У.Хүрэлсүх: Монгол ардын нам гэж байхгүй

Хуучирсан мэдээ: 2010.09.08-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүх: Монгол ардын нам гэж байхгүй

“МАХН нэрээ өөрчлөх нь ээ” гэсэн дуулиан өнгөрсөн өдрүүдэд олон нийтийн дунд шуугиан тарьж буй билээ. Эл асуудлыг МАХН долдугаар бага хурлаараа авч хэлэлцлээ. Үүнтэй холбогдуулж МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхээс дараах асуултад хариулт авсан юм.

-МАХН яагаад нэрээ өөрчлөх болов оо. Бага хурлын гишүүд энэ саналыг хэр нааштай хүлээж авсан бэ?

-МАХН 90 жилийнхээ түүхт ойг тэмдэглэх гэж байна. Үүний өмнө намынхаа үзэл баримтлалыг эргэж харъя, нэрээ өөрчилье гэдэг саналтай гишүүн манай намд олон байна. МАХН-ыг анх үүсгэн байгуулсан хүмүүс бол их жанжин Д.Сүхбаатар, Д.Бодоо, С.Данзан нар. Тэд одоогийн МАХН –ыг 1921 онд Ардын нам нэртэйгээр байгуулсан түүхтэй. Энэ нэрээ сэргээе л гэж байгаа хэрэг. Тийм ч учраас энэ асуудлаар өмнө нь Удирдах зөвлөл хуралдаад Тэрэлжийн тунхагийг гаргасан. Өнөөдрийн Бага хурлаар Тэрэлжийн тунхагийг хэлэлцүүлэхэд гишүүд дэмжиж байна. Мөн Бага хурлаас намын их хурал хуралдахтай холбоотойгоор энэ тунхагийг намын бүх анхан шатны байгууллага,  гишүүдээр хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ. Дээр нь МАХН бол зөвхөн гишүүнчлэлээр хязгаар тогтоодоггүй,  ард түмний нам. Ард түмэн сонгуульд оролцож, манай намын төлөө саналаа өгдөг. Тийм учраас Монголын ард түмэн манай намын нэр, үзэл баримтлал дээр ямар байр суурьтай байна вэ гэдгийг давхар судална. Нэг үгээр хэлбэл, ард түмнийхээ дунд хэлэлцүүлэг өрнүүлнэ. Эрдэмтэн судлаачдын дунд ярилцлага зохион байгуулна, эрдэм шинжилгээний хурал хийнэ. Тэгээд намынхаа их хурал дээр энэ асуудлыг ярьж, эцэслэн шийднэ гэж ойлгох хэрэгтэй. 

-Гэхдээ Монгол Ардын нам байгаа гээд байгаа шүү дээ?

-“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт н.Энхээ гэж хүн “Монгол Ардын нам байгаа” гэж ярилцлага өгсөн байсан.  Монгол Ардын нам гэж байхгүй.

-Ямар үндэслэлээр та байхгүй гэж хэлээд байна?

-Улсын дээд шүүхийн Иргэний танхимын 2006 оны зургадугаар сарын 30-ны өдрийн нэг номерын шийдвэрээр н. Энхээ гэж хүний байгуулсан Монгол Ардын намыг албан ёсоор татан буулгасан байдаг.

Мөн манай нам 1990 онд Улсын дээд шүүхэд бүртгүүлэхдээ Монгол ардын хувьсгальт нам бол  Монгол ардын нам юм аа гэж бүртгүүлсэн юм билээ. Тэгэхээр Монгол Ардын нам гэж байсан тэр нь МАХН. Одоо ойлгож байна уу. Тэгээд ч н. Энхээ гэж хүний байгуулсан Монгол Ардын намыг татан буулгасан тухай шүүхийн шийдвэрийнх нь зарим бичиг надад бий. Тийм учраас Монгол ардын нам нэрээ буцаан авахад ямар нэгэн намын нэртэй  давхцахгүй.

-Сонгууль болохын өмнө танай нам нэрээ өөрчлөх нь зөв үү. Маш олон эрсдэл дагуулж байж мэдэх юм шүү дээ. Сонгуульд ялагдал хүлээвэл хэн хариуцлагыг үүрэх юм?

-МАХН нэрээ сольсноос болж УИХ-ын 2012 оны сонгуульд ялагдал хүлээвэл хариуцлагыг нь би үүрнэ ээ.  Ингэж л  бодож байна даа.

-Та хариуцлагыг үүрнэ ээ гэж хэллээ. Гэхдээ өмнө болсон сонгуу­лийн хариуцлагыг хэн үүрсэн юм бэ. Танай намынхан энэ тухай дурсах ч дургүй шүү дээ. Жишээлбэл Ерөнхийлөгчийн сонгууль?

-МАХН дүрэмтэй. Тэр дүрмэнд хэрвээ УИХ, орон нутгийн сонгуульд нам ялагдвал МАХН-ын дарга, Удирдах зөвлөл хариуцлага хүлээнэ гэж. Тэр дүрмийн хүрээнд ярилаа.

Харин Ерөнхийлөгчийн сонгуулийн тухайд нам Ерөнхийлөгчийн сонгуульд нэг хүнийг нэр дэвшүүлж гаргаж ирдэг. Гарсныхаа дараа тэр хүн хувь хүн болдог. МАХН-аас нэр дэвшсэн Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөр гэж байдаггүй биз дээ. Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа хувь хүний мөрийн хөтөлбөр явдаг. Тийм учраас дүрмээрээ намаас нэрийг нь дэвшүүлж, сонгуульд хувь хүмүүс хоорондоо өрсөлддөг.  Энэ ч үүднээс хариуцлагаа нэр дэвшигч өөрөө хүлээдэг журамтай.

