Michael Jackson-ны эмчийн шүүх хурал боллоо

Хуучирсан мэдээ: 2010.04.07-нд нийтлэгдсэн

Michael Jackson-ны эмчийн шүүх хурал боллоо

Өвчин намдаах эмийн тунг хэтрүүлж өгсөн гэдгээр попын хааны үхэлд буруутгагдаад буй түүний эмч Conrad Murray-гийн шүүх хурал Лос-Анжелес хотноо боллоо.
57 настай эмч тэрбээр дуучны үхэлд огтхон ч гэм буруугуй хэмээн өөрийгөө өмгөөлсөөр байгаа юм. Шүүхэд түүний мэдүүлгийг сонсох үеэр шүүхийн байрны гадаа олон арван хүн цугларч, дуучны дуунаас нь дуулж, эмчид хатуу шийтгэл оноохыг шаардсан лоозон барьж жагссан байна.

Лос-Анжелесийн шүүгч Michael Pastor түүний хэргийг хариуцаж байгаа бөгөөд нотлох баримт, мөрдөн байцаалтын шатны үйл ажиллагааг хангалтгүй байна гэж үзээд ирэх зургадугаар сарын дунд хүртэл хойшлуулахаар шийджээ. Энэ хугацаанд Conrad Murray-гийн эмчлэх эрхийг бүрэн түдгэлзүүлсэн байна.
Шүүгчийн энэхүү шийд Jackson-ны гэр бүлийнхэн болон фэнүүдэд нь хүндээр тусч, эсэргүүцэж буйгаа илэрхийллээ.
Гэрийнхэн нь дуучны биеийн байдал хүнд байсныг хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч түүний үхэлд эмчийн тангаргаа зөрчин, хууль дүрмийн дагуу асуудалд хандаагүй эмч Conrad Murray-г гэм буруутай хэмээн үзэж байгаа гэнэ.
Эмчийн гэм бурууг тогтоох шүүхийн үйл явц ийнхүү хойшилж буйд гэр бүлийнхэн болон фэнүүд нь ихэд сэтгэл дундуур байгаа гэнэ.
Харин эмчийн өмгөөлөгч тал попын хааныг Propofol хэмээх мэдээ алдуулах эмийг өөрөө тун хэтрүүлэн хэрэглэж, амь насаа хохироосон гэж үзэж байгаа юм байна.
Зургадугаар сарын 14-нд болох дараагийн шүүх хурлын шийдвэр Jackson-ны талд эргэвэл доктор Conrad Murray дөрвөн жилийн хорих ял авна.
Н.Цэнд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж