“Мөнхийн дайсан гэж үгүй …”

Хуучирсан мэдээ: 2010.09.10-нд нийтлэгдсэн

“Мөнхийн дайсан гэж үгүй …”

“Мөнхийн
дайсан гэж үгүй мөнхийн эрх ашиг гэж л байна”. Сүүлийн үед улс төрд
болж буй үйл явдлуудыг ажиглахад энэ үгний мэргэнийг үнэхээр гайхаад
баршгүй. Улстөрчид улаан цэнхрээрээ холилдож, МАХН нь хаанаа,  АН нь
хаанаа байгааг хичээгээд ч ойлгоход бэрх болж. Тэднийг уг нь хоорондоо
хэрэлдэж зодолдоод бай гэж хэн ч хэлээгүй л дээ. Өөрсдөө л дөрвөн жил
болоод нэг удаа бие биенийхээ харыг гайхаж, энгийн номхон иргэд биднийг
энэндээ үнэмшүүлэх гэж яддаг биз дээ.Үзэл бодол, үнэт зүйл гээд сайхан
үгээр халхавч хийн иргэдээ хуваадаг тэд эцэс сүүлд нь тэврэлдээд төгсдөг
нь үнэн юм.

 Санаж байгаа бол 2008 оны сонгуульд Ардчилсан нам
ялагдаж, дарга нь огцорч байх үед ялалтын  суугаа мандуулсан С.Баяр
дарга УИХ-ын  индэр дээрээс Ц.Элбэгдоржийг “тэмээ гэхээр ямаа ярилаа,
мэдрэл муутай бол очиж шалгуул” гээд тавлаж байсан даа. Яг энэ үгээр
хэлээгүй байж болох ч нотлое гэвэл амархан сонин шүүгээд л харж болно.
Таван хүний амиар туг тахисан 2008 оны сонгууль алсарч хоёр даргын уур
гарсан бололтой юм. Учир нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд асан хоёр саяхан
амарч явахдаа Хөвсгөл нутагт амралтын баазад тов тохирч уулзжээ.Тэдний
уулзалт Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын даргын суудал сандайлсан
Батхуяг гэгч дууны хурдаар карьер хөөгчийн  хувийн өмчид болжээ.

 
Төрийн алба залгуулж буй хүмүүс уулзаж ярих зүйл байдаг л байлгүй,
түүний буруу гэж юу байхав. Бодвол 2009 оны сонгуулиар “эрх ашиг” нь
давхацсан хоёр лидерт ярианы өөр олон сэдэв байдаг биз. Хамгийн гол нь
2013 оны сонгуульд дахин “суудал өнцөгдөж” ард түмнээ хоёр хагалах вий.
Ийм тулаанд хамгийн их үрэгддэг нь дарга нарынхаа үзэл бодол, үнэт зүйл
гэж бурсан болгонд нь үнэмшиж өмнө нь ороод “алуулдаг” хэсэг. Жихнээсээ ч
үхэхгүй л дээ. Зарим нэгнийх нь итгэл үнэмшил үхнэ, зарим нэг нь нэр
төрөөрөө тоглуулна. Экс Ерөнхийлөгчийн рекламанд тоглосон олимп дэлхийн
аварга, ардын гавъяат жүжигчдийг санаж байгаа биз дээ. Гэтэл араар нь
дарга нар “эрх ашиг” давхцах болгондоо тэврэлдэнэ. 2013 оны
Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас С.Баяр дэвших нь бараг л тодорхой биз.
Сонин хэвлэлээр намынх нь хөгшин залуу дэмжигчид “ерөнхийлөгчийн
сонгуульд дэвшээрэй” гэлээ гэсэн мэдээ гараад эхэлсэн шүү дээ. Ардчилсан
намаас бүрэн эрхээ хэрэгжүүлж буй одоогийн Ерөнхийлөгчөө мэдээж сойно.
За тэгээд таагаад үз дээ. Энд хэний эрх ашиг давхцаж, хэн хэнтэй
тэврэлдэх вэ.  
 
Д.Амина

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж