Юун түрүүнд валют солилцооны ханшид хүчээр нөлөөлөхийг зорьж буй явдал нь том гүрнүүдийг хөдөлгөөнд оруулж ч мэднэ гэх таамаг байгаа юм. Саяхан л Хятад юанийн ам.доллартай харьцах ханшаа хүчээр тогтоон барьснаас болж хоёр орны хооронд худалдааны дайн үүсэхээс наагуур юм болсон. Хятадын бодлого боловсруулагчид экспортлогчдынхоо өрсөлдөх чадварыг олон улсад сайжруулахын тулд юанийн ханшийг хүчээр доогуур барьж байсан нь АНУ-гийн дургүйг хамгийн ихээр хүргэсэн билээ. Энэ байдал даамжирч, хоёр орны төрийн тэргүүн нарын хэмжээнд хүртэл яригдах асуудал болж, Хятадын компаниудыг улс орноосоо шахан гаргахын тулд тусгай хууль хүртэл батлана хэмээн америкчууд сүрдүүлж байсан. Түүнтэй нэг адил олон улсад валют арилжааны тэнцвэрт байдлыг хангахад Японы төв банкны бодлого сөргөөр нөлөөлөх аюултай хэмээн зарим шинжээч болгоомжилж байна. Цаашилбал, бусад орон үүнийг эсэргүүцэж, дахин нэг “худалдааны дайн”-ы тухай цуурхал тарааж ч мэдэх юм. Ерөнхийдөө бол Япон үнэхээр валютын ханшдаа нөлөөлж, иенийг сулруулж гэмээнэ энэ нь эцэстээ бусад экспортлогч орны эсэргүүцэлтэй тулгарах магадлалтай аж.
Японы төв банк зах зээлд гаргах хөрөнгийн хэмжээгээ гэнэтхэн нэмчихлээ. Ийм тохиолдол өмнө нь ч гэсэн гарч байсан. Европ, АНУ-д эдийн засгийн тогтолцоогоо хамгаалж үлдэхийн тулд дээрхтэй төстэй арга хэмжээг авч байлаа. Төв банкнаас зээл олголтоо нэмэгдүүлснээр банкуудын ашиг ч өсч, зах зээл дэх үйл ажиллагаагаа идэвхжүүлэх боломжтой болох нь дамжиггүй. Гэхдээ шинжээчдийн тайлбарлаж буйгаар банкны зээл нь эдийн засагт тийм ч таатай үр нөлөө авчрахгүй аж. Хөгжингүй орнуудад нүүрлэсэн санхүүгийн хямрал үүнийг хангалттай батална. Японд дифляци газар авсаар байгаа. Магадгүй зах зээл дэх иенийн эргэлтийг нэмэгдүүлэх замаар дифляцийг арилгаж, инфляци бий болгоно гэж найдах хүн ч бий биз. Гэтэл АНУ-ын жишгийг аваад үзэхэд, тэд мөн л мөнгөний бодлогоо тэлсэн. Үүний дүнд ямар ч гэсэн одоохондоо инфляци үүсээгүй л байна. Ерөнхийдөө Японы бодлого боловсруулагчдын хэрэгжүүлэхээр зэхэж буй бодлого нь ажил эрхлэлтийн түвшинг мэдэгдэхүйц нэмэгдүүлэх нь гарцаагүй аж.
Түүхэнд 1930-аад онд болсон эдийн засгийн их хямралын үед АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвелт мөнгөний тэлэх бодлого явуулсан. Үүнээс болж алтны худалдаа ч эрс нэмэгдсэн. Тухайн үед маш олон иргэдээ ажилтай болгохын тулд Засгийн газраас хөрөнгө гаргаж, шинэ бүтээн байгуулалтууд хийж байв. Тухайн үедээ тэнэг мэт санагдаж байсан уг санаа нь эцэстээ эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлтийг ихэсгэх замаар ажилгүйдлийн түвшинг бууруулж, хамгийн гол нь байнгын орлоготой болсон иргэдийн хэрэглээ ихэссэн билээ. Мөнгө улс орны дээгүүр эргэлдэх биш, хамгийн жижиг нэгж бүрт очиж хүртэж байсан нь л чухал байв. Ингэснээр эдийн засгийн бүхэл тогтолцоонд нөлөөлж, хүмүүсийн хэрэглээг нэмж, сайхан бүхнийг авчирсан гэхэд болно.
Гэтэл Японы нөхцөл байдал тэр үеийн АНУ-ынхаас өөр. Энэ улс 10 гаруй жилийн турш дифляцид идэгдэж байгаа. Нэг үгээр Японы дифляци эдийн засгийг нь сорж байна гэсэн үг юм. Мөнгөний тэлэх бодлого баримталснаар магадгүй үнэгүйдэл арилж, дифляци үүсч болох юм. Гэсэн ч тэр үед хадгаламж эзэмшигчид нь мөнгөө үнэгүйдүүлэхгүйн тулд ямар нэг зүйлд хөрөнгө оруулахаар уралдаж эхэлнэ. Өөрөөр хэлбэл, хадгаламжин дахь мөнгөө зарцуулж, үрэн таран хийхийн оронд улам найдвартайгаар удаан хугацаанд хадгалахыг илүүд үзнэ. Юун хэрэглэх, зарцуулах, бараа бүтээгдэхүүн худалдаж авах. Тэр тухай зүүдлээд ч хэрэггүй. Энэ нь дахиад л эдийн засгийн өсөлтийг сааруулж, царцанги байдалд оруулах болно гэдгийг зарим эдийн засагч онцолж байна.
Мэдээж хэрэг, Японы бодлого боловсруулагчид хадгаламж нь үнэгүйдснээр хэрэглэгчид зарцуулалтаа нэмэгдүүлж, үнийн хөөрөгдөл бий болгоно хэмээн тооцож байгаа. Хамгийн гол нь иенийн ханш буурсан ч дахиад өсөхгүй гэх баталгаа байхгүйд хэргийн гол учир байгаа юм. Засгийн газраас явуулах бодлогоо сулруулж эхэлмэгц иен дахиад өсчихвөл яах вэ. Гэхдээ япончуудын бодлого амжилттай хэрэгжиж, эерэг үр дүн дагуулахыг ч үгүйсгэхгүй. Тэгвэл америкчууд ч мөн адил байх болно.
Банкинд хадгалуулсан мөнгө нь үнэгүйдэх вий гэж болгоомжилсон Японы хөрөнгө оруулагч хөрөнгөө юунд зарах вэ, хаашаа хөрөнгө оруулах вэ. Тэд дифляциас болж удаан хугацаанд хүнд байдалтай байсан. Тэр үедээ гадаадын валютад хөрөнгө оруулж, мөнгөө найдвартай хадгалахыг зорих болсон. Гэтэл төв банк нь бодлогын хүүгээ бууруулах замаар мөнгөний тэлэх бодлого баримталж, иенийн ханшийг хүчээр унагаж эхэлсэн. Тэдэнд бусад валюттай харилцах ханш нь бага иенийг санал болгох болсон. Хэрэв Японы хөрөнгө оруулагчид инфляци үүснэ хэмээн найдаж болох ч өнөөгийн олон улсын эдийн засгийн нөхцөлийг харгалзаж үзэх хэрэгтэй гэдгээ мэднэ. Ийм үед Японы төв банк бодлогын хүүгээ бууруулсаар байж чадахгүй. Зах зээлийн жамаар тэд нэг л өдөр аргагүй өсгөнө. Энэ үед иен давуу талаа алдаж, нөгөө сайхан инфляци аманд ч үгүй хамарт ч үгүй алга болохын цагт хөрөнгөө хааш нь хийх вэ. Ерөнхийдөө ямар валютаар хөрвөх чадвар сайтай гэж хэлж болох алт их хэмжээгээр худалдаж авах нь гарцаагүй болж байгаа юм. Цаасан мөнгийг арилгаж, алтаар арилжаа хийдэг болъё гэх “хэнээтнүүд” олширсон өнөө үед энэхүү үнэт металл шиг баталгаатай, найдвартай зүйл байхгүй болчихоод байна уу гэлтэй. Түүхэнд инфляци, дифляцийн алинийг ч алт л ганцаараа давж гарч байсан жишээ бий. Ямартай ч Японы Засгийн газраас иенийн ханшийг бууруулахын тулд хэрэгжүүлж буй бодлогын дүнд хөрөнгө оруулагчид нь их хэмжээгээр алт худалдан авч, энэ нь олон улсад үнэт металлын арилжаанд нөлөөлөх бололтой. Нэг үгээр алтын эрэлт нэмэгдэж, ханш нь өсөх магадлалтай юм.
Т.ЭЛИСА
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин