Есөн монгол залуу хоригджээ

Хуучирсан мэдээ: 2011.02.07-нд нийтлэгдсэн

Есөн монгол залуу хоригджээ

Энэ сарын 4-нд Лондон хотын захын дүүрэгт байрлах “pub”-д цагаан сар тэмдэглэж байсан монголчууд сархадаа хэтрүүлэн хэрэглэснээр зодоон цохионоор өндөрлөж, есөн монгол залуу хоригдож, нэг монгол эмэгтэй маш хүнд гэмтжээ. Энэ талаар Англи Лондон хотод суугаа Их Британы Оюунлаг Бүтээлч Залуучуудын Клубын гишүүн Б.Буянбатаас тодруулаа.

-Сар шинийн баяраа хаана тэмдэглэж байсан, юунаас болж зодоон, цохион гарсан бэ?
-Энэ сарын 4-н Англид байдаг залуус нийлж, цагаан сарын баяраа хотын захын дүүрэгт байрлах монгол эзэнтэй нэгэн бааранд тэмдэглэж байгаад архиа хэтрүүлснээс үүдэлтэй зодоон цохион болсон. Өнгөрөгч баасан гаригийн орой Лондонгийн цагаар 03.00 цагийн үед зодоон цохионоос болж нэг нь хүнд гэмтэж, есөн монгол залууг цагдаа нар аваад явчихлаа гэж мэдээлэл ирсэн.

-Одоо тэдгээр залуус хоригдсон хэвээр байгаа юу, эмэгтэйн биеийн байдал ямархуу байгаа бол?

-Тийм. Хамгийн гол нь тэдгээр есөн залуу амьдрахын эрхээр хараар амьдарч байсан, визээ сунгуулаагүй гэх мэтээр асуудал их хүнд байгаа. Лондонд байгаа монголчуудадаа хууль эрх зүйн зөвлөлгөө өгч, ажилладгийн хувьд Элчин сайдын яаманд хандаад байгаа. Хүнд гэмтэл авсан эмэгтэй мөн адил хараар амьдарч байгаа болохоор хүнд байна. Өөрөө хэл мэдэхгүй болохоор би эмнэлэгт сахиж байна. Эм, эмчилгээний зардал ч нилээд гарах бололтой. Энэ эмэгтэйн нөхөр одоо есөн залуучууд дунд хоригдож байгаа.

-Манай Элчин сайдын яамнаас ямар хариу өгсөн бэ?
-Цагаан сар болж байгаа болохоор завгүй байна гэсэн хариулт өгөөд байгаа. Өглөө хоригдсон монголчууд дээрээ очиж уулзаад, дахиад Элчин сайдын яамныхантай уулзана даа. Тухайн улсын хуулиар ямар ял, хэдэн жилээр эдлүүлэх зэргийг юу ч мэдэхгүй хэл усгүй улсууд байгаад би их эмзэглэж байна.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж