
Олон улсын оюутны спортын холбооноос энэ сарын 7-12-ны өдрүүдэд Тайваньд бадминтоны оюутны дэлхийн аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээнийг зохион байгуулж байна. Тайванийн Биеийн тамирын их сургуулийн танхимд үргэлжилж буй тус тэмцээнийг ОУОСХ-ны Гүйцэтгэх хорооны төлөөлөгч, Английн иргэн Одель Алисон удирдан явуулж байгаа юм. Харин Хяналтын төлөөлөгчөөр Азийн оюутны спортын холбооны Гүйцэтгэх хорооны гишүүн, МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан бусад хоёр гадны төлөөлөгчийн хамт ажиллаж байна.
Оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 27 орны эрэгтэй, эмэгтэй 250 орчим багийн тамирчид их сургуулиа төлөөлөн оролцож байгаа юм. Ингэхдээ нэг сургуулиас хамгийн багадаа дөрвөн тамирчны бүрэлдэхүүнтэй нэг баг оролцож буй. Тэмцээн эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, эрэгтэй, эмэгтэй дан хос, холимог хос болон багийн гэсэн зургаан төрлөөр үргэлжилж байна.
С.Цэлмэг