
Тэрбээр ахан дүүсийн харилцаатай Солонгос улсын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэмлэгийн хамт олонд сайхан сэтгэл өвөрлөн ирж монголчуудын эрүүл мэндийг сахин хамгаалахад хувь нэмэрээ оруулж, цөөн хоногт ч гэсэн цаг завгүй шуурхай ажилласанд талархаж байгаагаа илэрхийллээ. Мөн Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэмлэгтэй хамтран ажиллаж тэдний ахуй амьжиргааг дээшлүүлэхэд зориулж сургалт зөвлөгөө өгч, үлгэр дууриал болж байгааг талархаж буйгаа илэрхийлэхийн хамт цаашдын харилцаа хамтын ажиллагаа улам өргөжин тэлнэ гэдэгт итгэж байна гэсэн юм.
БНСУ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэмлэгийн сайн дурын эмч нар гурав хоногийн турш нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Толгойт, Баянхошуу, Өнөр хорооллын өрхийн эмнэлэг амбулаториудад тодорхой хуваарийн дагуу үзлэг хийжээ. Тэд энэ хугацаанд тус дүүргийн нийт 700 орчим хүнийг үзэж оншилж, эм тариагаар хангаж, эрүүл мэндийн зөвлөгөө өгсөн байна.