Худлаа ярьдгийг сурах шаардлага байхгүй

Хуучирсан мэдээ: 2011.02.07-нд нийтлэгдсэн

Худлаа ярьдгийг сурах шаардлага байхгүй

-С.Молор-Эрдэнэ: Улстөрчдийн худлаа ярьдгийг сурах шаардлага надад байхгүй-

Худлаа ярьдгийг сурах шаардлага байхгүй

МАХН-ын нарийн бичгийн дарга С.Молор-Эрдэнийг “Ярилцах танхим”-даа урилаа. 

-Уучлаарай, Молор-Эрдэнэ доктор оо, би таныг одоо яг албан ёсны Монгол ардын хувьсгалт намын нарийн бичгийн дарга болж чадсан эсэхийг тань юун түрүүнд тодруулмаар байна. Учир нь та бүхнийг энэ нэрээ авч чадах эсэх нь эргэлзээтэй байгаа гэх яриа -байгаа?
-Албан ёсны нэрээ бид авч чадна. Яагаад гэхээр хуулийн хувьд бидэнд гарц бий. Нэгэнт Дээд шүүхэд Монгол ардын хувьсгалт нам гэсэн нэрээр бүртгэлтэй нэг ч нам байхгүй учраас бид энэ нэрээ авна гэдэгтээ итгэлтэй байна. Бүх зүйл хуулийн дагуу явагдвал шүү дээ.

-Хуулийн дагуу явагдана гэж найдах хэрэгтэй байх. Тийм үү?
-Тийм ээ. Хууль бол хууль шүү дээ.

-Яг л философи бол философи гэдэгтэй адил сонсогдож байна.
-Тийм ээ.

-Харин философич хүн улстөрч болоход чанарын ялгаа гарч байна уу?
-Гарах бололтой. Гэхдээ би хэзээ ч улстөрчид шиг худлаа ярьж чадахгүй байх.

-Магадгүй л юм. Наад зах нь та Н.Энхбаяртай хамт байгаа гэдгээ манай сонинд өгсөн ярилцлагадаа нуугаагүй. Энэ бас  их том үзүүлэлт байж болох юм?
-Тэр ярилцлагыг өөрт чинь онц их хурлын өмнөхөн өгсөн санагдаж байна.

-Тийм ээ. Гэхдээ хамтран зүтгэж байгаа хүмүүс тань “Н.Энхбаяртай бид уулзаагүй ээ” гэж хэлж байсан. Харин та л “Н.Энхбаяр даргатай сая уулзаад ирлээ” гэж их чангаар хэлсэн шүү дээ?
-Яагаад тэгж хэлж болохгүй гэж. Би худлаа ярих дургүй. Би цаг ямагт үнэнийг хамгаалахыг хүсдэг. Энэ бол философийн ухааны доктор бас нарны энергийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсантай минь холбоотой байх. Хүн бүрт өөрийн гэсэн мөн чанар байдаг шүү дээ. Би анх Германд эрчим хүчний чиглэлээр суралцаж, нарны эрчим хүчний чиглэлээр доктор хамгаалсан. Үүнийхээ дараа филисофи руу эргэлт буцалтгүй орж бас л докторын зэрэг хамгаалсан. Би аливаа зүйлийг мөн чанарынх нь үүднээс олж харах, ойлгохыг хүсдэг. Тэр том гүрэнд өөрийнх нь орны болон бусад улсын тэргүүлэх эрдэмтэдтэй ном хаялцаж, өөрийнхөө үндэслэлийг хамгаална гэдэг хялбар биш. Би хэзээ ч бууж өгөөгүй. Надад шантрах, гутрах мөч байгаагүй биш, байсан. Гэхдээ би бүгдийг давж гарсан. Энэ бүхэнд намайг түлхүүрдэж байсан хамгийн том хүчин зүйл минь  үнэнийг ярьж, хамгаалж байгаа гэдэгтээ итгэж байсан минь. Ийм учраас би цаашдаа ч худлаа ярихгүй гэдэгтээ итгэлтэй байна.

-Тийм ч учраас Н.Энхбаяртай хамт байгаа гэдгээ нуугаагүй гэж үү?
-Тийм ээ. Тэртээ тэргүй гурав, дөрөв хоногийн дараа ил болох зүйлийн би юунд нуух ёстой гэж. Муухай биз дээ. Ард түмэнд тэгж худлаа ярьчихаад би өнөөдөр өөрийгөө шударга зүйлийн төлөө тэмцэж байгаа гэж яаж хэлж чадах юм бэ. Тэгж увайгүй загнавал хэн надад итгэх юм бэ. Улстөрчид анхнаасаа л иргэдэд худлаа ярьдаг. Харин би бол тэгж чадахгүй. Хүнд өөрийн гэсэн ёс зүй, ёс суртахуун гэж байх ёстой. Филисофи үүнийг хамгаалдаг. Эрчим хүчний салбар бол бодит үр дүнг эрэлхийлдэг. Би энэ том хоёр салбарт докторын зэрэг хамгаалж, өнөөдрийг хүртэл мөн чанараа, үзэл баримтлалаа хамгаалдаг байхын төлөө тэмцэж ирчихээд хэзээ ч худлаа ярьж чадахгүй.

-Харин танай хамтран зүтгэгчдийн дунд тэр ярианаас үүдээд асуудал үүссэн гэж сонссон?
-Тодорхой хэмжээнд асуудал үүссэн. Би нуухгүй ээ. Гэхдээ бид анхнаасаа нэг зорилгын төлөө явсан учраас ойлголцсон.

-Н.Энхбаяр дарга эг­дүүцээгүй юү?
-Үгүй ээ. Тэр хүн тийм увайгүй зан гаргах хүн биш ээ.

-Тэгвэл Ардын намынхан тэр ярилцлагаас “хайчилж” аваад л чамгүй их улс төр хийсэн. Тэр С.Молор-Эрдэнэ Н.Энхбаяртай байн байн уулзаж байгаа гэж байна. Тэр ярилцлагыг нь унш гээд л. Нотлох баримт олчихсон юм шиг л сүржигнэсэн?
-Тэд өөрсдөдөө ашиг­тайгаар ашиглахыг оролдсон нь үнэн. Гэхдээ тэдний зо­рилго биелээгүй байх аа. Учир нь тэд өнгөрсөн хугацаанд бидний эсрэг хангалттай их дайралт хийсэн. Ганц үг хэлэхэд л мянган үг болгож дэвэргэж байсан. Нэг захидал бичихэд л зуун захидал бичсэн дайны хариу үйлдэл гаргасан. Сүүлийн удаа зохион байгуулсан жагсаалынх нь эсэргүүцлийн үг ч нөгөө ярилцлагыг өөрийн тань хэлснээр бараг л нотлох баримт болгож, талбай дээр хашгируулж байсан шүү дээ.

-Хамгийн сонирхолтой нь Ардын намынхны тэр хариу үйлдлүүд та бүхэнд ашигтайгаар тусах шиг болсон?
-Тийм ээ, тэр ч ёстой үнэн шүү.

-МАХН-ын түр штабын бяцхан улс төрийг тэд улс орны хэмжээний том нам болох хүртэл нь өөрсдөө өргөөд өгчихсөн ч байж болох юм?
-Би наад дүгнэлтийг чинь хүлээн зөвшөөрч байна.

-Магадгүй та ч бас тэр үйлдлийнх нь ачаар маш богинохон хугацаанд улс төрийн “од” болчихсон?
-Шүүхэд өгөөд л, намайг муулж бичүүлээд л. Нэг удаа “Ухрах уу, урагшлах уу” гэсэн хуралд оролцсон даруйд маань л дайрч эхэлсэн. Энэ С.Молор-Эрдэнэ фашизмыг сурталчилж байна. Энэ хүн герман хүмүүжилтэй учраас юу ч хийж мэднэ. Тэр үсийг нь хараарай. Н.Энхбаяртай адилхан юм байна. Дүү нь байх. Нэг л биш гээд л…Миний тухай маш сонирхолтой дүгнэлтүүдийг хэвлэлээр бичүүлсэн.

-Та харин ч үүнд нь баярлалаа гэж хэлэх хэрэгтэй юм биш үү. Гадаадад олон жил болсон хүн гэнэт ийм богино хугацаанд тодорч чадахгүй байсан шүү дээ. Тийм болохоор “Ардын намынхан та бүхэнд баярлалаа” гэдэг ч юм уу?
-Наадах чинь их сонирхолтой талархал байна шүү. Яагаад болохгүй гэж. Мэдээж “Ардын намынхан та бүхэнд баярлалаа” гэж хэлбэл зарим нь буруугаар ойлгох л байх. Ямарч л байсан МАХН-ын онц их хурлыг хуралдуулах санаачилгаас эхлээд, МАХН-ын түр штабаас өнгөрсөн богино хугацаанд зохион байгуулсан улс төрийн үйл ажиллагааг ийм хэмжээний амжилттай болж, эгнээндээ 20 мянга гаруй гишүүн нэгтгэж, намынхаа онц их хурлыг амжилттай хийж, бүтэц зохион байгуулалтаа тодорхой болгоход Ардын намынхны тэр эсрэг акц тус болсон уу гэвэл болсон. Би үгүйсгэхгүй ээ.

-Та тэгэхээр энэ ярилцлагаар дамжуулаад “Баярлалаа” гэж хэлэхээс татгалзаж болохгүй байх аа. Сонирхолтой нь тэд таны талархлыг олж уншихгүй байна гэж байхгүй байх. Ерөнхийд нь гадарлаж байна?
-Тэр ч үнэн шүү.

-Гэхдээ таныг са­наатайгаар Н.Энхбаярыг илчилсэн байх. Хамтран зүтгэгчдийнхээ дунд жаахан тиймхэн байгаа гэх яриа бас гарч байсан?
-Хэрэв би хамтран зүтгэгчидтэйгээ таагүй харилцаатай байсан бол өнөөдөр өөртэй чинь ярилцаад суухгүй байсан. Тэдэнтэй зөрчилтэй байсан бол намайг өнөөдөр МАХН-ын нарийн бичгийн даргаар сонгохгүй байсан болов уу. Үнэхээр надад гадаадад олон жил болсон учраас Монголынхоо хөрсөнд суух, Монголынхоо амьдралтай бодитоор танилцах шаардлага байсан уу гэвэл байсан. Бас Монголын улстөрчдийн улс төр хийдэг арга ухаантай танилцах шаардлага ч байгаа л байх. Би үгүйсгэхгүй ээ.

-Тэгвэл та худлаа ярьж сурах хэрэгтэй болох нь байна шүү дээ?
-Зарим талаараа магадгүй шүү. Манайд үнэнийг бус худлаа ярьж байж л улстөрч болдог тийм буруу зуршил хөрснөөсөө ургачихсан юм билээ. Гэхдээ надад тэднээс худлаа ярьдгийг нь сурах шаардлага байхгүй. Яагаад гэдгийг би өмнө нь өөрт чинь хэлчихсэн шүү дээ.

-Би зөвхөн үнэний төлөө л явдаг гэснээ хэлж байна уу?
-Тийм ээ. Манайхан хүн эргээд ирэх нүүртэй байхын төлөө амьдрах хэрэгтэй гэж ярьдаг даа. Би дөнгөж гараанаас гарахдаа л худлаа яриад эхэлбэл хэн надад итгэх юм бэ. Молор-Эрдэнэ гэдэг хүний үнэлэмжийг би тэгж худлаа яриагаар унагахгүй. “Хэзээ ч гэж битгий хэлээрэй” гэдэг юм билээ харин би энэ асуудалд бол “хэзээ ч мөн чанараасаа урвахгүй” гээд хэлчихэд алдахгүй гэж бодож байна.

-Найдаж болох л юм. Бас цаг хугацаа бүх зүйлд хариулт өгнө гэсэн үг бас байдгийг сануулах хэрэгтэй байх?
-Цаг хугацаа намайг өөрөө өөрийнхөө мөн чанараас урвахгүй хүн гэдэгт минь, өөрт чинь болон монголчуудад хариулж өгнө гэдэгт итгэлтэй байна.

-Түрүүн та Н.Энхбаярын дүү нь байх гэж ярьсан даа. Ямар ч байсан дүү нь биш юм шиг байна. Гэхдээ анх яаж танилцснаа нуухгүй биз дээ?
-Нуух юм байхгүй ээ. Анх Германы Элчин сайдын яаманд танилцаж байсан. Германд миний ажил, амьдралын бүх он жилүүд өнгөрсөн учраас элчин дээр өнгөрсөн оны эхээр болсон нэг арга хэмжээнд уригдсан. Тэнд Н.Энхбаяр дарга ирж бид нар орчуулгын бүтээлийн талаар санал солилцсон. Үүний дараа эрдмийн хүмүүс учраас улс төрийн онол, дэлхийн сонгодог бүтээлийн талаар уулзаж ярилцдаг болж, ууланд хүртэл хамт аялсан. Бидний танилцсан түүх ердөө л энэ. Түүнээс бус Н.Энхбаяр дарга улс төрийн шинэчлэл хийх гээд л намайг түлхүүрдсэн зүйл огт байхгүй. Гол нь бидний нийгмийн чиг баримжааны талаарх үзэл баримтлал нийлж байсан маань өнөөдрийн энэ нэгдэлд түлхүүр болсон байх.

-Н.Энхбаяр дарга таныг МАХН-ын гадаад харилцаа, өмнөө барин тугаа хийж явах гол үзэл баримтлалыг тодорхойлох нарийн бичгийн дарга гэж хэвлэлийн бага хурлын үеэр танилцуулж байсан. Тэр танилцуулгаас ихээхэн чухал онцгой үүрэг бүхий хүн нь болсон юм болов уу гэх бодол төрснөө нуух хэрэггүй болов уу?
-Би 20-иод жил гадаадад ажиллаж, амьдарсан учраас гадаад харилцааны тухайд ойлгомжтой байх л даа. Ерөнхийдөө өнгөрсөн жи­лүү­дэд миний амьдрал бүхэлдээ гадаад хэл дээр явагдаж ирсэн байна. Сүүлийн жилүүдэд монгол хэлэндээ их хайртай болж, эх хэлээрээ ном бичсэн. Гадаадад олон жил болохоор Монголдоо, монгол хэлэндээ их хайртай болдог юм шиг санагдсан. Түүнээс бус дандаа л герман, англи хэлээр харилцаж ирсэн байна. Энэ утгаар маань гадаад харилцааг даалгасан болов уу. Дээр нь бидний хувьд улс төрийн академи байгуулах төлөвлөгөө бий. Улс төр гэж юу юм бэ, онолын үүднээс хэрхэн тайлбарладаг юм гэх олон асуултад тэр академиар дамжуулж бодит хариултыг нь өгнө.

-Товчхондоо бол зүүний үзэл, номлолыг сурталчлах байх. Тийм үү?
-Яг сурталчилна гэж бас ойлгож болохгүй байх. Харин таниулна гэж хэлэх нь оновчтой санагдаж байна. Ардчиллын хөгжил өнөөдөр хэт их либераль тал руугаа орж байна. Энэ нь жирийн иргэдийн амьдрах боломж бололцоог хааж байгаа. Зөвхөн хөрөнгөтний давхаргад түшиглэсэн, тэднийг дэмжсэн тэр хязгаар руу явж байна. Иймд жирийн иргэдийн хохирлыг бид дэмжиж болохгүй. Үүнийхээ оронд ардчиллын сайн талыг авсан социалист нийгмийг бид хөгжүүлэх нь оновчтой. Тэгснээр хүн бүрийг орлоготой, тэр орлого  амьдралын баталгааг нь хангадаг болж чадна. Бүгд гурван өрөө байранд амьдрах шаардлагагүй. Жирийн ир­гэд нь ядаж өөртөө нэг өрөө байртай байдаг бол тэр чинь МАХН-ын анхнаасаа баримталж ирсэн социал демократ үзлийн мөн чанар биелж байна гэсэн үг л дээ.
-Дор бүрнээ довоо шарлуулаад явах гэдгээр монголчилж тайлбарлаж болох юм?
-Тийм ээ, тэр чинь л энэ үзэл байхгүй юу. Барууны онол нэгэнт хөрөнгөтөн, татварыг хамгаалж, эдийн засгийн тулгуур үзэл дээр суурилдаг учраас эдийн засаг нь хөгжих хэрээр нийгмийн давхаргад зөрчил бий болгодог. Капиталист маягийн хэт их эрх чөлөөг тунхагласан ардчилал чинь өөрөө их хүнд. Ерөнхийдөө л улс орнууд энэ турбо капитализмаас татгалзаж, Европын орнуудын социал демократ нийгмийн чиг баримжаа руу чиглэж байна шүү дээ.

-Гэхдээ энэ онолыг дахин “нутагшуулах”-ын тулд төр өөрөө мөнгөтэй байх хэрэгтэй шүү дээ. Наад зах нь төр иргэдийнхээ амар тайван амьдралын төлөө хөрөнгө зардаг хүчтэй байх хэрэгтэй?
-Монголын нөхцөл Ев­ропын орнуудаас арай өөр л дөө. Манайх өмч хувьч­лалаасаа эхлээд алдаад эхэл­чихсэн.

-Та алдааг нь ямар үн­дэслэлээр тайлбарлаж бай­гаа вэ?
-Өмч хувьчлал нь анхнаасаа бэлэг болоод явчихсан. Үйлд­вэрүүдээ хувьчлал нэ­рээр бэлэглэчихсэн учраас Монголд аж үйлдвэр тэр чигтээ уначихсан. Энэ уналт нь эдийн засгийн гол хөдөлгөгч хүчийг сүйтгэсэн. Зөвхөн гадаадын зээл, тусламж дээр суурилсан эдийн засгийг бөх бат гэж үзэх боломжгүй. Дээр нь, уул уурхайг цөм болгож байна. Уул уурхай дээр түшиглэж хөгжих тухай ярьдаг. Гэтэл бод л доо. Уурхайчин хүний амьдрал тэгж их хүсээд байхаар сайхан амьдрал биш биз дээ. Амь нас, эрүүл мэндээ золиосолж байж босгодог уурхайчин хүний амьдрал ямар их бэрхшээлийг туулдаг билээ. Тэгэхээр хүнээ шууд утгаар нь золиосолж баялаг бүтээх нь өөрөө урт настай стратеги төлөвлөгөө байж чадахгүй нь ойлгомжтой л доо. Энэ бол маш аюултай сонголт. Аюултай амьдрал. Үүнийхээ оронд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих замаар иргэдээ дор бүрнээ баялаг бүтээх тэр арга зам руу төр хөтлөх хэрэгтэй. Иргэдээ жаахан ч гэсэн хувийн орлоготой байхад л төр боломжтой бүх аргаараа санаа тавих нь социал демократ үзлийн гол мөн чанар.

-Гэхдээ танай намыг бод­ло­гоороо үндэсний хө­рөнгөтнүүдийн, группуудын эдийн засгийн оролцоог нийг­мээс ялгаварлахгүй гэж найдаж болох уу. Яагаад гэхээр танайхны ярианд нийгмийн давхаргын та­лаар эмзэглэсэн сэтгэгдэл маш ихээр цухалцаад байх шиг санагддаг. Дээр нь, таны ярианд ч гадныхны зээл, тусламжийг шүүмжлэх хандлага ажиглагддаг?
-Тэд татвараа л төлөх хэрэгтэй. Төр бол компанитай шууд татвараар нь л харьцах хэрэгтэй.  Нөгөө талаасаа компаниуд төрийн маш их зүйлийг үнэгүй хэрэглэдэг. Гэтэл өнөөдөр бизнес эрхлэгчид төрийн ачааг үүрч байна гэж хэлээд байна. Наад зах нь төрийн замыг, баталгаатай систе­мийг үнэгүй хэрэглэдэг. Төрийн бүх зүйлийг үнэгүй хэрэглэснийхээ төлөө тэд татвараа хангалттай төлөх ёс­той. Компанийн ёс суртахуунаа сайтар баримталдаг байх хэрэгтэй. Түүнээс бус төрийг тэжээж байгаа гээд тусгаар тогтносон байдлаар хандаад байж болохгүй.

-Та өнгөрсөн хоёр сарын хуга­цаанд МАХН-ын түр штабын үйл ажиллагааг нийгэмд таниулахын төлөө ажилласан. Харин цаашдаа МАХН гэдэг бие даасан намын бодлогыг нийгмийн хэмжээнд тодорхойлох үүрэгтэй боллоо. Нэг ёсны түр штабын хэмжээнд бус нийгмийн хэмжээнд сэтгэх ёстой ч гэж хэлж болох юм?
-Тийм ээ. Тэгэлгүй яах вэ. Улсын хэмжээнд өргөн хүрээнд бодно. Монгол Улсын ирээдүйн 10-20 жилийн хөгжлийн стратеги төлөвлөгөөг гаргана. Наад зах нь, уул уурхайгаа ойлгох хэрэгтэй байна. Би түрүүн хэлсэн хүний амь нас, эрүүл мэндийг золиосолж байж босдог энэ салбарыг улс орны тулгуур хүч гэж ойлгоод байвал дараа нь нөгөө хөгжсөн нийгэмд чинь хэн амьдрах юм бэ гэдэгт бид зөв хариултыг нь олох хэрэгтэй байна. Дээр нь тэр үйлдвэрүүдийг, компаниудыг ойлгох хэрэгтэй. Тэд зөвхөн өөрсдийн эрх ашгийг боддог, улс орныг авч явдаг том хүч мөн үү гэдгийг ойлгох хэрэгтэй. Компаниуд л зөвхөн төрийг авч явж байна гэж үзээд байвал энэ чинь хэт өрөөсгөл тайлбар. Тэр хувийн компанид төр ч тэр, иргэд ч тэр хэрэгтэй гэдгийг бид тодорхой болгох ёстой. Ерөөсөө нийгмийн тэгш эрх гэдэг нийгмийн тэгш оролцоон дээр тулгуурладаг гэдгийг тодорхой болгоно. Түүнээс бус хувийн компани л биднийг тэжээгээд, төрийг тэтгээд байна гэж үзээд байвал цаана нь жирийн иргэдийн амьдрал золиослогдсоор байх болно. Энэ үнэн шүү.

-Та мэдээж Монголд либераль үзэл моод болж байгааг анзаарч байгаа байх. Мэдээж нийгмийн боломжит давхарга, тэр дундаа үндэсний томоохон  үйлдвэрлэгчид өөрсдийн эрх ашгийг хамгаалахын тулд энэ  чиглэлийн ном, зохиолыг кампанит ажил болгон хэвлүүлж  байгаа нь ч нууц биш шүү дээ. Харин та бүхний сурталчилж байгаа үзэл эсрэг талаас нь дайралт хийх нь тодорхой?
-Манайд улс төр буюу политик гэдэг зүйл  байхгүй болчихсоны нэг жишээ нь энэ. За яах вэ байна гэж үзье. Гэтэл тэр байгаа улс төр нь эрх мэдэлгүй болчихсон. Улс төр нь шийдвэр гаргах, нийгмийн хөгжлийг, бодлогыг тодорхойлох чадваргүй. Үүнийг нь нөгөө бизнес эрхлэгчид чинь ашиглаад төрийн бодлогыг, улс төрийг, шийдлийг санал болгож, өөрсдийн эрх ашгаар тодорхойлж байна. Тэд либераль үзлийг өөрсдийн эрх ашгаар тайлбарлаж, өөрсдийн эрх ашигтай дүйцүүлж, өөрсдийн төлөө сурталчилж байгааг төр нь яг адил давтдаг болчихсон. Ерөөсөө улс төр бус эдийн засаг төрийн бодлогын дээр гарсны илрэл нь энэ. Улс төр доор нь орчихоод гарч ирж чадахгүй байна. Жинхэнэ улс төрд компанийн захирал байсан хүн Ерөнхий сайд болдоггүй байхгүй юу. Мөнгөгүй, шударга, зарчимтай хүн улс төр хийж чаддаг. Дээр нь намууд өөрсдийн гэсэн ялгарал бүхий бодлоготой байх ёстой. Харин компанийн захирал, үндэсний цөөхөн хөрөнгөтөн хүн Монголын хамгийн том намын дарга, гүйцэтгэх засаглалын тэргүүн байснаар улс хөгжинө гэж байхгүй. Ийм байхад бизнес эрхлэгчид өөрсдийн эрх ашгийн төлөө иргэдийн тархийг угаах замаар төрийн бодлогыг тодорхойлоод байгаа байхгүй юу. Мөн нам нь өөрийн хатуу зарчим бодлогоо барих ёстой болохоос бус улс төрийн онолын ямар ч ялгаралгүй, өөрсдийн гэсэн чиг баримжаагүй намтай манайх шиг улсад төр жинхэнэ утгаараа ажиллаж чаддаггүй. Нийгэм хөгждөггүй.

-Харин  энэ чинь манай улсын давуу тал юм биш үү. Ардын нам болон Ардчилсан намын аль нь ч сонгуульд ялсан нэгнийхээ үйл хэргийг эв зүйтэй үргэлжлүүлээд явна гэсэн үг шүү дээ. Адилхан мөнгө тараана, бодлогоо дундаасаа тодорхойлно гээд л?
-Гол нь тэгж болохгүй байхгүй юу. Наад зах нь нийгмийн баялгийг барууны онолоор бол тэгш хуваах ёстой. Харин зүүний онолоор бол шударга хуваахыг гол зарчмаа болгодог. Энэ чинь ялгаа биз дээ. Ийм ялгааг баримтлахгүй бол барууны чиг баримжаатай нам, зүүний онол баримталдаг нам гэж тус, тусдаа байх хэрэггүй шүү дээ. Хоёулаа нийлээд ард түмнээ хуурч бүр ч болохгүй. Өнөөдөр бод л доо. Засгийн газраас өгөх ёстой 1.5 сая төгрөгийг айлууд ам бүлээ тоолоод 5-7 ам бүлтэй нь машин авна гээд сууж байна. Гэтэл нөгөө мөнгө нь байхгүй. Иргэд тэр мөнгийг аваад “Ингэнэ, тэгнэ” гээд маш олон зүйлийг төлөвлөчихсөн суугаа. Тэднийг ийм аймшигтайгаар хуурч, доромжилно гэдэг бол Монголд улс төрийн соёл, үүрэг хариуцлага байхгүйн илрэл. Угаасаа улс төр нь өөрөө байхгүй учраас арга ч үгүй байж болох юм.

-Та хувьдаа “Хүний хөгжлийн сан”-гийн мөнгөөрөө юу авахаар төлөвлөсөн бэ?
-Компьютерээ л сайжруулна даа. Одоо нэлээд хуучирчихсан л даа.

-Танай гэр бүлийнхэн улс төр рүү орохыг тань, гэнэт нийгмийн талаар олны өмнө чанга дуугарахыг тань дэмжиж байгаа юу?
-Би ганц хүүтэй. Хүү маань одоо Германд их сургуульд сурч байгаа. Тэр хүн өөрийнхөөрөө л амьдралыг томъёолж, өөрийнхөөрөө л удирдана. Миний эхнэр биологийн чиглэлээр  судалгааны ажил хийж, доктор хамгаалсан хүн. Эхнэр маань “Угаасаа чи ийм л хүн” гэдэг юм. Тийм болохоор дэргэдээс “Буруу зөрүү ярьж байна. Зөв зүйл хийж байна” гэх мэт дүгнэлт ирдэггүй.

-Танд өнөөдрийн нөхцөл байдлаас харахад улс төрөөс буцах зам харагдаж байна уу. Буцаж чадах уу гэсэн үг л дээ. Олон хүн буцах эрх алга гээд л шүүрс алддаг?
-Хэрэв тийм цаг үе ирвэл надад буцах зам хэзээд байна. Би хамгийн гоё мэргэжилтэй хүн. Филисофийн ухааны доктор хүн шүү дээ. Нэг их гоё ном бичээд л, ном орчуулаад л…Гоё биз дээ. Надад бас их гоё төсөөлөл бууж байна шүү. Гэхдээ болоогүй ээ. Тууштай зүтгэнэ. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг байх аа. Гэсэн ч надаа унах бас уйлах шалтгаан гарахгүй гэдэгт итгэлт байна. Харин ч урт замын эхэнд чамтай ярилцаад сууж байгаа байх шүү. Энэ замын үргэлжлэл их урт байгаа гэдгийг хэлмээр байна.

-Үргэлжлэлд нь Н.Энхбаяр хийгээд МАХН-ын нөхөд ямагт хамт байх болов уу. Одоо улс төрийн хамтрагчид салж, нийлэх нь бас их амархан болсон шүү дээ?
-Бид энэ урт замыг хамтдаа эхлүүлсэн. Энэ бол өөрийн тань асуултад хариулт болох хамгийн оновчтой үндэслэл гэдэгт итгэлтэй байна.

Г.ОТГОНЖАРГАЛ

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж