Ирэх жил 1.2 сая долларын нэмэлт санхүүжилт авна

Хуучирсан мэдээ: 2010.09.08-нд нийтлэгдсэн

Ирэх жил 1.2 сая долларын нэмэлт санхүүжилт авна

 “Байгаль орчны шинэчлэл-2” төслийн талаар хэлэлцэх гурван талт уулзалт өнөөдөр боллоо. Уулзалтад Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд, төслийн удирдагч Ч.Жаргалсайхан, Дэлхийн банкны Байгаль орчны төслийн зохицуулагч Тони Виттен болон төслийн ажилтнууд оролцож, 2010 оны тайлан, 2011 оны ажлын чиглэлийн талаар хэлэлцэв. Манай улсын байгаль орчны салбарт хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөрийн нэг болох “Байгаль орчны шинэчлэл” төслийн хүрээнд 2006 онд зургаан сая ам.доллар, 2008 онд таван сая ам.долларын буцалтгүй тусламжийг Нидердландын Засгийн газраас хэрэгжүүлжээ. Мөн ирэх онд 1.2 сая ам. долларын нэмэлт санхүүжилт авах үндэслэлийн талаар талууд харилцан санал солилцож, тохиролцсон юм. Энэ үеэр гурван талт хэлэлцээрийн үр дүнгийн талаар Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн байгалийн төрөл зүйлийн ахлах мэргэжилтэн Тони Виттинээс тодрууллаа.

-Нидерландын Засгийн газраас байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлж буй төслийн үр дүн ямар байгаа вэ?

-2006 оноос анх Монгол орны байгаль орчны салбарт хэрэгжүүлсэн энэхүү төслийн хүрээнд томоохон үр дүн гарч эхэлсэн. Хоёр дахь шатны төсөл гурав дахь жилдээ хэрэгжиж байна. Өнөөдрийн байдлаар 3.7 сая ам.долларын төслийн ажил хийгээд байна. Өнөөдрийн хурлаар 2011 онд нэмж авах 1.2 сая долларын санхүүжилтын үндэслэлийн талаар талууд хэлэлцэж байна. Гурван талт уулзалтын үр дүнд энэ оны төгсгөлөөр тодорхой хүсэн хүлээж байгаа үр дүнгийн хувьд томоохон хуулийн төслүүд батлагдах болов уу гэж найдаж байгаа. Энэ хүрээнд дөрвөн хуулийн төслийг олон улсын болон  Монголын талын зөвлөхүүд хамтарч ажилласан. Өнгөрсөн жил байгаль орчны менежментийн талаарх мэдээллийг сайжруулсан. Үүнээс харж байхад зөвхөн байгаль орчныг хамгаалахад донорын санхүүжилтээс гадна хувийн байгууллагын санхүүжилт байна гэдэг нь харагдаж байна. Тэгэхээр байгаль орчны талаар Хүнс, хөдөө аж ахуйн яам, Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас байгаль орчинд ямар хувь нэмэр оруулах талаар үзүүлэлт гаргаж ирвэл маш их хэрэгтэй байгаа. Дэлхийн банкны төслийн хүрээнд хийсэн судалгаагаар үзэхэд Монгол Улсад бүтээгдэж буй баялгийн 58 хувь нь байгалийн нөөц түшиглэсэн байдаг. Тэр их баялгийг уул ус, амьтан ургамал, уул уурхай гэх мэтээс олж байгаа атлаа байгаль хамгаалалд 20-иодхон тэрбум төгрөг зарцуулж байгаа. Бараг зууны нэг хувьд хүрэхтэй үгүйтэй. Тийм учраас энэ талд өөрчлөлт оруулах шинэ менежментийг судалгааны үндсэн дээр хийхээр болж байгаа нь томоохон үр дүн юм. Өнөөдөр хийж буй гурван талын уулзалт нь Нидерландын Бээжин дэх Элчин сайдын яамны төлөөлөл, БОАЖЯ, Дэлхийн банк гэсэн гурван тал 2011 онд хийх ажлаа товлох, засаглалын асуудлаа илүү анхаарсан байгаа.

-2011 онд авах 1.2 сая ам.долларын санхүүжилтийг ямар чиглэлээр зарцуулах юм бэ?

-Монгол орны байгаль орчныг хамгаалах нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр мастер төлөвлөгөө хийгээч гэдэг саналыг Нидерландын Засгийн газраас бидэнд тавьсан юм. Мастер төлөвлөгөө ямар байх ёстой, ямар хуулинд өөрчлөлт оруулах, үйл ажиллагаа явуулах төсөв төлөвлөгөө зэргийг цогц байдлаар гаргаад байна. Мастер төлөвлөгөөний эхнийх нь 2015 он хүртэл, хоёр дахь шат нь 2025 он хүртэл гэсэн байдлаар төлөвлөсөн. Ерөнхийдөө баримт бичгээ боловсруулсан байгаа. Монгол Улсын холбогдох яам, шинжлэх ухааны байгууллагын дунд өнгөрсөн долдугаар сард хэлэлцүүлэг зохион байгуулсан. Түүнээс гарсан олон санал санаачлагыг тусгасан баримт бичигт орон даяар ард түмнийг оролцуулсан хэлэлцүүлэг хийхээр таван бүсэд хуваагаад байгаа. Энэ хүрээнд энэ сарын 13-15-нд Ховд аймагт, 16-18-нд Өмнөговь аймагт, 22-24-нд Дорнод аймагт, гэх маягаар Булган, Дархан-Уул аймагт хэлэлцүүлэг өрнүүлэн, гарч ирсэн үр дүнг нэгтгээд мастер төлөвлөгөөний бодлогын баримт бичиг бэлэн болох юм.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж