
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын гишүүн Д.Баттулга хэлмэгдэгч Г.Жамъян, Б.Нямдарь, хэлмэгдэгсдийн гэр бүл Б.Чулуун, Д.Жавжан, хэлмэгдэгсдийн үр хүүхэд Д.Дуламсүрэн, Д.Авирмэд нарын нэр бүхий хүмүүст нэг удаагийн буцалтгүй тусламжийн мөнгийг өнөөдөр гардуулж өгөв.
“Удахгүй есдүгээр сарын 10-нд хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болно. Өнгөрсөн он жилүүдэд хэлмэгдүүлэлтийн хар өдрүүдийг та бүхэн давсан ч амссан хүнд зовлон шарх эдгэрээгүйг ойлгож байна. 1996 онд хууль гарснаас хойш, хэлмэгдэгсэд, тэдгээрийн гэр бүл, үр хүүхдэд өнгөрсөн хугацаанд 4,7 тэрбум төгрөг олгоод байгаа билээ. Тэр хар өдрүүд дахин давтагдахгүйн баталгаа бол өнөөдрийн олон намын төр барих систем юм. Эцэст нь тийм өдрүүд бүү давтагдаасай хэмээгээд та бүхэнд хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе” гэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын гишүүн Д.Баттулга хэллээ. Буцалтгүй тусламж хүртэгсдийг төлөөлж хэлмэгдэгч Г.Жамъяан тус комисст талархснаа илэрхийлэв.