-Ерөнхийлөгч асан Н.Энх­баярын мэдэгдэлд одоогийн МАХН-ын удирдлага хариуцлагагүй муу ажиллаж байна гэсэн дүгнэлт хийсэн байна лээ. Үүн дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Тухайн үед янз бүрийн дүгнэлт хийж болно шүү дээ. Бид бол аминдаа намын даргаа гайгүй сайн ажиллаж байна гэж дүгнэдэг.  Ард түмэнтэйгээ уулзаад, алдаа оноогоо сонсоод, хөдөө гадаагүй яваад. Энэ чинь ажил. Намынхаа их хурлыг хийе, алдаа, оноогоо дүгнэе. Өнгөрсөн 20 жилд бид юу хийв, алдсан нь юу байв, оносон нь юу юм дүгнэе. Ирэх жилд хийх ажлынхаа зорилт бодлогоо дэвшүүлье, ажлаа сайжруулъя, ард түмнийхээ дунд нээлттэй байя.  Байгаа нөхцөл байдалдаа үнэлэлт дүгнэлт өгье,  алдаа оноогоо бусдаас сонсдог болъё гэж… Би намын ерөнхий нарийн бичгийн даргын хувьд МАХН төгс төгөлдөр улстөрийн хүчин болсон гэж хэлэхгүй. Манай намд алдаа, оноо зөндөө байдаг,  тэр алдаагаа л засч залруулахын төлөө л явж байна. Хүмүүс байгаа болохоор алдаа заавал байдаг юм билээ л дээ. Шинэчлэл гэдэг чинь Н.Энхбаяр даргын үед хийгээд дуусчихсан зүйл биш. Миний үед ч хийгээд дуусахгүй. Ирээдүйд хойч үе маань намыг шинэчлэхийн төлөө, улс орноо хөгжүүлэхийн төлөө л явна. Шинэчлэл бол мөнхийн процесс тасралтгүй үргэлжлэх ёстой гэж ойлгож байгаа ш дээ.

-Н.Энхбаяр гуай мэдэгдэлдээ “Би намын нөхдүүдтэйгээ хамтран ажиллахад бэлэн байна. Даанч намайг улстөрийн тойргоос гаргасан гэсэн ойлголт төрүүлэхээр үг бичсэн байна лээ. Олон нийт ч тийм ойлголтой байгаа. Та үүнд юу хэлэх вэ? 

-Тойргоос гаргасан зүйл байхгүй, энэ намын гишүүн хүн, намынхаа үйл ажиллагаанд оролцох бүрэн эрхтэй.  Оролцож байгаа ч болов уу гэж бодож байна. Намдаа санаа зовж байгаагийн нэг илрэл болов уу, мэдэгдэл гаргасан нь. Сайн зүйл гэж ойлгож байгаа. Ер нь бол цаашид намын үйл ажиллагаанд ч оролцох боломж нээлттэй шүү дээ түүний хувьд.

-Тэрэлжийн тунхагийг Н.Энхбаяр шүүмжилсэн байсан. Нам үзэл баримтлалаа өөрчилж болохгүй гэж. Энэ тухайд?

-МАХН ардчилалтай нам шүү дээ. Манай намын жирийн гишүүн хэн ч мэдэгдэл гаргаж болно, эсэргүүцэж болно. Байр сууриа илэрхийлж болно, чөлөөтэй. Энэнд гайхаад байх зүйл огт байхгүй, яригддаг л зүйл, хэлэгддэг л зүйл. Үндэсний ардчилсан үзэл санаа гэдэг өөрөө барууны ч юм уу, үзэл баримтлалд итгэхийн аргагүй шүү дээ. Онол арга зүйн хувьд. Өнөөдөр дэлхий прогматик болчихсон байна. Барууны, зүүний үзлүүдээс аль сайн талыг нь аваад ашиглаж байгаа гурав дахь урсгал Тонни Блэрийн урсгал байна, Билл Клинтоны онол сургаалууд ч байна. Хэрвээ МАХН үндэсний ардчилсан үзэл санааг авлаа гэж үзвэл Социнтернийн гишүүнээс гарна гэсэн үг биш. МАХН анхнаасаа зүүний чиглэлийн үзэл баримтлалтай улстөрийн хүчин байсан. Нийгмийн чиг баримжаатай улстөрийн үзэл санааг хэрэгжүүлж болно. Энэ чиглэлээр есдүгээр сарын 15-нд онол практикийн бага хурал болно. Түүн дээр эрдэмтэн, судлаачид юу ярихыг сонирхож болно шүү дээ.

-Хэрвээ МАХН нэрээ, бас үзэл баримтлалаа өөрчилвөл дэргэдэх байгууллагууд бас өөрчлөгдөх үү. Тухайлбал, Ардчилсан социалист залуучуудын холбоо гээд нэлээд хэдэн байгууллага бий ?

-МАХН-ын дэргэдэх төрийн бус байгууллагууд өөрийн гэсэн дүрэмтэй. Хэдийгээр намыг дэмждэг байгууллага ч гэсэн өөрөө асуудлаа дотооддоо шийдвэрлэдэг. Төрийн бус байгууллагаа татан буулгах уу, үгүй юу  үзэл баримтлалаа яах вэ, нэрээ өөрчлөх үү гэдгээ өөрсдийнхөө их хурлаар шийддэг байхгүй юу. Бүх юмыг дэглэмээргүй байна. Бид чинь их олон жил дэглэсэн нийгэмд амьдарлаа. Тийм учраас намын дэргэдэх залуучуудын байгууллага, төрийн бус байгууллагууд өөрсдийнхөө асуудлыг дотроо шийддэг байг , яагаад болохгүй гэж…

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж