“Nokia” шинэ захиралтай болов

Хуучирсан мэдээ: 2010.09.13-нд нийтлэгдсэн

“Nokia” шинэ захиралтай болов

Дэлхийн гар утасны зах зээлд тэргүүлэгч, Финляндын Nokia компанийг удирдах шинэ гүйцэтгэх захирлаар Microsoft корпорацийн бизнесийн менежерээр ажиллаж байгаа Стефен Элопыг сонгосон байна. Ноён Элоп ийнхүү Nokia компанийг толгойлох анхны финлянд бус гаралтай эрхэм болж байгаа юм. Тэрбээр 2006 оноос хойш тус компанийн ерөнхий гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Олли-Пекка Калласвуогийн оронд Nokia-г удирдана. Калласвуогийн тухайд ажлын гараагаа Nokia-гаас эхлүүлж, 25 жил тус компанид хүчин зүтгэхдээ гүйцэтгэх захирлын албан тушаал хүртлээ дэвшиж чадсан авьяаслаг нэгэн ажээ.
Ийнхүү шинэ удирдлагатай болсноор Nokia компани стратегийн хувьд томоохон өөрчлөлтийг хийж эхэлнэ хэмээн шинжээчид дүгнэж байна. Дашрамд дурдахад, долдугаар сард компанийн удирдлагын мэдээлснээр 2010 оны хоёрдугаар улирлын ашгийн хэмжээ өмнөх оныхоос 40 хувиар буурсан бөгөөд смартфоны зах зээлд Nokia бараг л өрсөлдөөнөөс хасагдсан нь удирдлагаа шинэчлэх гол эх үүсвэр нь болжээ.
Оны эхнээс эхлэн ноён Калласвуог ажлаасаа огцруулах талаар дарамт шахалт багагүй ирж байсан бөгөөд ашгийн хэмжээ үлэмж буурсан нь түүнд өөрт нь ч хүнд цохилт болсон гэнэ.
Харин ноён Элопын тухайд энэ сарын 21-нд шинэ ажлаа хүлээн авах ажээ. Тэрбээр ердөө 20-хон сарын өмнө Microsoft корпорацийн бизнесийн хэлтсийн даргын ажилд томилогдсон юм. Тэрбээр программ хангамжийн салбарт тэргүүлэгч корпорацид удирдах албан тушаал хашихын зэрэгцээ Juniper Networks, Adobe Systems болон Macromedia-д томоохон албан тушаалд ажилладаг байна.
Nokia компанийг дөрвөн жилийн турш толгойлсон ноён Калласвуогийн тухайд ажлаасаа огцорсон ч компанийн орлогч захирлаар ажиллах бөгөөд 18 сарын цалинтай тэнцэхүйц хэмжээний мөнгө буюу нийт 4,6 сая еврогийн нөхөн олговор авах гэнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж