Мисс болох мөрөөдөлтэй ”Баавгай” аварга

Хуучирсан мэдээ: 2010.09.06-нд нийтлэгдсэн

Мисс болох мөрөөдөлтэй ”Баавгай” аварга

“Сингапур-2010” өсвөр үеийнх­ний
анхдугаар олим­пийн аварга Б.Батцэцэгтэй гэрт нь уулзаж, тухтай
ярилцахаар цаг завыг нь асуулаа. Олимпийн аварга маань бэлтгэл, хүлээн
авалт, уулзалт, зугаалга гээд ойрдоо тун завгүй. Бэлтгэл хийж байхад нь
гэр рүү нь аваад давхичих санаатай Спортын төв ордонд өнгөрсөн баасан
гарагт “барьж” авахаар очлоо. Биеийн тамирын шар өнгөтэй хослол өмссөн
охин багшийнхаа тушаалаар гүйж, эрэгтэй голдуу тамирчидтай ноцолдон,
зарим нэгийг нь аваад шидчихэж байгаа нь манай аварга мөн байв. Спортын
нарийн мэдлэггүй хүн харахад аварга охин болоод шигшээ багийнхан
ноцолдоод, тоглоод, зүггүйтээд байгаа юм шиг. Бэлтгэлийн завсарлагаанаар
хөлс нь бурзайчихсан аварга маань гүйж ирэхийг хараад “тоглоод байна”
гэж харсандаа баахан ичив. Бас “Бэлтгэлээ дуусгачих.

Танайх руу явъя” гэж хэлэхээсээ бэргэснийг яана. Хэсэг амарсных нь дараа
учир байдлаа хэлтэл аварга маань “Манайх эзгүй байгаа. Дунд
сургуулийнхан маань биднийг авч амралтад явах гэж байгаа. Тэр далимаар
өвөө, эмээ дээрээ очих бодолтой байна. Гэтэл бэлтгэл шахагдаад ажил
амжихгүй түвэгтэй юмаа. Би та нарыг гэртээ очуулах дургүй байгаа юм биш
шүү. Би ням гарагийн өглөө л гэртээ байж магадгүй. Гэхдээ ээжтэй ярьсан
нь дээр шүү. Би ганцаараа шийдвэр гаргаж болохгүй” гээд завгүй байгаагаа
эвтэйхэн тайлбарлав.

Ингээд ням гарагийн өглөө манай сурвалжлах хэсэг  Налайх дүүргийг
зорилоо. Урилгагүй зочид учраас  Налайхад тааралдсан эхний хүнээс гэрийг
нь сураглав. Аавынх нь нэрээр биш “Олимпийн аваргынх” гэхээр
тэндхийнхэн андахгүй байлаа.  Гудамжиндаа зосон өнгөтэй хашаа ялгарч
харагдсан нь аваргынх. Саяхан хашаагаа будаж янзалсан бололтой, хаалган
дээр зурсан хээ нь шинээрээ. Хашаанд хоёр гэр, жижигхэн цагаан байшин
байна. Байшин нь аваргын өссөн гэр, Г.Баатарзориг гуайнх аж. Хашаанд
барьсан таван ханатай шинэ гэрийг Налайх дүүргийн ЗДТГ-аас олимпийн
аварга охинд бэлэглэсэн гэнэ. Гэрт хуучны хийцтэй хоёр бор авдар, шинэ
ор, авдар, сандал тэргүүтэй тавилга байх аж. Орон дээр баглаатай цэцгийг
эгнүүлэн өрсөн нь аваргын бага дүүгийн хийсэн ажил. Аварга охиндоо баяр
хүргэсэн монголчуудын сэтгэлийн илэрхийлэл гэрийг цэцгийн баглаагаар
дүүргэх шахжээ. Нөгөө гэр хамаатных нь гэнэ. Г.Баатарзориг гуайн байшин
зай багатай ч цэмцгэр юм. Хоймортоо охиныхоо Арслан хотод олимпийн
аваргын медаль зүүсэн зургийг залжээ. Хажууд нь медалиудыг нь эгнүүлсэн
нь сүртэй харагдав. Харин хоёр талд нь Засгийн газраас гардуулсан 36 сая
төгрөгийн батламж, Мобиком корпорациас бэлэглэсн “Be” брендийн шинэ
дугаарын батламжийг тавьжээ.

Аваргын ээж, бага дүү хоёр нь байна. Б.Батцэцэг дүүтэйгээ өглөө эрт
бэлтгэлдээ явчихаж. “Танайхан өчигдөр амралтад явсан биз дээ. Ийм эрт
явчихсан хэрэг үү” гэж гомдонгуй өнгөөр асуухад ээж нь “Энэ сард Хөх
хотод Монгол туургатны их наадамд оролцох учраас бэлтгэл нь шахагдаад.
Дүүтэйгээ бэлтгэл хийхээр явчихлаа. Манай охин ойрд гүйцэгдэхээ болиод
байгаа. Хотод өнөөдөр хонож ч магадгүй” гэв.  Харин аав нь “Гордок” руу
айлын байр засалцахаар явсан гэнэ. “Дайллага, цайллага, хүлээн авалтад
уригдаж, зочдын хөлд дарагдаад завгүй л байна. Гэсэн ч хэдэн төгрөг нь
амьдралд хэрэгтэй юм гээд манай хүн өнөөдөр ажилдаа гарлаа. Би ч ядарч
байна гэж жигтэйхэн. Хөдөлгөөн багатай байхыг шаарддаг өвчтэй болохоор
хэвтрээ үгүйлээд. Охиноо аварга болсноос хойш баяр тэмдэглээд бүтэн
нойртой хоносонгүй. Охин маань олимпийн аварга болсноор зөвхөн биднийх
биш монголчуудын охин болчихдог юм байна” гэсээр аваргын ээж Ж.Ганцэцэг
яриагаа эхэллээ. Ээжийнх нь ярьснаар монголчуудын охин Баатарзоригийн
Батцэцэгийн өсч торнисон гэр бүл, амжилтын оргилд хүрсэн замыг нь
уншигчдадаа хүргэе.

ЗУРААЧ МИСС ӨСГИЙТЭЙ ГУТАЛД ДУРГҮЙ ОЛИМПИЙН АВАРГА БОЛСОН НЬ

Г.Баатарзориг, Ж.Ганцэцэг хоёр одоогоос 17 жилийн өмнө үрийн зулай
үнэрлэж, охинтой болсон нь Б.Батцэцэг. Гэрийнхэн нь түүнийг Баачка гэж
дуудаг. Баачка жилийн дараа дүү дагуулсан азтай охин. Ой гаруйхандаа
мөөмөө дүүдээ булаалгасандаа одоо ч жаахан гомдомтгой. Гэхдээ хүнд
бэлтгэл, олон хоногийн тэмцээнээсээ харьж ирсэн шөнөдөө ээжийнхээ
мөөмийг барьж унтдаг заншилтай гэж байгаа. Ээжийнхээ хийсэн бууз,
хушуурт нугасгүй, махнаас бол буцахгүй аварга маань багадаа мисс болох
мөрөөдөлтэй байжээ. Аав нь Налайхын нүүрсний уурхайд ажилтай. Ээж нь
оёдолчин. Айлын том охин дүүтэйгээ гэр харах “ажилтай”. Өдөржин
ээжийнхээ будаг шунхаар гоёж, мисс алхаагаар алхаж мисс нүдээр
тормолздог байжээ. Орой бүр аав, ээжээсээ мисс болох зөвшөөрөл асуудаг
охин зурах авъяастай. Нэг орой ээжийгээ ажлаас ирэхэд дөрвөн настай
Баачка гэрийнхээ шалны хулдаасаар дүүрэн нөмрөг өмссөн хүүхэлдэйн баатар
зурчихсан байж. “Алганы амт үзүүлсэн үү” гэж ээжээс нь асуухад “Яг
адилхан зурчихсан байсан юм чинь хайр хүрээд. Хүнд гишгүүлэхгүй гэж
хэдэн өдөр хамгаалсан санагдаж байна. Өнгийн харандаагаар зурсан учраас
яалт ч үгүй арилсан даа. Миний охин ер нь их хөдөлгөөнтэй, тал бүрийн
авъяастай” гэж бахархсан юм. Зураач, мисс Баачка зургаан настайгаасаа
усны аян хийдэг болжээ. Аав нь өглөө ажилдаа явахдаа 10, 20 литрийн сав
тэргэн дээр нь тавиад усны мөнгийг нь атгуулаад үлдээдэг байж. Баачка
усаа авч, түлээгээ хагалж, хоолоо бэлтгэчихээд дүүгээ тоглуулсан шигээ
аав, ээжийгээ угтдаг сайн охин байв. Дүү охин Б.Батзул нь ч тусад орж
эгчийнхээ ажлаас хамждаг болжээ. “Г.Баатарзоригийн хоёр охин аав,
ээжийгээ гэрийн ажилд хүргэдэггүй” гэж налайхынхан ярьдаг байсан гэнэ
лээ. Баачка гэрийн гадуурх хүнд, хэцүү ажлыг хийнэ. Дүү нь гэр доторхийг
амжуулна.

Налайх дүүргийн “Эрдмийн оргил” цогцолбор сургууль 2005 онд чөлөөт
бөхийн дугуйлан хичээллүүлэхээр болж Д.Мөнхбаяр багш нь Баачкад шавиа
болох санал тавьсан гэдэг. Баачка багшийнхаа саналыг гэрийнхэндээ
хэлэхэд угийн спортод элэгтэй ээж нь дуун дээр нь дэмжсэн бол аав нь
“Өөрөө л мэд” гэснээс өөр үг хэлээгүй гэнэ лээ. Чөлөөт бөхөөр барилдаж
эхлээд хэдхэн сарын дараа Улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл
медаль хүртжээ. Түүнээс хойш Б.Батцэцэг өсвөрийн улсын аваргын хошой
алт, олимпийн аваргын алтаас эхлээд 20 гаруй медаль зүүсэн туршлагатай,
дэлхийд данстай тамирчин болжээ.

Мисс болох мөрөөдлөө гэнэт орхиж бөх болсон Баачка маань охидын дурладаг
гоёлын плат, өсгийтэй туфль, гуталд харин ч нэг дургүй болжээ. Дунд
сургуулиа төгсөх хонхны баярт сургуулийн гол нүүр царай Б.Батцэцэг
байжээ. Гэтэл Баачка дүрэмт хувцас, туфль өмсөхгүй гэж зөрүүдэлжээ. Арга
ядсан ээж нь дасгалжуулагч багш Д.Мөнхбаярт нь алтан хошуу өргөжээ (Ээж
нь охиноо үгэнд орохгүй болохоор дасгалжуулагчид нь хов хүргэчихдэг
аргатай). Багш ч “Нөхөр минь…” гэж ирээд хатуухан зэмлэсний хүчинд
яршигтай туфлийг өмсөхөөр болжээ. Үдэш нь өргөмжлөл, шагналд даруулсан,
хувцастаа түүртсэн ууртай хүн ирснийг ээж нь “хөгтэй харагдсан гэдэг нь”
гэж ярьсан юм. Нэг иймэрхүү эршүүд зантай Баачка маань одоо хүртэл
хичээлдээ очоогүй хэнэггүй оюутан. Аварга МУБИС-ын харъяа БТДС-ийн багш
дасгалжуулагчийн ангийн оюутан болох урилга авсан. Ангийнхан нь өнөөдөр л
аваргатайгаа хамт хичээллэх сурагтай байв.

ХАМГИЙН ТОМ ИВЭЭН ТЭТГЭГЧ ӨВӨӨ, ЭМЭЭ БОЛ НЯЦАШГҮЙ ШҮТЭН БИШРЭГЧ ЭЭЖ НЬ

Ж.Ганцэцэг охиныхоо хамгийн сайн ар тал, няцашгүй шүтэн бишрэгч бас
менежер. Охиныхоо оролцсон дотоодын тэмцээн бүрт дагаж явна. Бүр бага
охиноо нялх байхад нь тэврээд явдаг байж. Тэр бүрт ар гэрийнх нь
амьдрал, эзэгтэйн үүрэг орхигддог гэмтэй. “Гадаадад болсон тэмцээн рүү
дагах хүсэлтэй байдаг ч өөрийнхөө бүү хэл охиныхоо зардлыг олох гэж
зовдог” гэж Ж.Ганцэцэг тамирчдын ар талд тохиолддог бэрхшээлийг
нуугаагүй. Гадаадад нэг тэмцээнд оролцоход доод тал нь гурван сая төгрөг
шаардагдаг. Ивээн тэтгэх байгууллагагүй болохоор ар гэрийнхэн нь
мөнгөний эрэлд гарахаас өөр аргагүй. Гурван сая төгрөг нүүрс ухаж,
барилгын ажил хийдэг аавд нь тэр бүр олдохгүй. Ингээд ээж нь “цагаан
данс” хөтлөнө дөө. Өрийг хар дансан дээр хөтөлдөг бол тэмцээнд оролцох
хандивыг цагаан дансан дээр хөтлөхөөс аргагүй. Ээж “цагаан данс”-аа
бариад Налайхын ЗДГТ-аас эхлээд танидаг, мэддэг хүн бүрт хандаж хандив
гуйна. Хандив өгсөн хүн “цагаан данс” дээр мөнгөний дүн бичээд гарын
үсэг зурна. Харин Б.Батцэцэг амжилтаараа хандивлагчдын ачийг хариулах
үүрэгтэй. Гадаад дахь тэмцээний тоо өсөх бүрт “Цагаан данс” зузаарна.
“Цагаан данс” бүрийн эхэнд Тэрэлжид амьдардаг өвөө, эмээгийнх нь нэр
зурайна. Яагаад гэвэл түүний өвөө, эмээ хамгийн том хандивлагч.
Болохгүйд хүрвэл тэтгэврийн зээл аваад охиноо үдэж явуулна. Өвөө,
эмээгийнхээ итгэлийг Баачка алдсан удаагүй. Харин Олимпийн аварга болж
даралтыг нь өндөрсгөж балрах шахсан “муу” охин.

“ОХИНЫ МААНЬ АМЖИЛТ НАМАЙГ ЭДГЭЭСНЭЭС ЯЛГААГҮЙ”

Засгийн газраас шагнасан 36 сая төгрөгөөр юу хийхийг аваргаас асуув.
Шуудхан ээжийгээ эмчлүүлье гэж боджээ. Ээж нь төрөлхийн түнхний
мултралтай. Гурван настайдаа мэс засалд орсон ч эдгээгүй аж. Аварга
маань ээжийгээ эмчлүүлэх чин хүсэлтэй. Гэтэл гадаадад мэс засал
хийлгэхэд хамгийн багадаа зуу гаруй сая төгрөг шаардлагатай. Мэс засал
хийлгэлээ гэхэд бүрэн эдгэх найдвар муутай. Тийм учраас охиноо ээж нь
эрс хориглож байгаа аж. “Одоо миний биш охидуудын маань ирээдүй чухал.
Бэлтгэл, сургуулилт гээд зав муутай байхад ядаж амьдрах орчинг нь
тохитой болгомоор байна. Охины маань амжилт намайг эдгээснээс ялгаагүй.
Надад охиддоо баярлаж бахархахаас гуних цаг байхгүй. Тийм учраас
сургуультай нь ойрхон байр авчих юмсан гэж бодох юм. Байр сууцанд
амьдарч үзээгүй хүмүүс ямар үнэтэй, ямар байр байдгийг нь мэдэхгүй. Хөх
хотоос ирэхээр нь байр судална даа. Байр авлаа гэхэд ус, цахилгааны
мөнгө нь их байдаг гэсэн. Манай дүү байр хөлсөлж амьдардаг. Түүнийгээ
Баачкагийн байранд амьдраад ус, цахилгаан, дулааных нь мөнгийг өгөөч гэж
гуйж байгаа. Яваандаа болох биз. Бид Налайхаас нүүх бодолгүй байна. Би
ажил хийж чадахгүй. Уурхайд ажилдаг нөхөр маань ажлаас гарчихвал амьдрал
зогсоно. Дассан, сурснаараа эндээ л амьдарна даа. Манайх 2002 оныг
хүртэл айлын хашаа дамжиж амьдарсан. Одоо өөрийн гэсэн хашаа, байшинтай.
Дутах юмгүй сайхан амьдарч байна” гэж Ж.Ганцэцэг эгч хуучилсан юм.   

ИЧИМХИЙ ААВ ОХИНЫХОО БАРИЛДААНЫГ ҮЗЭЭД УЙЛДАГ

Аваргын аав Г.Баатарзориг жирийн л нэг уурхайчин. Өвлийн улиралд нүүрс
ухаж сарын 300 шахам мянган төгрөгийн орлоготой ажилладаг. Зунд барилгын
туслах ажил хийж өвлийнхөөсөө арай бага мөнгө олно. Охидуудаа чөлөөт
бөхөөр барилдахад нь хориглоо ч үгүй, баярлаа ч үгүй “өөрсдөө л мэд” гэж
хэлсэн аав нь угаасаа дуу цөөтэй нэгэн. Охидууд аавыгаа архи уугаасай
гэж хүсдэг гэсэн сонирхол татав. Яагаад гэвэл эрүүлдээ дуу цөөтэй аав нь
халахаараа охидтойгоо тоглохыг үзүүлээд өгнө. Ээжийнх нь хэлснээр
гурван охинтойгоо нийлээд гэрээ буулгачихдаг аж. Сүүлийн үед охидын гар
хатуудаад, аав аягыг нь даахаа болиод байгаа аж. Охидууд нь ноцолдож
тоглодог, барилддаг болохоор найзууд нь “Танай эхнэр эрэгтэй хүүхэд
гаргахгүй байж эрээс ялгаагүй охидтой. Бага охиноо эмэгтэй хүн болго”
гэж хошигнодог гэсэн. Энэ айлын хамгийн уярамтгай бас ичимхий нь
Баачкагийн аав. Аав нь охиныхоо олимпийн аваргын төлөөх барилдааныг
үзэхдээ одоо ч мэлмэртэл уйлдаг гэсэн. Харин ээж нь дотроо огшдог гэсэн
шүү. Бас аав сүүлийн үед сэтгүүлчдээс зугатдаг ажилтай болжээ. Олимпийн
аварга охиноо онгоцны буудлаас тосох үеэр нь сэтгүүлчид сэтгэгдлийг нь
асуухад “Сайхан байна. Манай эхнэрээс асуу” гэж онигоонд орсон гэсэн. 
Охидоо чөлөөт бөхөөр илүү их амжилт гаргахыг аав нь хатуу захидаг. Харин
ээж нь амжилтын оргилд хүртэл хүнтэй суухыг нь тас хорьжээ.

“БААВГАЙ”-Н НҮДЭНД ХӨВГҮҮД ХАЙРТАЙ

Налайх гурван баавгайтай. Том баавгай нь Налайхын чөлөөт бөхийн холбооны
дарга Ч.Нямжав, дундах нь гарьд П.Сүхбат, жижиг нь Б.Батцэцэг.
Налайхынхан олимпийн аваргаа “Баавгай” л гэж дуудна. Налайхын Засаг
дарга “ЗДТГ-ын үүдэнд усан оргилуурын дунд гурван баавгай байрлуулбал
битгий гайхаарай. Манай гурван бахархал баавгай шүү” гэж хошигносон
гэдэг. Аварга “баавгай”-д Налайхын хөвгүүд хайртай. Аваргын нүд хамгийн
хөөрхөн гэнэ лээ. Нүдэнд нь дурласан хөвгүүд үерхэхийг гуйна. Харин
“Баавгай” жирийн найз л байхыг зөвшөөрдөг. Энэ асуудлаа ээжээсээ ер
нуухгүй. Ээж нь ч жирийн үерхлийг хүлээн зөвшөөрдөг. Харин найз залуу
бол хориотой. Спортын амжилтад хүрэхээс наана тэр асуудал хориотой
учраас Б.Батцэцэгт хэдэн хүүхдийн ээж байна, тийм гэргий байна гэсэн
төлөвлөгөө байхгүй. Б.Батцэцэгийг налайхынхнаас гадна дүү нь “баавгай”
гэж дууддаг юм билээ. Баавгай гэснээс аваргын гэрт баавгайн чихмэл
цөөнгүй байна лээ. Хочийг нь мэддэг хүмүүс баавгайн чимхэл бэлэглэжээ.
Аварга ч тэр бэлэгт дуртай.

Олимпийн аварга жаахан залхуу сул талтай болж байгаа гэсэн. Ээж нь
түүнийг нь зөөлрүүлж “Бэлтгэлдээ ядардаг юм байлгүй. Орой ирээд нь унаад
өгдөг болсон. Тэмцээнд авч явах хувцас хунарыг нь би л бэлдэнэ шүү дээ.
Биеэ даах болоогүй нялх амьдан шүү дээ” гэж энхийлж байсан.

ДҮҮГИЙН ЗАХИСАН АЛТАН МЕДАЛЬ

Аваргын бага дүү Хонгорзул гурван настай. Тэр “Баавгайд би алтан медаль
захисан. Баавгай надад алтан медаль авчирсан. Надад гоё байна” гэж ирээд
л хэвлүүхэн ярьж байна. Хонгороо гэрийнхэндээ зөнч болжээ.
Б.Батцэцэгийг Арслан хот руу үдэхийн урд орой хамаатан саднаараа цуглаж л
дээ. Жаахан хүүхэд зөнтэй гээд охиныхоо медалиудаас Хонгороогийн нүдийг
боож байгаад татуулжээ.  Хонгороо шуудхан алтан медаль татчихаж. Өглөө
нь дахиад татуулахад урд орой сугалсан медалиа гаргаад ирж. Бүр онгоцны
буудал дээр “Баавгай алтан медаль авчираарай” гэж шивнэсэн гэж байгаа.
Дараа нь аваргын дүү Б.Батзул дотоодын тэмцээнд оролцохоор дүүгээрээ
медаль татуулахад зөнч маань хүрэл медаль сугалжээ. Б.Батзул ч тэр
тэмцээнээсээ хүрэл медаль зүүсэн гэж байгаа. “Том эгч дүүгийнхээ
захиасыг биелүүлэхгүй бол муухай. Олимпийн бамбар ассанаас хойш л алтан
медаль авна гэсэн бодол салаагүй. Аваргын төлөөх барилдаанд Энэтхэгийн
бөхтэй таарсан. Тэр бөхөд урд нь хоёр удаа ялагдсан болохоо жаахан айж
байсан. Гэхдээ монгол хүн гурван удаа алдаж болохгүй шүү гэж өөртөө
хэлээд барилдсан. Зорилгоо биелүүлэх сайхан шүү” гэж аварга маань
дүүгийнхээ төлөө барилдсан мэт хуучилж байсан. “Дахан доор аварга,
даахин доор морь” гэгчээр гэр хороололд амьдардаг, ус түрж, түлээ
хагалж, дүү нараа асарч өссөн охиндоо монголчууд алтан медаль захиад
үдсэн. Б.Батцэцэг дүүгийнхээ, эх орныхоо захьсан алтан медалийг
авчирлаа. Аваргыг олон тэмцээн, олон олимп хүлээж байгаа. Амжилт, ялалт
чиний өмнө байгаа шүү Баачка аварга аа.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж