Хуучирсан мэдээ: 2010.09.13-нд нийтлэгдсэн

Монголын бахархал

Өнгөрсөн долоо хоног спортын гэж онцолж болохуйц өдрүүд байлаа. Жүдочид Японд, чөлөөтийнхөн Орост, шатарчид Туркт гээд Монголын спортын итгэл найдварууд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүч, оюунаа сорилоо. Өмнө нь ийм тохиол ховор байсан байх. Москвагаас, Японоос, Туркээс ялалт, ялагдлын баяр, гунигтай мэдээ минут секундын зайтай Монгол руу нисч байв. Дэлхийн дэвжээ гэдэг тамирчин хүн бүрийн очих, очоод медаль зүүх тийм амар талбар биш ээ. Итгэл найдвар хүлээлгэж байсан тамирчдын маань зарим тэр их тэмцэл дундаас харахад  халшрам ялагдлын гашууныг амссан ч дэлхийн шилдгүүдийн жилдээ нэг ирдэг их тулаанаас манайхан ганзага дүүрэн ирлээ. Нэг уншигч сэтгэгдлээ бичсэн байна лээ, “Монголчуудаас долоо хоног бүр дэлхийн аварга төрөөд, спорт хөгжиж байна. Спорт хөгжинө гэдэг улс хөгжсөний нүүр царай” гэж. Үнэн байх аа. Дэлхийн тэртээ хязгаарт эх орон, ард түмэн, анд нөхдийнхөө итгэл, сэтгэлийг үүрэн, МОНГОЛ хүнээрээ бахархаж омогших гайхалтай мэдрэмж төрүүлсэн бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аварга С.Батцэцэг, Шатрын оюутны дэлхийн аварга Б.Мөнгөнтуул, оюун ухааны оргилд тэмүүлсэн Оюутны дэлхийн аварга шатарчдын багийнхандаа, жүдо бөхийн дэлхийн аваргын хүрэл медалийг ижилсүүлэн зүүж ирэх Х.Цагаанбаатар, М.Бундмаа нартаа, бусад бүх тамирчиддаа их спортын зам нь дардан, шулуун байхыг ерөөе.

С.Батцэцэг-35 жил хүлээсэн аварга

ОХУ-ын нийслэл Москва хотноо энэ сарын 6-12-ны өдрүүдэд Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо /FILA/-ны чөлөөт, сонгомол бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өнгөрлөө. Энэ удаагийн дэлхийн аваргад манай улсаас эрэгтэй долоо, эмэгтэй долоон жинд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон юм. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 6-ны өдөр сонгомол бөхийн барилдаанаар нээлтээ хийж, эхний хоёр өдөр сонгомол бөхийн төрөлд дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медалийн эзэд тодорсон бол гурав дахь өдөр буюу 8-наас Монголын баг тамирчид маань тэмцээнээ эхлүүлсэн.

Манай баг тамирчдын салхийг хагалж, эмэгтэйчүүдийн 48 кг-д Ц.Энхжаргал, 51 кг-д Д.Отгонцэцэг нар дэлхийн аваргын дэвжээнд хүч үзсэн ч төдий л амжилт гаргалгүй, тэмцээнээ эрт дуусгасан юм. Харин дэлхийн аваргын дөрөв дэх өдөр буюу 9-нд эмэгтэйчүүдийн 55, 59 болон 63 кг-ын жингийн барилдаан болж, С.Бямбацэрэн, С.Батцэцэг, О.Насанбурмаа нар барилдсан. Хэдийгээр С.Бямбацэрэн, О.Насанбурмаа нар тойргийн барилдаанд ялагдаж, дэлхийн аваргын дэвжээг орхисон ч 59 кг-ын жинд эх орноо төлөөлөн оролцсон Монголын залуу тамирчин С.Батцэцэг 35 жилийн дараа Монгол Улсад чөлөөтийн дэлхийн аваргаас алтан медаль авчирсан юм. Гавьяат тамирчин З.Дүвчингийн шавь тэрбээр “Хилчин” спортын клубын тамирчин бөгөөд өсвөр үе, залуучууд болон насанд хүрэгчдийн улсын аварга тамирчин юм. Тэрбээр мөн 2009 оны Ази тивийн залуучуудын аваргаас алт, 2010 оны насанд хүрэгчдийн Азийн тивийн аваргаас мөнгөн медаль хүртэж байжээ.

Харин энэ удаагийн дэлхийн аваргын 59 кг-ын жинд 22 бөх зодоглосноос ОУХМ С.Батцэцэг эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт олимпийн мөнгө, хүрэл медальт, ДАШТ-ний хошой хүрэл медальт, Канадын Тоня Линн Вербеекийг 9:6 харьцаатай ялж, удаахь барилдаанд Бразилийн Суиза да Сильваг 5:0 оноогоор дийлж, хэсгийн аваргын төлөө дэлхийн дөрвөн удаагийн аварга, Японы бөх Аяко Шодаг ялснаар аваргын алтан медалийн төлөө дэлхийн аварга, БНХАУ-ын бөх Жан Ланийг 8:0 харьцаатай илт давуу буулган авсан юм. Тэрбээр ийнхүү Монголын чөлөөт бөхийн түүхэн дэх анхны эмэгтэй дэлхийн аварга болж, бөхийн чөлөөт барилдааны түүхэнд З.Ойдов /1974, 1975/, Х.Баянмөнх  /1975/  нарын хүртсэн байсан алтан медалийн буухиаг 35 жилийн дараа үргэлжлүүллээ.

ДАШТ-ий тав дахь өдөр эмэгтэйчүүдийн 67, 72 кг, эрэгтэйчүүдийн 55 кг-ын жингийн барилдаан болж, манай улсаас Б.Одончимэг, О.Бурмаа, Б.Наранбаатар нар зодоглосон. Монгол Улсын гавьяат тамирчин Б.Наранбаатар эхний тойргийн барилдаанд хийлж, улмаар Киргизстаны бөх Михаиль Захаров 5:0 харьцаатай ялсан боловч дараагийн барилдаандаа Азербайжаны тамирчин Тохрул Асгаровт ялагдсан. Гэхдээ манай бөхийг ялсан Азербайжаны тамирчин цаашид амжилттай барилдаж, аваргын төлөөх барилдаанд шалгарсан учир Б.Наранбаатар дагах барилдаанд зодоглох эрхтэй болсон юм. Улмаар манай тамирчин Камеруны бөх Ндиве Молуа Хенри Моки, Беларусийн Ризван Гаджиев нарыг илт давуу буулган авснаар дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө Японы бөх Ясухихо Инабатай барилдсан. Харамсалтай нь, шийдвэрлэх барилдаанд манай тамирчин ялагдсанаар шагналт тавдугаар байрт шалгарсан юм. Харин манай эмэгтэй тамирчдын тухайд хоёул хоёрдугаар тойргийн барилдаанд ялагдсанаар дэлхийн аваргын дэвжээг орхисон.

Бямба гаригт буюу өчигдөр болсон барилдаанд манай улсаас 60 кг-д Э.Ням-Очир, 84 кг-д Д.Түгждорж, 96 кг-д Я.Алтантулга нар зодоглосон ч төдий л амжилт гаргаж чадалгүй, тэмцээнээ эрт дуусгасан юм. Харин энэ өдрийн гол баатар ОХУ-ын домогт бөх Бесик Кудухов байлаа. 2007 онд 55 кг-ын жинд дэлхийн аварга болж байсан тэрбээр сүүлийн хоёр жил дараалан ДАШТ-ний 60 кг-д түрүүлснээр дэлхийн аваргаас гурав дахь алтан медалиа хүртээд байна. Харин өчигдөр буюу дэлхийн аваргын сүүлчийн өдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 66, 74, 120 кг-ын жингийн барилдаан болж, аваргууд тодорсон. Манай улсаас тус гурван жинд Б.Батзориг /66 кг/, М.Мэндсайхан /74 кг/, Ж.Чулуунбат /120/ нар зодоглосон бөгөөд дугаар шилжих мөчид хэсгийн барилдаан эхлээгүй байлаа.

Шатарчид дэлхийн оюун ухааны оргилд

Швейцарийн Цюрих хотноо энэ сарын 5-12-ны хооронд үргэлжилсэн шатрын оюутны дэлхийн аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээнд оролцсон Монголын баг тамирчид багийн дүнгээр түрүүлж, аваргын алтан медаль хүртсэн бахархам амжилтын эзэд боллоо. Өмнө нь хоёр удаа багаараа хүрэл медаль хүртэж байсан Монголын шатарчид энэ удаа оюутны дэлхийн аваргад тун амжилттай оролцож, Гүржийн хүчирхэг багийг ардаа орхин, түрүүлсэн байна.

Б.Гүндаваа, Г.Эрдэнэ, Г.Мөнхгал, Г.Оргил нарын эрчүүд, Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг, Д.Янжиндулам, У.Лхамсүрэн нарын эмэгтэй шатарчдын бүрэлдэхүүнтэйгээр дэлхийн аваргад оролцсон манай шатарчид нийт 19 оноотой болсноор 0,5 онооны зөрүүгээр Гүржийн багаас илүү байж, дэлхийн аваргын алтан медаль хүртжээ. Харин гуравдугаар байрт ОХУ-ын шатарчид шалгарсан байна. Түүнчлэн эмэгтэйчүүдийн төрөлд их мастер Б.Мөнгөнтуул долоон оноогоор түрүүлж, оюутны дэлхийн аварга болсон байгаа. Тэмцээн эхлэхэд чансаагаараа тэргүүнд бичигдээд байсан их мастер Б.Мөнгөнтуул сүүлийн буюу ес дэх өргийн өмнө 0,5 онооны давуу байсан юм. Улмаар сүүлийн тоглолтод Индонезийн шатарчинтай цагаанаар тоглож, хожсоноор алтан медалийн эзэн болсон.

Манай бусад шатарчдын амжилтын тухайд эмэгтэйчүүдээс Т.Батчимэг наймдугаарт, У.Лхамсүрэн 15-рт, Д.Янжиндулам 18-р байрт тус тус бичигдсэн бол эрэгтэйчүүдээс Б.Гүндаваа дөрөвдүгээр байрт, Г.Мөнхгал 23-рт, Г.Эрдэнэ 36-рт, Г.Оргил 55-рт жагсчээ.

Жүдочид түүхэндээ дэлхийн аваргын зургаан медальтай боллоо

Жүдо бөхийн өлгий Японы нийслэл Токио хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах 27 дахь удаагийн тэмцээн үргэлжилж байна. Энэ сарын 9-нд эхэлсэн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үнэмлэхгүй жингийн барилдаан өнөөдөр болж, аваргууд тодорсноор 2010 оны ДАШТ хаалтаа хийх учиртай.
Дэлхийн 111 орны 851 жүдоч оролцож, оролцогчдынхоо тоогоор рекорд тогтоосон энэ жилийн дэлхийн аваргад манай улсаас эрэгтэй 16, эмэгтэй ес, нийт 25 жүдоч зодоглож байгаа юм. ДАШТ 9-ний өдөр хүнд жингийн барилдаанаар нээлтээ хийж, манай улсаас эрэгтэйчүүдийн +100 кг-д А.Давааням, Б.Сугаржаргал, -100 кг-д Н.Түвшинбаяр, Б.Тэмүүлэн, эмэгтэйчүүдийн +78 кг-д Д.Цэрэнханд, -78 кг-д П.Лхамдэгд нар барилдсан.
Олимпийн наадмаас хойш анхны дэлхийн аваргад оролцсон Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр хэсгийн барилдаанд сайн барилдаж, өрсөлдөгчдөө ээлж дараалан цэвэр ялснаар хэсгийн аварга болсон ч Голландын бөхөд юүко үнэлгээгээр ялагдсанаар хүрэл медалийн төлөө барилдах болсон юм. Улмаар медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд манай тамирчин Францын жүдоч Тьерри Фабред ялагдсанаар медалийн тавцанд гарч чадалгүй, шагналт тавдугаар байрын эзэн болсон. Мөн тус жинд зодоглосон Б.Тэмүүлэн эхний барилдаандаа ОХУ-ын бөх Зафар Махмадовт ялагдсанаар тэмцээнээ орхисон юм.Түүнчлэн энэ өдрийн барилдаанд Д.Цэрэнханд хэсгийн аваргын төлөөх барилдаанд Японы бөх Маки Цүкадад ялагдсанаар дагах барилдаанд зодоглож, БНСУ-ын жүдоч Ким На-Ёнд ялагдаж, медалийн төлөө барилдах боломжгүй болсон юм. Дэлхийн аваргын эхний өдөр өрсөлдсөн манай бусад жүдочдын тухайд +100 кг-д А.Давааням, Б.Сугаржаргал нар эхний барилдаандаа ялагдсан бол -78 кг-д П.Лхамдэгд мөн л эхний барилдаандаа ялагдсанаар дэлхийн аваргыг дэвжээг орхисон юм.

ДАШТ-ий хоёр дахь өдөр манай улсаас эрэгтэйчүүдийн 90 кг-д Э.Энхбат, Б.Ариун-Эрдэнэ, 81 кг-д Д.Нямхүү, О.Ууганбаатар, эмэгтэйчүүдийн 70 кг-д Ц.Нарангэрэл нар дэлхийн аваргын татамид хүч сорьсон боловч төдий л амжилт гаргаж чадалгүй, тэмцээнээ эрт дуусгасан. Харин гурав дахь өдөр буюу 11-нд эрэгтэйчүүдийн 73 кг-д С.Ням-Очир, Г.Пүрэвдорж, эмэгтэйчүүдийн 63 кг-д Ц.Мөнхзаяа, С.Энхзаяа нар, мөн эмэгтэйчүүдийн 57 кг-д Т.Баттөгс нар өрсөлдсөн. 63 кг-ын жингийн төлөөлөгч Ц.Мөнхзаяа, С.Энхзаяа нар эхний барилдаандаа ялагдсан бол 57 кг-д Т.Баттөгс хоёр ялж, нэг ялагдсанаар тэмцээнээ дуусгасан юм. Харин С.Ням-Очир хэсгийн барилдаанд гайхалтай байж, тав дараалан ялснаар хэсгийн аварга болсон боловч Голландын бөхтэй хийсэн барилдааны үеэр тохойгоо мулталснаар шүүгч өрсөлдөгч бөхөд шууд ялалт өгсөн. Хэрэв манай тамирчин ялсан бол аваргын төлөө барилдах байлаа. Нэгэнт гэмтэл авсан учир С.Ням-Очир хүрэл медалийн төлөөх барилдаанд ч зодоглох боломжгүй болсон нь үнэхээр харамсмаар хэрэг байв. Тэрбээр ийнхүү дэлхийн аваргын шагналт тавдугаар байрт шалгарсан. Мөн түүний хамт 73 кг-д хүч сорьсон Г.Пүрэвдоржийн тухайд эхний тойрогт хийлсэн ч, хоёрдугаар тойргийн барилдаанд ялагдсанаар энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг өндөрлүүлсэн юм.

Харин өчигдөр манай тамирчдаас эрэгтэйчүүдийн 66 кг-д Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа, 60 кг-д Д.Төмөрхүлэг, Д.Амартүвшин, эмэгтэйчүүдийн 52 кг-д М.Бундмаа, 48 кг-д М.Уранцэцэг, Б.Бат-Эрдэнэ нар зодоглосноос Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, М.Бундмаа нар хүрэл медаль хүртэж, нутаг нэгтнүүдээ баярлууллаа.
Ийнхүү Монголын жүдочид түүхэндээ дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс зургаа дахь медалиа хүртээд байна. Х.Цагаанбаатарын хувьд насанд хүрэгчдийн дэлхийн аваргаас хоёр медаль хүртсэн Монголын анхны жүдоч болж байгаа бол М.Бундмаа ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын хоёр дахь эмэгтэй жүдоч болж байна.

Жүдо бөхийн ДАШТ-ээс медаль хүртэж байсан Монголын тамирчид:

1. О.Балжинням: 1989 оны ДАШТ-ээс мөнгөн медаль
2. Д.Баттулга:  1989 оны ДАШТ-ээс хүрэл медаль
3. Х.Эрдэнэт-Од:  2005 оны ДАШТ-ээс хүрэл медаль
4.Х.Цагаанбаатар: 2009 оны ДАШТ-ээс алтан медаль
5.М.Бундмаа: 2010 оны ДАШТ-ээс хүрэл медаль
6. Х.Цагаанбаатар: 2010 оны ДАШТ-ээс хүрэл медаль

С.ШҮР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж