
Тэгэхээр хоёр экс хоёул хамт эрэлд гарчээ. Нэг нь гэм буруугүйгээ нотлох, харин нөгөө нь МАХН-ын экс даргын буруутай эсэхийг тодорхойлох учраас тэр. Гэвч тэдний хэн нь буруутан болж, хариуцлага хүлээхийг цаг хугацаа шүүнэ.
МАХН-ынхны хувьд албан ёсоор улстөрждөг хуралдаан маргааш эхэлнэ. Хэдийгээр Бага хурлын XII хуралдаан хэмээн уламжлалт хэв маягаар далдалж буй ч энэхүү ээлжит хуралдаанаар тус намынхан ихээхэн улстөржицгөөх нь гарцаагүй. Гэхдээ гол дүрд хэн тоглох вэ. Мэдээж, залуус. Тус намын Удирдах зөвлөл өнгөрсөн хавар Их тэнгэрт хуралдахад Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Залууст боломж олгох цаг болсон” хэмээн мэдэгдсэн нь амбиц ихт залуусын аагийг бадрааж орхисон. Чухам тэр л цагаас 1970-1980-аад оныхон байр булаалдаж, “МАХН-ын ирээдүйн удирдагч хэн бэ” хэмээгч ШБОС-ыг бие биедээ зарласан хэрэг. Ц.Нямдорж гэсэн автортой өөр нэгэн үг бий. “Жигүүрийнхнийг дорбинкдоно” гэж. Тэгвэл тус намын залуус энэ удаад санаачилгыг гартаа авч, “Уламжлал, шинэчлэл-Ардчилал, шударга ёс” жигүүрийг дорбинкдож болзошгүй нь. Өнгөрсөн хаврын их улстөржилтийн үеэр сураг нь сонсогдоод хэсэгтээ нам гүм болсон нэгэн шинэ жигүүрийн сураг ойрмогхоноос дуулдаж эхэллээ. УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Энхбаяр тэргүүтэй 1970-аад оныхон Бага хурлын гишүүдэд жигүүр байгуулж буйгаа мэдэгдэх сурагтай. Тэгэхээр Бага хурлын XII хуралдааны өрнөл хэсэгт шинэ, хуучин жигүүрийнхэн тоглож, “XXVI их хурлаа товлоно” гэх МАХН-ынхны өнгөлөн далдлалтыг хуу татах биз. “Шинэ жигүүрийнхэн дээр Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга асан Ч.Сайханбаяр нар хүч нэмнэ” гэж байгаа нь харин юу л бол. Учир нь тус намын Удирдах зөвлөл өнгөрсөн хавар “Намын нэр хүнд сэвтүүлсэн албан тушаалтнуудад хариуцлага тооцож байна” хэмээн Ч.Сайханбаярыг огцруулах шийдвэр гаргасан. Харин С.Бямбацогт, Ж.Энхбаяр нар амбиц ихтэй ч намынхаа удирдлагад багцлагдсан учраас Сонгинохайрханы эксүүдтэй зам нийлэхгүй нь тодорхой.
МАХН-ын залуус өчигдөр Бага хурлынхаа ээлжит хуралдааныг угтуулж, өргөтгөсөн хуралдаанаа хийлээ. Тэд намдаа зонхилох болсон загварын хэмнэлийг дагаж, Их тэнгэрт хуралдсан юм. Өнгөрсөн хугацаанд таван бүсэд чуулга уулзалтаа зохион байгуулсан МАСЗХ-ныхон тайлангаа хэлэлцэж, их хурлаа энэ сарын 16-18-нд хийхээр товложээ. Үе, үехэн улс төрийн хэл амны бай болчихдог МАСЗХ хэмээх “зангиа”-аа тайлж, шинэ “зангиа”-тай болсныхоо дараа тэд том улс төрд хөл тавина гэж байгаа. Тиймээс С.Батболд тэргүүтэй намынхаа удирдлагын аппараттай нэг багц болж, эв түнжинтэй гэх имиж бүрдүүлэх нь МАСЗХ-ныхны гол зорилго юм. Энэ зуур МАХН-ын харъяалал бүхий аймгуудын Засаг дарга нар өвөлжилтийн бэлтгэл, өвс, хадлан, ургац хураах ажлуудыг хоёрдугаарт тавьсаар өчигдөр орой нийслэлд ирцгээлээ. Орон нутаг дахь эрх мэдэлтнүүд аян замын тоосоо гөвцгөөснөөр МАХН дахь их найр, нанчилдаан өрнөл хэсэгтээ орлоо гэсэн үг. Улаанбаатар хот дахь МАХН-ынхны мэдлийн зочид буудал, ресторануудад Бага хурал угтсан улс төрийн цүү хаялт болж, үүнд хожигсод маргаашнаас тодорно.С.БАТТУЛГА
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин