
Уул уурхайн мэргэжилтнүүдийн тооцсоноор нүд алдам их баялагтай Монголын компаниуд олон улсын Хөрөнгийн биржүүд дээр хувьцаагаа амжилттай гаргаж эхлэх бололтой. “Энержи Ресурс” буюу “Mongolian Mining Corp” Хонконгийн Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргахаар шийдвэрлэсэн. Тус компани эхний өдрөө 700 сая ам.долларын үнэт цаас гаргахаар болж байгаа. Хувьцааны үнийг энэ сарын 24-нд тогтоож, ирэх аравдугаар сарын 5-наас арилжаалж эхлэх юм. Хөрөнгө оруулагчдын саналыг энэ сарын 20-24-ний хооронд хүлээн авахаар тооцож байгаа. Гадны ажиглагчид энэ талаар нэлээд анхаарл хандуулж буй аж. Ямартай ч гадны хөрөнгө оруулалтад түшиглэн хөгжихөөр зорьж буй Монголын эдийн засаг 2015 он гэхэд 14 хувиар өснө гэх тооцоо байгаа юм. Дотоодын нийт бүтээгдэхүүн хоёр дахин нэмэгдэж, нэг хүнд ноогдох хэмжээ нь 1900 ам.доллар байгаагаас 5000 мянган ам.доллар болно гэх тооцоог гадныхан гаргасан байна. Энэ талаар уул уурхайн салбар дахь тооцоо судалгаа гаргадаг www.azomining.com сайтад дурьджээ.
Канадын “Toronto Star” сонинд Монголын уул уурхайд канадчууд түлхүү хөрөнгө оруулж байгааг онцолсон байна. Тус сонинд гарсан “Монгол хөгжиж, Канад замыг нь засч байна” / As Mongolia develops, Canada leads the way / хэмээх нийтлэлд Монголын гол экспортлогч орон Хятад, түүний дараа Канад ордог болохыг өгүүлжээ. Монголын уул уурхайн салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй Канадын 25 компани бий. Өмнө нь 2008 онд Канадын компаниуд АНУ-ын газрын тосны төслүүдэд 500 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн тооцоо бий. Уг үзүүлэлт цаашид хурдацтай өсөх магадлалтай байгаа. Гэтэл газрын тосноос илүүтэйгээр Хятадын өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах гол түүхий эд болох нүүрсний 300 гаруй орд газартай Монголд Канадын компаниуд нэлээд анхаарал хандуулах болжээ. “Айвенхоу Майнз” компанийн нийт хувьцааны 57 хувийг эзэмшдэг Канадад төвтэй “SouthGobi Sands LLC” Монголд хийсэн хөрөнгө оруулалтынхаа хүчинд өнгөрсөн онд 1.3 сая тонн нүүрс Хятадад гаргасан. Энэ тоо 2012 он гэхэд найман сая тонн болж нэмэгдэнэ хэмээн ажиглагчид тооцож байна. Уул уурхайд түшиглэн эдийн засаг нь хөгжих төлөвтэй байгаа Монголын гол давуу тал нь түүхий эдийн эрэлт ихтэй Орос, Хятад хэмээх хоёр улстай хөрш зэргэлдээ оршиж буй явдал хэмээн канадчууд дүгнэжээ. Монголын Засгийн газар “Айвенхоу Майнз”, “Рио Тинто”-той хамтарсан Оюутолгой төслийнхөө 34 хувийг эзэмшиж байгаа. Энэ нь гадны хөрөнгө оруулалтыг өөртөө татах сайхан боломжийг бий болгож байна гэжээ. Хятадийн хилээс 500 км-ийн зайд орших Оуютолгойн уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх нь харьцангуй хялбар ажил. Гэхдээ Канадын компаниуд Монголд хөрөнгө оруулахад учирч болох эрсдэл ч бас бий аж. “Fraser Institute” судалгааны төвөөс гаргасан тооцоогоор 2009-2010 онд Монголын Засгийн газрын бодлого уул уурхайн компаниудын үйл ажиллагаанд нэлээд нөлөөлжээ. Өөрөөр хэлбэл, бизнесийн орчны үзүүлэлтээрээ Зимбабве, Венесуэлийн ард хүртэл орсон нь нэлээд эрсдэл дагуулж болзошгүй гэж ажиглагчид тайлбарлаж байна.
Монголчууд татвар, рояалтын ашиг хүртэхийг шаардаж буйгаас гадна шинэ ажлын байр олноор бий болгохыг хүсч байгаа юм. Өдөрт гурав хүрэхгүй ам.доллараар цалинждаг, туршлага чадвараар дутмаг ажилчидтай тэдний дэргэд хоёр жилийн туршлагатай өрөмдөгч сард 4000 ам.долларын цалин авах болно. Олон улс дахь ажиллах хүчний зах зээлтэй жишиж үзэхэд ийм л харьцаа харагдах юм. Тиймээс ажилчдаа сонгох нь канадчуудын хувьд нэлээд том асуудал бололтой.
Түүхэндээ хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуйгаас хамааралтайгаар хөгжиж ирсэн Монгол Улсын хувьд зэс, алт, уран, нүүрс, молбидены асар их нөөцөө ашиглан эдийн засгаа шинэ түвшинд гаргах боломжтой хэмээн www.economywatch.com сайтад дурьджээ. Азийн орнуудын түүхий эдийн эрэлт нэмэгдэж байгаа нь сайхан завшаан болж байна гэдгийг мөн онцолсон байна. Монголын валют арилжаа 2008 оны эцэст 0.72 тэрбум ам.долларын алдагдалтай гарч байсан. Харин дараагийн жилүүдэд энэ тал дээр туршлагажиж, алдагдлаа 67.45 хувиар бууруулсан гэх нь бий. Өнгөрсөн оны эцэс гэхэд валют арилжааны алдагдал 0.235 ам.долларт хүрчээ. Үүнийг эдийн засагчид онцолж, 2015 он гэхэд 0.568 тэрбум ам.долларын ашигтай арилжааг хийх болно гэж үзсэн байна. Уул уурхайн салбар дахь гадны хөрөнгө оруулалт дээрх тоо эерэг үзүүлэлттэй гарахад гол түлхэц үзүүлэх боломжтой аж.
Чингисийн Монгол хэмээн дэлхийд танигдсан гэх манай улс сүүлийн жилүүдэд “Уул уурхайн орон” гэх шинэ нэртэй болжээ. Тиймдээ ч түүхий эдийн нөөц баялагтаа тулгуурлан эдийн засгаа хөгжүүлэх боломжтой хэмээн эдийн засагчид сайхан ирээдүйг зөгнөж байна. Төрөөс оновчтой бодлого хэрэгжүүлж чадвал тийм боломж бий. Т.ЭЛИСА
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин