Тоглолтын дараа Дурант “Бидний цорын ганц сонголт бол алтан медаль байсан. Нэгдсэн улсад аваргын алтан медалийг эргүүлэн авчирсандаа баяртай байна” хэмээн ярьжээ.
Финалын тоглолтод Дурантаас гадна “ЛА Лейкерс”-ийн оддын нэг Ламар Одом 15 оноо, 11 удаагийн самбараас бөмбөг авалт авч, багтаа хувь нэмрээ оруулсан байна.
Коби Брайнт, Леброн Жеймс тэргүүтэй NBA-ын супер одод нутагтаа амарч байх үеэр дэлхийн аварга шалгаруулах тэмцээний будагтай талбайд өрсөлдсөн АНУ-ын багийг “Б-баг” хэмээн нэрлэж, тэднийг аварга цолоо эх орондоо дахин авчирна гэдэгт олон хүн эргэлзэж байлаа. Тоглогчид өөрсдөө ч дор бүрнээ айдастай тулгарч байсан тухайгаа ярьж байв. Харин аваргын төлөөх тоглолтод ялалт байгуулсны дараа Дурант “Магадгүй энэ биднийг илүү давшингуй болгосон байх. Дэлхийн аваргад тоглоод зогсохгүй, түрүүлж, хүмүүсийн буруу байсныг ойлгуулсандаа баяртай байна” хэмээн ярьжээ.
Харин Туркийн шигшээ багаас Хедо Туркоглу 16 оноо авч, багаа манлайлсан. Хэдийгээр ялагдал хүлээсэн ч Туркийн шигшээ баг нутгийнхаа дэвжээнд түүхэн амжилтаа гаргаж, анх удаагаа дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн юм.
Мөн өчигдөр дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийн төлөө Литва улсын баг 99:88 харьцаатай Сербийн багийг хожсон бол тавдугаар байрын төлөө Аргентиний баг дэлхийн аварга цолоо хамгаалан өрсөлдсөн Испанийн багийг 86:81 харьцаатай хожжээ.