
МАХН-ын Хяналтын ерөнхий хороо өнөөдөр хуралдахаар болжээ. Түүгээр МАХН-ын одоогийн болон өмнөх дарга С.Баяр, Н.Энхбаяр нарын заргыг шүүх ажээ. МАХН-ын дарга С.Баяр "Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар Н.Энхбаяр өөрийн буруугаас ялагдсан" гэсэн бол түүнийг АНУ-д байх хойгуур Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр "Миний сонгуульд ялагдсанд МАХН, намын дарга С.Баяр буруутай. Сонгууль луйвар болсон" хэмээн Монголын үндэсний олон нийтийн телевизээр ярилцлага өгөхдөө мэдэгдсэн. Харин МАХН-ын дарга С.Баяр АНУ-аас ирмэгц намынхаа Хяналтын ерөнхий хороонд нэр төрөө сэргээлгэхээр гомдол гаргаж өргөдөл өгсөн. С.Баяр даргын өргөдлийг өнөөдөр МАХН-ын Хяналтын ерөнхий хороогоор хэлэлцэн Н.Энхбаяр, С.Баяр нарын заргыг шүүхээр болжээ. Шаардлагатай гэвэл хоёр даргыг нүүрэлдүүлж ч болзошгүй байгаа гэнэ.
Д.ОЮУН