Холын зайн гүйлтийн тэмцээн боллоо

Хуучирсан мэдээ: 2010.09.12-нд нийтлэгдсэн

Холын зайн гүйлтийн тэмцээн боллоо

Шри Чинмойн марафоны багаас санаачлан нийслэлийн Биеийн тамир спортын газартай хамтран “Өөрийгөө ялах” нэртэй  12 ба 24 цагийн гүйлтийн тэмцээнийг “Төв Цэнгэлдэх хүрээлэн”-д зохион байгууллаа. Зургаа дахь жилдээ зохиогдож буй уг тэмцээн өчигдөр эхэлсэн бөгөөд гүйгчид Төв цэнгэлдэхийн гадна талбайд нэг км урттай тойрог замаар гүйж өрсөлдлөө. Тэмцээнд Шри Чинмойн марафоны баг, Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо, Биеийн тамир спортын Ажнай клуб, Үндэсний биеийн тамирын дээд сургууль зэрэг байгууллагын 30 гаруй тамирчид хурд хүчээ сорив. 

Уг тэмцээнийг зохион байгуулсанаар хэт холын зайн гүйлтийг олон улсын хэмжээнд нийцүүлэн хөгжүүлэх, гүйлт сонирхогчдын тоог нэмэгдүүлэх, өсвөр залуу үеийнхэнд тэсвэр хатуужилтай болох, өөрийн дотоод нөөц боломжийг нээх зэрэг бие бялдрын болон оюун санааны өв тэгш хүмүүжил төлөвшүүлэх зорилготой аж.Тэмцээний 24,00 цагийн гүйлтийн гараа өчигдөр 10,00 цагаас эхэлсэн бол 12 цагийн гүйлтийн  гараа мөн өдрийн 22,00 цагт эхэлж, өнөөдөр  10,00 цагт өндөрлөлөө.

Тамирчид 18-49 нас болон 50 дээш насны  гэсэн ангиллаар тэмцээнд оролцож, 24 цагийн холын зайн гүйлтэд эрэгтэй 121 км,  эмэгтэй 118 км –ийн зам тууллаа. 12 цагийн холын зайн гүйлтэд залуусын ангилалд эрэгтэй 92 км, эмэгтэй 73 км туулсан бол, ахмад насны ангилалд эрэгтэй 83 км, эмэгтэй 57 км туулж ялалт байгууллаа.

Сонирхуулахад, 12 цагийн Монгол Улсын рекорд эрэгтэй ангилалд 115 км, эмэгтэй ангилалд 93 км, 24 цагийн эрэгтэй ангилалд 168 км, эмэгтэй ангилалд 143 км байдаг аж. Харин Дэлхийн рекорд эрэгтэй ангилалд 303 км, эмэгтэй ангилалд 273 км  юм байна.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж