
ОХУ-ын жүжгийн зохиолын мастер Валентин Красногоровын ээлжит зугаатай, солиотой, сорилттой жүжиг. Эхнээсээ дуусан дуустлаа сэтгэл зүйн сорилт явуулдаг түүний жүжгүүдийн бас нэг онцлог нь жүжгийн үйл явдал ихэнхдээ нэг өдрийн дотор өрнөдөгт байдаг. Түүний жүжгийн дүрүүд нь ч цөөн. Голчлон гурваас дөрвөн дүр л байдаг. Тэдгээр дүрүүд нь цөм эн тэнцүүхэн “ачаалалтай”, бүгд гол дүр байдаг нь Красногоровын бас нэгэн арга барил.
Манай Улсын Драмын Эрдмийн Театр өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн дэлхийн олон орны үзэгчдийг сэтгэл зүйн сорилтод дууддаг Оросын орчин үеийн жүжгийн мастер болох Валентин Красногоровын долоон жүжгийг дөрвөн өөр найруулагчийн тавилтаар тоглосон билээ. Харин энэ “Би ч гэсэн жаргамаар байна” жүжгийг тус театрын найруулагч Н.Наранбаатар найруулан тавьсан юм.

Энэ хэсэгт буюу тэдний бие биедээ сонгосон бэлгээс жүжгийн зангилаа, утга санаа харагдаж байлаа. Эхнэр, нөхөр хоёр бие, биенээ ямар байлгахыг хүсдэг вэ яг тэр талаасаа бодож бэлгээ сонгосон байв. Эхнэр нь нөхөртөө боксын бээлий. Харин нөхөр нь эхнэртээ торон дотуур хувцас. Хэтэрхий доожоогүй, сул дорой гэмээр нөхөртөө эхнэр нь эр хүний хүч чадал, эрх мэдлийн бэлгэдэл болгож, боксын бээлий сонгосон бол нөхөр нь түрэмгий, эршүүд, хуучинсаг стильтэй эхнэрийгээ өөрөөр харахыг хүссэндээ секси дотуур хувцас бэлэглэсэн байж таарна.
Оройн хоолон дээр бүсгүй ч бас өөрийн нэгэн хуурай дүү охиноо урьснаа тэдэнд дуулгаж, нөхрийгөө архи авчир гэж захиргаадах шахам хөөж явуулна. Нөхөр гарав уу, үгүй юу л өнөөх эршүүд, хөшүүн гэмээр гэрийн эзэгтэй халуухан, дур тачаалтай бүсгүй болон хувирч, өнөөх залуу хархүүтэй янаглаж гарна. Тэд хэзээний амрагууд аж.
Бүсгүй “Нөхөртэй эмэгтэй найз залуус та нарын хувьд тав тухтай байдаг, тийм үү? Тээр саад болохгүй. Байнга уулзъя гэж зовоохгүй. Хамгаас үнэтэй эрх чөлөөг чинь ч булаахгүй” гэж хэлнэ. Тэгснээ залууд “нөхрийгөө ирэхээр надаас салахыг ятга” гэж тулгана. Зөвхөн өнөөдөр л өөрийгөө нөхрөөсөө салахад тусла, хэрвээ үгүй бол үүрд хагацъя гэж залуу хархүүг сандаргана. Харин залууд бүсгүйтэй гэрлэж суух бодол огтхон ч байхгүй, тэр зөвхөн сексийн харилцаа холбоотой байхыг л илүүд үзнэ. Тийм ч болохоороо хуурай ахдаа эхнэрээсээ салахгүй байхыг л ятгаж, “Та сарны зөвхөн нэг талыг нь хараад байгаа ч юм билүү? Гэтэл нөгөө талдаа халуун илчтэй, сайхан гэрэлтэй байж болно шүү дээ” гэж хэлнэ. Үнэндээ бол тийм. Нөхөр нь хэзээ ч эхнэрийгээ дур булаам, эмэгтэйлэг гэж боддоггүй.
…Ингээд нөхөр нь ч, эхнэрийн хуурай дүү охин нар ч ирж, ойн баярын үдэшлэг эхэлнэ. Үдэшлэгийн үеэр хүн бүрийн нууц задарч, жүжгийн зангилаа тайлагдана. Доожоогүй дорой нөхөр нь ч бас зүгээргүй нэгэн гэдэг нь тайлагддаг. Тэр эхнэрийнхээ хуурай дүү болох өнөөх ажлынх нь залуу бүсгүйтэй амрагийн харьцаатай. Харин тэр залуу бүсгүй, нөгөө залуу хархүүтэй урьд нь гэр бүл болоод салж байсан ээдрээтэй нууц тайлагдана. Ингээд гол дүрийн дөрөв бүгдээрээ хоорондоо холбоотой болж таардаг.
Нөхөр нь хуурай дүү залуудаа нууцаа ярьж, залуухан амрагаа мойлхон гэж дуудаж энхрийлдгээ хүртэл хэлнэ. Залуу бүсгүй, эхнэртэй нь хамт нөгөө өрөө рүү орохоор явахад нөхөр нь нөгөө дүүдээ “Хөөе, чи харав уу? Сая гоо үзэсгэлэнгийн туйл, гүмбэрмаа матар хоёр зэрэгцээд явлаа” гэж хэлдэг. Мойлхон нь түүнийг хурдан эхнэрээсээ салж, өөртэйгээ суулгах гэж ятгаж, уурлана.
Ээдрээтэй үдшийн төгсгөлд эхнэр, нөхөр хоёр амьдралаа авч үлдэн, эцсийн удаа оролдож үзэхээр шийдсэнээр жүжиг төгсдөг. Красногоровын ээлжит сэтгэл зүйн сорилт бас л олон зүйлийг ухаж ойлгуулсан, сонирхолтой жүжиг байв.
Ж.Нил