Жүдо бөхийн ДАШТ үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2010.09.09-нд нийтлэгдсэн

Жүдо бөхийн ДАШТ үргэлжилж байна

Жүдо бөхийн өлгий Японы нийслэл Токио хотноо жүдо бөхийн 27 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр хөшгөө нээлээ. IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооны 2010 дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн 111 орны эрэгтэй 541, эмэгтэй 307, нийт 848 жүдоч өрсөлдөж байгаа нь тэмцээний түүхэнд оролцогчдынхоо тоогоор рекорд тогтоож байна. Учир нь энэ жилийн дэлхийн аваргад нэг жинд нэг улсаас хоёр тамирчин оролцох боломжтой болсон юм. Түүнчлэн жүдо бөхийн үндэслэгч Жигоро Каногийн мэндэлсний 150 жилийн ой энэ жил тохиож байгаа нь жүдо бөхийн спортын түүхэн дэх онцлох үйл явдал болж байгаа юм.

Токиогийн дэлхийн аваргад манай улсаас эрэгтэй 16, эмэгтэй 9, нийт 25 жүдоч оролцож байгаагаас өнөөдөр болж буй хүнд жингийн барилдаанд буюу эрэгтэйчүүдийн -100, +100 кг, эмэгтэйчүүдийн -78, +78 кг-д манай зургаан жүдоч зодоглолоо.

Бээжингийн олимпийн наадмаас хойш анхны дэлхийн аваргадаа оролцож буй Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр энэ удаагийн тэмцээнд урамтай сайхан барилдаж, эхний тойрогтоо Сербийн бөх Предраг Будич, удаахь тойрогт Японы Кайхан Такаги, улмаар ОХУ-ын Тагир Хайбулаев, Узбекистаны бөх Уткир Курбанов нарыг дараалан ялснаар хэсгийн аварга болоод байна. Олимпийн аварга Н.Түвшинбаяр одоо олимпийн наадмын хүрэл медальт, Голландын бөх Хенк Гролтой барилдах бөгөөд хэрэв манай бөх ялбал аваргын алтан медалийн төлөө, харин ялагдвал хүрэл медалийн төлөө өрсөлдөх юм.

Мөн өнөөдөр манай эмэгтэй тамирчдаас +78 кг-д өрсөлдсөн, гавьяат тамирчин Д.Цэрэнханд Эквадорын бөх Кармен Чала, Тунисын бөх Нихель Чихроухоу нарыг цэвэр ялсан боловч хэсгийн аваргын төлөөх барилдаанд Японы бөх Маки Цүкадад ялагдсан байгаа. Гэхдээ Д.Цэрэнханд гавьяат дагах барилдаанд зодоглох эрхтэй бөгөөд БНСУ-ын жүдоч Ким На-Ёнтой барилдана. Ялсан тохиолдолд манай бөх хүрэл медалийн төлөө өрсөлдөх юм.

Өнөөдөр дэлхийн аваргын татамид зодоглосон манай бусад жүдочдын тухайд -100 кг-д хүч үзсэн Б.Тэмүүлэн эхний тойргийн барилдаанд ОХУ-ын жүдоч Зафар Махмадовт цэвэр ялагдсан бол +100 кг-д барилдсан А.Давааням мөн эхний барилдаандаа Италийн бөх Паоло Бианчессид вазари үнэлгээгээр ялагдсанаар тэмцээнээ дуусгажээ. Мөн тус жинд Б.Сугаржаргал эхний тойрогт хийлсэн боловч хоёрдугаар тойргийн барилдаанд Египетийн бөх Ислам Эль-Шехабид вазари үнэлгээгээр ялагдаад байна. Түүнчлэн эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд зодоглосон П.Лхамдэгд эхний тойргийн барилдаанд Унгарын жүдоч Абигел Жуд цэвэр ялагдсанаар энэ удаагийн дэлхийн аваргыг орхилоо.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж