Намын Бага хурлын эрхэм гишүүд ээ,
Журмын хүндэт нөхөд өө,
Та бүхнийхээ амар амгаланг айлтгаж чин сэтгэлийн мэнд дэвшүүлье.
Бага хурлын өнөөдрийн хуралдааны гол зорилгыг Та бүхэн сайн мэдэж байгаа.
Та бид энэ хуралдаанаараа намынхаа ээлжит XXVI Их хурлыг зарлаж, Их хурал хийх хугацааны тов, хэлэлцэх асуудлыг ярилцан шийдвэрлэх болно.
МАХН-ын ээлжит Их хурлыг хуралдуулах хэд хэдэн нөхцөл бүрдээд байна гэж бид үзлээ. Улс оронд маань нийгмийн шилжилт, өөрчлөлт шинэчлэл эхэлж өрнөснөөс хойш 20 жил өнгөрлөө.
Ардчилсан өөрчлөлт шинэчлэлийн энэ хугацаанд бид алдаж эндэх, төөрч мунгинахын зэрэгцээгээр бас ч багагүй ололт амжилтанд хүрлээ. Одоо улс орон маань энэ бүхнээ дүгнэж цэгнэх цаг ирлээ хэмээн бодогдож байна. Дүгнэж цэгнэх нь монголын уугуул улс төрийн хүчний хувьд МАХН-ын хийх ёстой ажил гарцаагүй мөн гэж үзэж байна, ингэх нь манай намын хариуцлагын ч асуудал юм.
Өөрчлөлт шинэчлэл эхэлснээс хойш хорин жил өнгөрчихөөд байхад, улмаар чамгүй амжилт гарчихаад байхад бид юм бүхэнд “шилжилтийн үе дуусаагүй” гэдэг сэтгэлгээгээр хандаж, хойшдын тодорхой зорилгогүй суугаад байж болохгүйсэн билээ.
Шилжилтийн сэтгэлгээг төгсгөл болгож, шинэ хөгжлийн бодлогын гараагаа эхэлж өнгөрсөн 20 жилийн алдаа, оноогоо дүгнэн цэгнэж чадсанаар ирээдүйн 20 жилийн зорилт, зорилгоо томъёолон гаргаж, алдаагаа давтахгүй, амжилтаа алдахгүй төлөвлөх, төсөөлөх бололцоо бидэнд олдох болно.
Нийгэм, эдийн засгийн шилжилтийн зорилтууд ерөнхийдөө хэрэгжиж, их бүтээн байгуулалтын үе эхэлж байна. 2008 онд МАХН-ын Бага хурлын шийдвэрийн дагуу байгуулсан хамтарсан Засгийн газар энэхүү бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд онцгой чухал хувь нэмэр оруулж, энэ нөсөр их ажлын улс төрийн нөхцөл орчинг бүрдүүлсэн суурь хүчин зүйл болж байна. Орон нутагт энэ зуны туршид ажиллаж, ард иргэд, намын гишүүдтэй уулзахад хамтарсан засгийн газрын ажлыг эергээр дүгнэж байгаа нь дахин нотлогдлоо. Нэгэн бодлын бид мөнхийн дутагдал гачаанд гацаж суудаг харамсалтай байдлаасаа салж эхэлж байна. Гэхдээ цаашдын зорилго, зорилтоо зөв тавихгүй бол олсоноо үр ашиггүй цацах, ирээдүйн сууриа зөв тавихгүй бол суурь хазгай байшинд хөрөнгө цутгах лугаа адил алдаа гаргахад хүрнэ.
Даяаршил хэмээх том үйл явц далайн чанадад мэт сонсогдож байсан үе өнгөрч, өнөөдөр та бидний, Монгол Улсын маань нийгэм, улс төр, эдийн засгийн эрх ашгийг хөндөх болж, өөрийгөө өөрөөрөө авч үлдэх сорилтыг бидний өмнө тулгаж байна.
Улс оронд тулгамдсан зорилтуудыг таньж олж хэрэгжүүлэхэд үүнийг хийх чадвартай улс төрийн хүчний хувьд МАХН-ын шинэчлэлийн асуудал холбогдон гарч ирэх нь зайлшгүй. –
Бидний хийсэн судалгаанаас үзэхэд, ард иргэдийн маань дийлэнх олонхи нь нийгэмд шинэ зорилт дэвшүүлэн хэрэгжүүлж чадах улс төрийн хүч бол МАХН юмаа гэж үзэж байна. Гэхдээ энэ ажлыг хийх чадвартай байхын тулд МАХН өөрийгөө өөрчилж, шинэчлэх ёстой гэж олонхи нь үзэж байгааг тэр судалгаа мөн харуулж байна.
Бидний өвөг дээдэс Монгол Ардын Намыг байгуулж, хоцрогдмол орны холын хязгаар болчихсон байсан улс орныхоо тусгаар тогтнолыг тэмцэн авчирч, хөгжлийн асар том үсрэлт хийж, хүн амаа эрүүл чийрэг, боловсролтой болгож, Монгол хүн онгоц жолоодож, үйлдвэр ажиллуулж, сансарт нисдэг болгосон билээ.Өөрөөр хэлбэл, манай нам үндэснийхээ язгуур эрх ашиг,өв уламжлал, онцлогийг хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлс,ардчилал, шинэчлэлтэй зохистой хослуулан хөгжүүлж иржээ. Манай нам үүгээрээ зүй ёсоор бахархдаг. Түүхийн өнгөрсөн нугачаанд бид унаж босож явсан ч, XX зуунд улс орноо эрх чөлөөтэй, зохих түвшний хөгжилтэй, олон улсад нэр хүндтэй, улс шиг улс болгож чадсан.
Гэхдээ бид амжилтаараа бахархаад суух төдий биш ээ. Ирээдүйн бэрх сорилтуудад намаа бэлэн болгох хэрэгтэй байна. Намаа цаг үеийн асуудлыг мэдэрч чаддаг, шийдлийг олж чаддаг, хэрэгжилтийг нь хангаж чаддаг улс төрийн хүчин байлгахыг өнөөгийн шаардлага бидэнд тулгаж байна. Ийм болохоор намын маань шинэчлэл, өөрчлөлтийн асуудал нь зөвхөн манай намын бум гаруй гишүүдийн хэрэг төдий биш, нийт монголчуудын ирээдүйтэй холбоотой үйлс юм гэдгийг Та бүгд ойлгож байгаа байх аа.
Сэтгэлгээгээ шинэчилж, ажил үйлсээ цаг үеийн шаардлагад нийцүүлэн өөрчлөн сайжруулж чадаж баймааж л манай нам улс орныхоо өнөөгийн хөгжилд манлайлан зүтгэх түүхэн үүргээ гүйцэтгэж чадна. МАХН улс орныхоо түүхэнд гүйцэтгэж ирсэн уламжлалаа, үүрэг хариуцлагаа бодсон ч нийгмийн эдүгээгийн өөрчлөлтийг идэвхигүй дагаж болохгүй, хэрэв идэвхигүй дагах бодлого баривал Монгол орны цаашдын заяа тавиланг тодорхойлох ариун үүргээсээ татгалзсан хэрэг болж, улс төрийн тавцанд байр сууриа алдахад хүрнэ гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой билээ.
Намын шинэчлэлийн асуудалд чухам ийм сэтгэлгээний үүднээс хандах учиртай гэж бодогдож байна.
Та бид ирэх оны 3 дугаар сарын нэгэнд намынхаа 90 жилийн ойг тэмдэглэнэ. Бид түүхт энэ ойгоо тэмдэглэх үедээ бас намынхаа сүүлийн 20 жилийн замналыг цэгнэж, ирээдүйн 20 жилийн зорилтоо томъёолж, бодлого зарчмаа тодорхойлох нь зүйд нийцнэ. Энэ эрхэм үүргийг намын Их хурал л гүйцэтгэж чадна.
Манай намын XXV Их хурал хуралдсанаас хойш 3 жилийн хугацаа өнгөрлөө. Тус Их хурлаас баталсан Дүрэмд намын ээлжит Их хурал 4 жилд 1-2 удаа хуралдана гэж тогтоосон. Иймд энэ онд XXVI Их хурлаа зарлан хийх нь намын дүрэмд харшлахгүй.
Миний бие МАХН-ын даргаар сонгогдож, Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсоноос хойш улс орныхоо нийслэлийн дүүрэг, хороод, бас олон аймаг, сум, багаар орж ажиллалаа, нөхцөл байдлыг ажиглалаа, сонирхсон асуудлаараа социологийн олон төрлийн судалгаа хийлгэж үзлээ.
Улс орны ирээдүйн хөгжлийг хангаж чадах байх гэж манай намыг олон түмэн харж найдаж байгааг дахин тэмдэглэж хэлье. Энэ итгэл найдварыг хангахад чиглүүлж бидний хийх ажил хоосон лоозон, амьдралаас тасархай яриа, онол биш, харин өнөөгийн бодит байдалд нийцсэн, прагматик хувилбар бүхий шийдэл байх ёстой. Хурал дээр нэгийг ярьдаг, амьдрал дээр нөгөөг хийдэг байж яавч таарахгүй. Бэрх юм аа гээд асуудлаас зайлсхийдэг байж бүр ч таарахгүй.
Эв нэгдэлтэй байна гээд даргын хэлсэн бүхнийг толгой дохиод сууж болохгүй. Их ардчилалтай байна гээд эцэс төгсгөлгүй маргаан хийгээд байх хэрэггүй. Улсын өмнө тавигдаж буй томоохон зорилт, намын шинэчлэлийн гол асуудлыг бид дотоод ардчиллынхаа хүрээнд л нээлттэй хэлэлцэх ёстой.
Бид энэ бүхнийг ярихдаа хэт намчирхах, аль нэг үзэл бодлыг тулгах аливаа оролдлого хийж болохгүй гэж бодож байна. Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд, МАХН-ын даргын хувьд миний бие өнөөдөр бидний өмнө, улс орны өмнө, ард иргэдийн маань өмнө, намын маань өмнө тулгамдаж байгаа, шийдлээ хүлээж байгаа асуудлуудыг томъёолж, бүгдээрээ хэлэлцье гэсэн санал дэвшүүлж байгаа юм.
МАХН-ын Удирдах Зөвлөл, УИХ дахь МАХН-ын бүлгийн өргөтгөсөн хурал миний сонсгосон “Шинэчлэл-Манлайлал-Хөгжил” илтгэлийг хэлэлцээд “Тунхаг бичиг” батлан гаргасныг Та нөхөд мэдэж байгаа.
Энэхүү өргөтгөсөн хурлаар намынхаа шинэчлэл, манлайлал, улсаа хөгжүүлэх үндэс болсон зургаан зүйлт асуудлыг хэлэлцэж, тус бүрт нь холбогдох зорилтуудаа товчоор томъёолсон юм. Харин энэ “Тунхаг” бол намын Удирдах зөвлөл, УИХ дахь МАХН-ын бүлгийн санал бөгөөд намын хамт олноор хэлэлцүүлэхэд зориулагдсан юм гэдгийг нэмж хэлье.
ЖУРМЫН ЭРХЭМ НӨХӨД ӨӨ!
Миний бие МАХН-ын даргын хувьд, МАХН-ын Удирдах Зөвлөлийн зөвшөөрсний дагуу дараахь асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг тус хуралдаанаас хүсэж байна. Үүнд:
Нэг. МАХН-ын ээлжит XXVI Их хурлыг 2010 оны 11 дүгээр сарын эхний 10 хоногт багтаан хуралдуулахаар бодож өдөр товыг тогтоох.
Хоёр. МАХН-ын ээлжит XXVI Их хурлаар дараахь асуудлуудыг хэлэлцэх:
-МАХН-ын даргын улс төрийн илтгэл
-МАХН-ын Бага хурлын болон Намын Удирдах Зөвлөлийн тайлан
-МАХН-ын Хяналтын Ерөнхий Хорооны тайлан
-МАХН-ын Мөрийн хөтөлбөр,Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
-Зохион байгуулалтын асуудал эдгээр болно.
Намын XXVI их хурлаар хэлэлцэх зарим асуудлыг Их хурлын өмнө олон аргаар судлан ярилцах болно.
Бид тодорхой асуудлаар эрдэм шинжилгээний хурал хийх, социологийн судалгаа явуулах, намынхаа гишүүд, ард түмнийхээ дунд хэлэлцүүлэг зохиох, саналыг нь сонсох зэрэг арга хэмжээ авахаар шийдвэрлээд байна.
Та бид ээлжит XXVI Их хурлаа хийж, эдгээр асуудлыг шийдвэрлэснээрээ намынхаа амьдрал, шинэчлэлд болон улс орныхоо цаашдын хөгжлийн замналыг чиглүүлэхэд оюун сэтгэлгээний төдийгүй практик амьдралын ач холбогдолтой түүхэн чухал үүрэг гүйцэтгэх болно гэдэгт итгэж байна.
Та бүхэндээ сайн сайхны хүндтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Баярлалаа.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин