
Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр болж, 13 асуудал хэлэлцлээ. Тус хуралдаанаар шүүгч С.Пүрэвсүрэнг Архангай аймгийн шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд, Б.Тунгалагсайханыг Баянхонгор аймгийн шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд, Н.Батчимэгийг Дорноговь аймгийн шүүхийн шүүгчийн албан тушаалд, Э.Халиунбаярыг Говьсүмбэр аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн албан тушаалд, Л.Баатар, Б.Түмэнцэцэг нарыг Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтоол гаргажээ.
Түүнчлэн Сэлэнгэ аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн шүүгч Ш.Нацагдоржийн шүүгчийн бүрэн эрхийг сэргээх болон Дорнод аймаг дахь сум дундын шүүхийн шүүгч Х.Санжидмаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлж, чөлөө олгох тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр боллоо.
Х.Хангал