Сайд Ё.Отгонбаяр салбарынхаа асуудлыг татжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.07-нд нийтлэгдсэн

Сайд Ё.Отгонбаяр салбарынхаа асуудлыг татжээ

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан болж, Гэр бүлийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 01 дүгээр дүгнэлтийг авч хэлэлцэн олонхийн саналаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Харин хэлэлцэх асуудлын хоёрдугаарт бичигдээд байсан “Санхүү, эдийн засгийн хүндрэлийг даван туулах боловсролын салбарын үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг буцаан татсан тухайгаа сайд Ё.Отгонбаяр өнөөдөр өглөө байнгын хорооны даргад мэдэгдсэн байна. Тиймээс уг асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэж үзэв. Санхүү эдийн засгийн хямралыг даван туулах энэхүү хөтөлбөрийг нэг жилийн өмнө Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас боловсруулан, Засгийн газарт өгсөн байна. Гэвч Засгийн газар уг асуудлыг УИХ-д оруулж ирэлгүй цаг алдсан. Нөгөөтэйгүүр уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 2010 онд 82.9 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардана. Үүний 71.8 хувийг улсын төсвөөс, 14.5 хувийг Азийн хөгжлийн банкны төсөл, хөтөлбөрийн хүрээнд санхүүжүүлж, дутагдах 11.5 тэрбум төгрөгийг бусад хөтөлбөрт тусгагдсан эх үүсвэрээс санхүүжүүлнэ хэмээн тооцоолсон байж. Гэсэн хэдий ч хөрөнгийн асуудал нэгмөр шийдэгдээгүй байгаа тул асуудлаа татахад хүргэжээ.

Мөн энэ удаагийн хуралдаанаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн батлах тухай асуудлыг авч хэлэлцэх байсан ч тодорхойгүй шалтгаанаар хойшлуулаад байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж