
Энэ тухай Хойд Солонгосын Цахилгаан мэдээний төв агентлагаас (ЦМТА) иш татан Reuters дамжуулсан байна. ЦМТА-гийн мэдээнд өгүүлснээр БНАСАУ-ын Улаан загалмайн салбарын тэргүүн Өмнөд Солонгосын салбарын тэргүүнд хандан хагацан тусгаарлагдсан гэр бүлийн гишүүдийн уулзалтыг хилээс хойш орших Кымгансан гэх уулын амралтад хийх санал хүргүүлжээ.
Reuters-ийн тэмдэглэснээр, Өмнөд Солонгосын салбар хойд хөршийн саналын талаар Засгийн газартайгаа ярилцах гэнэ. Өнгөрсөн гуравдугаар сард “Чхонан” гэх Өмнөд Солонгосын эргүүлийн хөлөг онгоцыг живүүлснээс хойш хурцадсан хоёр орны хоорондын харилцаанд дээрх санал чухал үүрэгтэй байх болно.
Хойд Солонгос хөлөг онгоцыг нь торпедаар харван живүүлсэн гэж Сөүл үздэг бол Хойд Солонгос үүнийг эрс үгүйсгэж байгаа юм.
Өмнөд Солонгосын олон нийтийн нэгэн санал асуулгаар энэ хэрэгт Хойд Солонгос хамаатай гэж гурван хүний нэг нь үзэж байгаа ажээ. Өдгөө хоёр Солонгос 1950-1953 оны дайнаасаа хойш албан бусаар дайны байдалд байгаа ба эвлэрлийн гэрээ байгаагаас биш энхийн гэрээ хийгээгүй.