Ардчилсан эмэгтэйчүүд эрчүүдтэй тэмцэнэ

Хуучирсан мэдээ: 2010.09.03-нд нийтлэгдсэн

Ардчилсан эмэгтэйчүүд эрчүүдтэй тэмцэнэ

Ардчилсан
эмэгтэйчүүдийн холбооны гуравдугаар
чуулган өнөөдөр эхэллээ. Чуулганд 21
аймаг, 330 сум, нийслэлийн есөн дүүргийн 400 гаруй төлөөлөгч, мөн Ардчилсан
эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүд, Хяналтын зөвлөл, Үндэсний
зөвлөлдөх хорооны эмэгтэй гишүүдээс бүрдсэн нийт 450 орчим бүсгүйчүүд оролцлоо.

Өнгөрсөн он жилүүдэд ардчилсан эмэгтэйчүүд ажил хийгээгүй
биш хийжээ, гагцхүү шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдээ гаргаж ирж чадаагүй нь
тэдний гол алдаа гэнэ. Үүнийгээ тэд тамын тогооны үлгэртэй адилтгаж байна. Мөн
дөрвөн жил тутамд болдог УИХ-ын сонгуульд ардчилсан эмэгтэйчүүд хамгийн их ачаа
үүрдэг хэрнээ “бялуунаас” хуваалцаж чадахгүй эрчүүддээ алддагаа ч ний нуугүй
уудаллаа. Хамтарсан Засгийн газарт сайдын алба хашиж буй Ардчилсан намын гишүүд
холбооныхоо эмэгтэйчүүдийн дэмжлэгтэйгээр гарч иржээ.  Харамсалтай нь тэд эхлээд УИХ-д, дараа нь сайдын
сэнтийд суунгуутаа хэний хүчээр ямар бялууны захаас хүртээд сууж байгаагаа тас
мартчихсан болохоос биш. Тиймээс ирэх 2012 оны сонгуульд Ардчилсан
эмэгтэйчүүдийн холбооны гишүүд эрэгтэй гишүүдтэйгээ хатуу тэмцэхээ мэдэгдэж
байна. Гэхдээ тэмцэл хийхэд учир бий. Юуны өмнө өөрсдийгөө бэлтгэх. Эрэгтэй
гишүүдээсээ илүү мэдлэг боловсролтой, зорьсондоо хүрэхийн төлөө шаргуу тэмцдэг,
үзэл бодолдоо үнэнч, хэнд ч худалдагдахгүй байж гэмээнэ зорилгодоо хүрэх
учиртай. Ингэхгүйгээр өнөөдөр эмэгтэйчүүдийн квотыг 30 хувьд хүргэсэн ч ялагдал
хүлээж мэдэхийг үгүйсгэсэнгүй.

Түүнчлэн эмэгтэйчүүдийн тулгамдаж байгаа олон асуудлын
нэг нь хүчирхийлэл аж. Улстөрийн хүчирхийллээс гадна нийгэмд гэр бүлийн
хүчирхийлэл, ажлын байран дахь хүчирхийлэл газар авсныг тэд сануулж байна. Энэ
асуудлыг шийдвэрлэхэд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны гишүүд тодорхой бодлого
гаргаж, түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө тууштай ажиллах цаг үеийн шаардлага гарч
ирснийг орон нутгаас ирсэн эмэгтэйчүүд удирдах төвшнийхөндөө дуулгаснаар
өнөөдрийн хурал өндөрлөв.

Хурал маргааш бас үргэлжилнэ. Түүгээр Ардчилсан
эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчийг шинээр томилж, Ардчилсан эмэгтэйчүүдийн
холбооны Хяналтын хорооны журмыг хэлэлцэн батлах юм.

Г.Дарь

    

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж