Г.Наранчимэг алтан медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2011.02.07-нд нийтлэгдсэн

Г.Наранчимэг алтан медаль хүртлээ

АНУ-ын Колорадо-Спрингс хотноо жил бүр болдог олимпийн аварга Дейв Шульцийн нэрэмжит уламжлалт олон улсын тэмцээнээс Монголын тамирчид нэг алт, нэг мөнгөн медаль хүртлээ. Энэ сарын 3-5 өдрүүдэд гурван төрлөөр зохиогдсон тус тэмцээнд манай улсаас эрэгтэйчүүдийн 60 кг-д СМ Б.Баянмөнх, ОУХМ Д.Лхагвадорж, 66 кг-д ОУХМ Б.Батзориг, 74 кг-ын жинд ОУХМ Д.Гомбодорж, эмэгтэйчүүдийн 48 кг-д ОУХМ Э.Нарангэрэл, 55 кг-д ОУХМ Б.Номин-Эрдэнэ, 63 кг-д гавьяат тамирчин С.Батцэцэг, 72 кг-д ОУХМ Г.Наранчимэг нар барилдаж, Азийн наадмын аварга Г.Наранчимэг алт, дэлхийн аварга С.Батцэцэг мөнгөн медаль хүртсэн байна. Г.Наранчимэгийн тухайд аваргын төлөөх барилдаанд Канадын Лиах Каллаханг 3:2, 3:0 харьцаатай хоёр үед ялсан бол С.Батцэцэг шийдвэрлэх барилдаанд Польшийн бөх Моника Махалект гурван үед ялагдсанаар мөнгөн медалийн эзэн болжээ.

Тэмцээний дараа манай эмэгтэй бөхчүүд АНУ, Болгар, Грек, ХБНГУ-ын бөхчүүдтэй долоо хоногийн хамтарсан бэлтгэл хийж, АНУ-ын мужуудаас ирсэн эмэгтэй бөхийн багуудын тэмцээнд оролцох юм байна.

Дашрамд дурдахад, Дейв Шульцийн нэрэмжит тэмцээнд залуучуудын үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Батбаяр баг тамирчдаа ахлан дасгалжуулагчаар оролцсон бол шүүгчээр олон улсын шүүгч Ц.Сэрээтэр ажиллажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж