Монгол, Германы зөвлөлдөх уулзалт болов

Хуучирсан мэдээ: 2010.09.08-нд нийтлэгдсэн

Монгол, Германы зөвлөлдөх уулзалт болов

Монгол-Германы Эдийн засгийн бодлогын дөрөвдүгээр зөвлөлдөх уулзалт өнөөдөр Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд боллоо. Зөвлөлдөх уулзалтад ГХЯ, ЗТБХБЯ, ҮХШХ, СХЗГ зэрэг яамд, агентлагийн төлөөлөгчид, Германы талаас Холбооны Эдийн засаг, технологийн яамны төлөөлөгчид,оролцож, хоёр орны эдийн засгийн хөгжлийн өнөөгийн байдал болон хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.

Манай улс газрын ховор элементүүдийг боловсруулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлох,  өндөр технологийн үйлдвэрлэл, ялангуяа өндөр технологийн дэд бүтэц, санхүүжилтийн тогтолцоог хөгжүүлэхэд Герман Улстай хамтран ажиллах, германы шилдэг технологи, ноу-хау нэвтрүүлэх хүсэлтээ илэрхийлэв. 

Түүнчлэн барилга, зам, тээвэр зэрэг дэд бүтцийн салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцож, манай улсад хэрэгжүүлэхээр төлөвлөж буй дэд бүтцийн томоохон төслүүдийн талаар мэдээлэл өгөхийн сацуу  энэхүү томоохон бүтээн байгуулалтын ажилд германы компаниудыг идэвхтэй оролцохыг уриалав. Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн Европын стандарт, хэм хэмжээг Монголд нэвтрүүлэх зорилтын хүрээнд манай Стандартчилал, хэмжил зүйн газар болон Германы Стандартын хүрээлэн, Холбооны Физик, техникийн газартай хамтран ажиллахаар болсон байна.

ХБНГУ-ын Засгийн газрын “Эх орондоо эргэн ирэгсдийг дэмжих хөтөлбөр”-т манай улсыг хамруулдаг. Монгол Улсын Засгийн газраас хилийн чанад дахь өндөр боловсролтой Монгол Улсын иргэдийг улс орны бүтээн байгуулалтад оролцуулах зорилгоор хэрэгжүүлж байгаа “Зөгийн үүр” хөтөлбөрт дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллахыг хүсэв.  Талууд Зөвлөлдөх уулзалтын үр дүнгийн талаар хамтарсан протоколд гарын үсэг зурав. Мөн Монгол-Германы эдийн засгийн бодлогын дараагийн зөвлөлдөх уулзалтыг  2011 онд Берлин хотноо зохион байгуулахаар тохиролцсон тухай Гадаад харилцааны яамны Олон нийттэй хартилцах газраас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж