
“Азийн хөх тэнгэр” Азийн урлагийн 25 дахь удаагийн олон улсын үзэсгэлэн энэ сарын 15-нд албан ёсны нээлтээ хийх бөгөөд Азийн 12 орны 140 гаруй уран бүтээлчид оролцох юм. Үзэсгэлэнг Боловсрол соёл, шинжлэх ухааны яам, Азийн уран бүтээлчдийн холбоо, Монголын уран зургийн галерей хамтран зохион байгуулна. Энэхүү олон улсын үзэсгэлэнгээр зураач, уран бүтээлчид дэлхий нийтэд байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдаж буй гашуун үйл явдлыг дүрслэх урлагаар дамжуулан харуулж, олон нийтэд ойлгуулан, эх дэлхийгээ хайрлан хамгаалах сэтгэлийг бадраах зорилготой юм.
Энэ талаараа Монголын уран зургийн галерейн захирал А.Чадраабал хэлэхдээ “Азийн урлагийн 25 дахь олон улсын наадам “Азийн хөх тэнгэр” уриан дор болох бөгөөд манай улсаас дэлхийд уран бүтээлээрээ танигдсан шилдэг 40 гаруй уран бүтээлч оролцоно. Мэдээж зохион байгуулагч орон учир хамгийн олон уран бүтээлч оролцож байгаа орон нь Монгол юм. Харин Япон, БНХАУ, БНСУ-аас тус бүр 20 уран бүтээлч оролцох бол бусад орноос 5, 10, 15 зураач гээд янз бүрийн бүрэлдэхүүнтэй ирэх юм байна. Үзэсгэлэнд зориулсан үйл ажиллагаа энэ сарын 13-наас эхлэх бол 15-нд үзэсгэлэнгийн албан ёсны нээлт болох юм. Үзэсгэлэн хоёр сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд гадны уран бүтээлчид 14-нд Монголд ирнэ” гэв.
“Азийн хөх тэнгэр” Азийн урлагийн 25 дахь удаагийн олон улсын үзэсгэлэнд оролцож буй уран бүтээлчид 2009, 2010 онд бүтээсэн шилдэг бүтээлээр оролцохоороо онцлог. Үзэсгэлэнд Монгол, Япон, БНХАУ, БНСУ, Индонез, Малайз, Филлипин, Сингапур, Тайланд, Хонг Конг, Тайвань, Австрали зэрэг 12 орны зураач, уран бүтээлчид бүтээлээрээ оролцох юм байна. Үзэсгэлэнг нээж, Монгол Улсын Ерөнхий сайд Сү.Батболд үг хэлэх аж. Үзэсгэлэнг сонирхохыг хүсвэл 3000 төгрөгөөр тасалбар худалдан авах бөгөөд тасалбарыг Монголын уран зургийн галерей болон явуулын кассаар худалдах юм байна. Сонирхуулахад, тус үзэсгэлэнг анх 1985 онд Өмнөд Солонгос, Япон хоёр орны уран бүтээлчид хамтран зохион байгуулж байсан бөгөөд 1995 онд Азийн уран бүтээлчдийн холбоо байгуулагдсанаар бусад улс орныг элсүүлэн, Азийн урлагийн олон улсын үзэсгэлэн хэмээн нэрлэх болжээ.