Монголд хэн хамгийн эрх мэдэлтэй вэ. Ерөнхийлөгч, УИХ, эсвэл аймаг, сумын удирдлагууд аль нь ч биш. Хариулт нь иргэний хөдөлгөөн, төрийн бус байгууллагын гишүүд л байхгүй юу. Тэдэнд эх оронч үзэл, онгон байгаль, ашигт малтмал, хүний эрх чөлөө зэрэг ойлголт хязгааргүй эрх мэдлийг олгосон билээ. Гэхдээ иргэний хөдөлгөөнүүд дээрхийг уриа болгохоос дагаж мөрдөх албагүй. “Эх орноо хамгаалж, эрх чөлөөг дээдэлж байна” гэсэн л бол хууль бус үйлдэл хийсэн ч хаалтгүй. Иргэний хөдөлгөөнүүдэд л зөвшөөрдөг, харин бусдад нь хууль бус болдог үйлдлүүдийг жишээ болгон сонирхуулъя. Хөдөлгөөнийхөн шүүх хурлыг үймүүлж, шийдвэрт нь нөлөөлж болно. Хадгаламж, зээлийн хоршооны хохирогчид хөдөлгөөн байгуулж шүүхийн ширээ, сандал эвдэж байсан түүх бий. “Үндэсний соёмбо” хөдөлгөөнийхөн удахгүй “Э.Амарбат өмгөөлөгч бүсгүйг хүчиндсэн гэсэн шийдвэр гарга” гэж шаардан шүүх хуралд оролцохоор зэхэж байна. Хөдөлгөөнийхөн бас мөрдөн байцаах ажиллагаанд саад хийх бүрэн эрхтэй. Яагаа вэ, “Долдугаар сарын 1”-ний хэрэгт холбогдсон цагдаа нарыг хорьж шалгахад хөдөлгөөнүүд өлсгөлөн зарлаад л суллуулсан шүү дээ. Иргэний хөдөлгөөнийхөн дургүйгээ хүргэсэн, өөрсдөд нь саад болсон хэнийг ч зодох, бүр буудах эрхтэй. Эзэмшил газраасаа алт ухуулсангүй гээд хамгаалагчийг нь буудаж унагахад буруутах юмгүй. Тэд эх орны эзэд, баялгаа өөрсдөө хамгаалах гэж байгаа нь зөв учраас хуулийнхан хориглох эрхгүй. Бууддаггүй юм гэхэд хөөрхий компанийн захирал, эздийг шантаажилж байгаад багагүй мөнгө салгачих мэдэл хөдөлгөөнийхөнд л байгаа. Хориглож гэмээнэ тэд нэгдэж хууль, шүүхийнхнийг болгоод өгчих юм чинь.
Иргэний хөдөлгөөнүүд эрхээ хамгаалж, бусдын эрхийг зөрчсөн ч төрийн түшээд дэмжихээс аргагүй. Эх орныхоо төлөө тэмцэгчдийг буруушааж ард түмнээсээ урвасан болж муухай харагдах учраас улстөрчид бурууг нь зөв гэх учиртай. Тэгэхээр энэ нийгэмд дур зоргоороо, бусдаас эрх мэдэлтэй, баян амьдрахын тулд иргэний хөдөлгөөнд л элсэх хэрэгтэй байгаа юм даа. Тэнд “Миний эрх бусдын эрхээр хязгаарлагдана” гэсэн дүрэм үйлчилдэггүй.
Б.ЦЭЦЭГДЭЛГЭР
Зохигчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин