Ч.Ганбаатар: Миний үзэсгэлэн дүрэлзсэн хайр

Хуучирсан мэдээ: 2010.09.04-нд нийтлэгдсэн

Ч.Ганбаатар: Миний үзэсгэлэн дүрэлзсэн хайр


Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд өчигдөр зураач Чоймболын Ганбаатар өөрийн “Дүрэлз” нэртэй бие даасан гурав дахь үзэсгэлэнгээ дэлгэлээ. Түүний уран бүтээлийн бусад үзэсгэлэнгээс энэ удаагийн үзэсгэлэн нь дан морьдын зургийг дэлгэн харуулснаараа онцлог байлаа. 1966 онд төрсөн, морь жилтэй, авъяаслаг уран бүтээлчийн монгол морь, монгол хүн, монгол орноо хайрлан магтан дуулсан үзэсглэнгийн нээлтэд түүний мэргэжил нэгт найз нөхөд, гэр бүлийнхэн хүрэлцэн ирсэн байв. Уран бүтээлчийн үзэсгэлэнгийн нээлтэд “Алтан ураг” хамтлаг оролцож байлаа.

“Дүрэлз” үзэсгэлэнгийн эзэн, зураач Ч.Ганбаатарын сэтгэгдлийг хүргэе.

-Таны үзэсгэлэнд нийт хэдэн бүтээл тавигдсан вэ?

-78 бүтээл байна. Дан морьдын тухай бүтээлээ дэлгэлээ.

-Яагаад дандаа морины зургаа дэлгэсэн гэж?

-Би дандаа морь зураад байдаггүй л дээ. Гэхдээ өмнө нь дан морины зургаар монголд үзэсгэлэнгээ гаргаж үзье гэж бодож байсан болохоор энэ удаа зөвхөн морио л дэлгэлээ. Монгол морь гоё шүү дээ. Монгол морь, монгол хүн, Монголын соёлоо  магтан дуулъя. Ер нь морины гайхамшгийг үзүүлье л гэж зорьсон юм. Миний энэ үзэсгэлэн дүрэлзсэн хайраар дүүрэн байгаа.

-Та өөрөө их асч дүрэлзсэн хүн шиг санагдсан?

-Тийм байж магадгүй. Үнэндээ би үргэлж дүрэлзэж байхыг хүсдэг.

-Та тэгвэл хэдэн жил “дүрэлзэж” байна даа?

-1987 оноос хойш л зурж байна даа. Энэ бол миний нийт гаргасан үзэсгэлэнгүүдийн 18 дахь нь. Монголдоо гурав дахь удаагаа бие даан үзэсгэлэнгээ гаргаж байна.

-Гадаадын ямар ямар оронд үзэсгэлэнгээ гаргаж байсан бэ?

-Шинэ Зеланд, Япон, Солонгос, Герман, Англи, Франц, АНУ, ОХУ, Хятадад гаргасан. 

-Дараагийн төлөвлөсөн, Англид гаргах гэж байгаа үзэсгэлэнгээ сонирхуулахгүй юу?

-Тэр бол энэнээс шал өөр үзэсгэлэн. Дандаа хөрөг зургийн. Эмэгтэй, эрэгтэй, Монгол ахуйтай хөргүүд мөн хажуугаар нь чоно, морьдын бүтээлүүд багтаж байгаа.

-Яагаад үзэсгэлэнгээ гуравхан хоног дэлгэж байгаа юм бэ? Чамлалттай хугацаа биш үү?

-Манайд үзэсгэлэн гаргах заалны хувьд урьдчилаад олон сарын өмнө төлөвлөгдчихсөн байдаг. Гадуур яваад том байр олж чадаагүй. Өнөөдрийн нөхцөл байдалдаа тааруулаад л үзэсгэлэнгээ гаргаж байна даа. Энд нийт 150 гаруй бүтээлээ дэлгэхээр төлөвлөсөн ч багтаагүй тул 78-ыг л дэлгэгдсэн.

-Та нэг бүтээлийг ямар хугацаанд урладаг вэ? Нууц биш бол?

-Нууц. Миний зураг л дууссан бол боллоо. Би байнга зураг зурдаггүй. Хүний хийсэн хугацааг ч ярьдаггүй. Надад насаараа зураг зурсан чадвар байна. Миний нэг зургийг жил, гурван сар ч зурдаг хүн байдаг. Би харин тэрийгээ нэг хоёр л өдөр зурчихаж болно ш дээ.

-Та комик чиглэлээр зурахаас гадна шог зураг зурдаг шүү дээ?

-Би дэлхийн 360-аад хүмүүсийн шог зургийг дандаа эротик маягаар зурж байсан. Тэр бол бүр тусдаа үзэсгэлэн. Шог зураг өөрөө гоё ш дээ.

-Шог зургуудаараа Монголд үзэсгэлэн гаргах уу?

-Энд гаргахгүй ээ. Монголд хүлээж авахгүй. Эротик, нилээд хүнд  уран бүтээлүүд байгаа.

-Аль улсад шог үзэсгэлэнгээ гаргаж байсан бэ?

-Барууны орнуудад гаргаж байсан. Тэнд хүлээж авдаг. Дандаа амьд хүнийг эротик байдлаар шоглон харуулсан зургууд бий.

-Энд  дэлгэгдсэн бүтээлүүдээс чинь худалдаж авъя гэсэн санал олон ирсэн үү?

-Ихэнх нь эзэнтэй болж байна. Би зургуудаа хүнд үзүүлье гэж бодож дэлгэсэн. Яахав, миний зургууд Монголдоо үлдвэл би мэдээж баяртай байх болно. Ер нь ихэнх нь гадагшаа гараад алга болчихдог. Том, том гадны галерейд ч байна, хувь хүмүүст ч байна.  Харамсалтай шүү дээ, тэр чинь.

Англид ажиллаж, амьдарч байгаад эх орондоо ирсэн С.Урангоотой уулзаж, үзэсгэлэнгийн талаарх сэтгэгдлийг нь сонслоо. Тэрбээр зураачийн маань  “Бүртгэлд ороогүй бүсгүй” бүтээлийн эзэн юм.


-Таныг зураач маань уран бүтээлдээ амьдруулсан байна. Сэтгэлдлээсээ хуваалцахгүй юу?

-Сэтгэл маш өндөр байна. Зураач Ч.Ганбаатартай өмнө нь хоёр л удаа уулзаж байсан. Тэгтэл намайг ийм гоё зурж өгсөнд маш их баяртай байна. Энэ зургаа худалдаж авахаар ярилцаж байна. Худалдаж аваад гэртээ тавьчихвал гоё шүү дээ. Би сая анх чамайг зурсан гэж хэлэхэд зургаа хараад доод талд нь 1966 гээд биччихсэн байхаар нь их гайхаж байсан. Гэтэл зураач маань 1966 оны морь жилтэй юм байна лээ. Би ч өөрөө бас морь жилтэй

-Та түүнийг зураачийнх нь хувьд хэрхэн үнэлдэг вэ?

-Зураачийн хувьд маш өндөр мэдрэмжтэй, мундаг зураач. Сая Ч.Ганбаатар Англид бие даасан үзэсгэлэнгээ гаргасан шүү дээ. Англичууд маш өндрөөр хүлээж авсан. Мөн Англид суугаа Монголын элчин сайдын яаманд зориулж зураг зурах санал авсан байгаа. Одоо явах гэж байгаа юм байна. Францад гаргаж байсан үзэсгэлэнгийнх нь талаар мэднэ. Ямар ч байсан дэлхийд Монголын нэрийг өндөрт өргөж яваад нь түүнээр бахархдаг. 

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж