Шатрын оюутны ДАШТ эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.09.06-нд нийтлэгдсэн

Шатрын оюутны ДАШТ эхэллээ

Швейцарийн Цюрих хотноо шатрын оюутны дэлхийн аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээн өчигдөр эхэллээ. Энэ сарын 11-ныг дуустал үргэлжлэх оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 1982-1992 оны хооронд төрсөн, дэлхийн 30 орчим орны шатарчид өрсөлдөж байна. Харин манай улсаас эрэгтэй дөрөв, эмэгтэй дөрөв, нийт найман шатарчин оролцож байгаа юм. Тэдгээрээс эрэгтэйчүүдийн олон улсын мастер цолтой Б.Мөнгөнтуул чансаагаараа нэгдүгээрт бичигдээд байна.

Өчигдөр шатарчид эхний өргийн тоглолтоо хийсэн бөгөөд манай шатарчдаас Б.Мөнгөнтуул Шведийн Сепс Моникатай цагаанаар тоглож, дэлхийн аваргын анхны хожлоо авсан байна. Тэрбээр дараагийн тоглолтоо Германы шатарчны эсрэг хийх юм. Мөн Д.Янжиндулам Португалийн шатарчин Феррейра Ана Маргарида, У.Лхамсүрэн Шри Ланка улсын шатарчин Де Сильва Химеши нарыг тус тус хожсон бол Т.Батчимэг Ираны шатарчин Салман Махини Монатай хараар тоглож, хожигджээ.

Харин манай эрэгтэй шатарчдын тухайд Г.Эрдэнэ, Г.Оргил нар эхний өрөгтөө хожигдсон бол Б.Гүндаваа, Г.Мөнхгал нар эхний тойргийн тоглолтыг өнжсөн байна. Дэлхийн аваргын хоёр ба гурав дахь өргийн тоглолтууд өнөөдөр болно.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж