
Наймдугаар богд Жибзундамбын ач охин болох Ж.Сүхбаатар, Г.Дэмид жанжны ач охин Б.Ичинхорлоо нарын зэрэг түүхэнд нэрээ мөнхөлсөн алдартай хүмүүсийн үр сад нийт 30 гаруй ахмад настан Ардчилсан намын дарга нартай сэтгэгдээ хуваалцан нийгэмд хэлмэгдлийн талаар зөв ойлголт төрүүлэх хэрэгтэй гэдэг дээр санал нэгдэв. Түүхэн кино, сурах бичиг, түүхийн ном зохиолд үнэн бодит байдлыг илт гуйвуулсан бүтээл туурвил олон байдаг ч түүнд хязгаарлалт тавилгүй гаргасаар байгаа нь хэлмэгдлийн хор уршиг, бодит түүх ирээдүйд гуйвахад хүрч байна гэж тэд онцоллоо.
Өнөө цагт ч хэлмэгдэл гарч байгаагийн сүүлийн жишээг 2008 оны долдугаар сарын 1-ний аймшигт үйл явдлын жишээгээр тэд тайлбарлаж байв. Ахмадуудаас гарсан саналыг нэгтгэн зохих шатанд нь хүргэж нийгмээ эрүүлжүүлэн ажиллах тал дээр голлон ажиллахаа Ардчилсан намынхан болон Монголын улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн холбоо илэрхийлснээр энэ удаагийн уулзалт өндөрлөв. Ардчилсан нам ахмадууддаа сэтгэлийн хандив өргөж тэднийг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Д.ОЮУН