Валютын өөрчлөлтөд цочирдох зүйлгүй гэв

Хуучирсан мэдээ: 2010.09.03-нд нийтлэгдсэн

Валютын өөрчлөлтөд цочирдох зүйлгүй гэв

Энэ долоо хоногт  ам.долларын ханш өмнөх долоо хоногоос чангарлаа. Өнгөрсөн долоо хоногт 1295 төгрөг хүртэл буурч байсан ам.долларын ханш өчигдөр 18:00 цагийн үед валют арилжааны цэгүүдэд 1340 төгрөгт хүрсэн байлаа. Евро-Ази нэртэй банк бус санхүүгийн байгууллага ам.долларыг 1334 төгрөгөөр авч, 1338 төгрөгөөр худалдаж байсан бол Хаан банкны салбарууд 1320 төгрөгөөр авч, 1340 төгрөгөөр зарж байв. Харин эл өдөр Монголбанкнаас гаргасан албан ханш нь нэг ам.доллар 1308,81 төгрөг, нэг юань 192,18 төгрөг байсан юм. Ноён “ногоон”-ыг дагалдаад бусад валют өсдөг жамаар евро 1700-1730 төгрөг, юань 196-200 төгрөг, вон 1,12-1,15 төгрөг гэхчилэн бага багаар үнэд оржээ. Тиймээс Монголбанк өнөөдрийн албан ханшаа ам.долларын хувьд 1318,81төгрөг, юанийг 193,64 төгрөг болгон өсгөөд байгаа юм. Өмнөх долоо хоногийнхоос валютын ханш  35-40 төгрөгөөр өссөн төдийгүй их хэмжээний валют авахыг хүссэн хүмүүс энд тэндээс бага багаар цуглуулж байгаагаа хэлсэн юм.  Монголбанкны зүгээс энэ удаагийн ханшийн өөрчлөлтийг огцом өсөлт гэж үзэхгүй байгаагаа мэдэгдэж байна. Бид Монголбанкны Валют эдийн засгийн газрын хэлтсийн захирал С.Болдоос зарим зүйлийг тодрууллаа.

-Ам.долларын ханш өссөнийг юутай холбон тайлбарлах вэ. Нэг хэсэг валютын орох урсгал илүү байсан бол одоо нийлүүлэлт буурчээ гэж ойлгож болох уу. Зарим хүмүүс ам.доллар авч хадгалбал ашиг олж болно гэж хүртэл ярьж байна?
-Сүүлийн дөрөв хоногт валютын орох урсгал гарч буйгаасаа бага байгаагаас ханшид өөрчлөлт орж буй хэрэг. Гэвч үүнд цочирдоод байх явдалгүй. Энэ бол огцом өөрчлөлт биш. 1318 төгрөгөөс 1400 төгрөг болсон бол өөр хэрэг. Тэгээд ч төгрөгийн ханш хэлбэлзэж байх ёстой. Монголбанк өдөр тутмын хэлбэлзлээр ажлаа явуулдаггүй. Зарим банк болоод банк бус санхүүгийн байгууллагын тухайд валютын зузаатгалаа хйиж чадаагүйгээс валютын нөөц нь багассан байхыг үгүйсгэхгүй. Валюын орох гарах урсгалаа банкууд өөрсдөө л зохицуулах учиртай. Богино хугацааны хэлбэлзэлд хууртаж, валютын ханш нэмэгдэх нь гэж дүгнэх нь зөв зүйл биш.

-Наймдугаар сард Монголбанк хэд хэдэн удаа дуудлага худалдаа явуулж багагүй хэмжээний ам.долларыг арилжааны банкуудаас худалдан авч байсан. Гэхдээ хямд ханшаар. Тэгэхээр та бүхэн одоо буцааж худалдах уу. Ер нь Монголбанк долларыг хямдаар авч, үнэтэй арилжин ашгийн төлөө ажиллаж болох уу?

-Манай банкинд Дуудлага худалдааны хороо ажилладаг. Хоёр дэд ерөнхийлөгч болон холбогдох газар, хэлтсийн захирлуудаас бүрдсэн эл хороо дуудлага худалдааг явуулах эсэх, валют худалдах, худалдан авах шийдвэрийг гаргадаг. Эдийн засгийн суурь болоод арилжааны банкуудын санал, ирээдүйн хүлээлт гэхчилэн олон хүчин зүйлийг харгалзан байж дуудлага худалдааг явуулдаг. Монголбанкны хувьд ам.долларын зөрүүгээс ашиг олохын төлөө үйл ажиллагаа явуулдаггүй.

-Дуудлага худалдаанд арилжааны банкууд л ордог уу. Банк бус санхүүгийн байгууллага төв банктай шууд харилцан валют авах, зарах эрх бий юү?

-Дуудлага худалдаанд зөвхөн арилжааны банк л оролцох эрхтэй. Банк бус санхүүгийн байгууллагын тухайд арилжааны банкууд болон өөр хоорондоо, иргэдтэй харилцдаг онцлогтой гэсэн тайлбарыг өглөө.

Д.ЦЭЭПИЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж