ учран золгодог юм. Тэгвэл өнөөдөр театрын уран бүтээлчид, хамт олон тайз дүүргэн тухлан суусан ахмадууддаа хадаг барин золгож, сэтгэлийн үгээ хэлэн тэдний ариун сургаалийг сонсон уран бүтээлийн дээжээрээ бэлэг барин хүндэтгэл үзүүллээ. Өмнө нь драмын эрдмийн театрынхан Үндэсний дуу бүжгийн эрдмийн театрын хамт олонтой хамтран ахмадууддаа урлагийн тоглолт хүргэдэг байсан бол энэ удаад театрын  залуу уран бүтээлчид өөрсдийн бэлтгэсэн урлагийн үзүүлбэрээр бэлэг барин ахмадууддаа баярлуулсан юм. Мөн анх үүссэн цагаас нь драмын театрын хамт олонтой хамт байсан  Хүүхэлдэйн театрын ахмадуудыг энэ үеэр мөн хүлээн авсан.

Драмын эрдмийн театрын 80 жилийн ой энэ жил тохиож байгаа бол өнөөдөр энэхүү тайзнаа хүрэлцэн ирсэн хамгийн  ахмад гавьяат жүжигчин Лха.Долгор гуай 89 насыг зоогложээ. Мөн тус театрын даргын албыг 30 гаруй жил хашихдаа энэ театрыг академик театр болгож, мэргэжлийн төвшинд хүргэн  дунд үеийн уран бүтээлчдийг хөл дээрээ босоход нь үнэтэй хувь нэмэр оруулсан, өдгөө 86 нас зооглоод буй  урлагийн гавьяат зүтгэлтэн А.Таяа дарга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, төрийн шагналт, цагийг эзэлсэн авьяаслаг жүжигчин Ц.Гантөмөр, Ардын жүжигчин П.Цэрэндагва, Д.Мэндбаяр, Н.Сувд, Г.Мягмарнаран гээд олон сайхан авьяастнууд маань энэ л тайзнаа хуран чууллаа. Монголын театрыг өндөр төвшинд хөгжихөд нь хүч авьяас, оюун билгээ зориулж байсан бүх ахмадуудад маань өнөөдрийн сайхан уламжлалт уулзалт, шинэлгээг хийж, сэтгэл өндөр байлаа.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж