
-Ам.долларын ханш өссөнийг юутай холбон тайлбарлах вэ. Нэг хэсэг валютын орох урсгал илүү байсан бол одоо нийлүүлэлт буурчээ гэж ойлгож болох уу. Зарим хүмүүс ам.доллар авч хадгалбал ашиг олж болно гэж хүртэл ярьж байна?
-Сүүлийн дөрөв хоногт валютын орох урсгал гарч буйгаасаа бага байгаагаас ханшид өөрчлөлт орж буй хэрэг. Гэвч үүнд цочирдоод байх явдалгүй. Энэ бол огцом өөрчлөлт биш. 1318 төгрөгөөс 1400 төгрөг болсон бол өөр хэрэг. Тэгээд ч төгрөгийн ханш хэлбэлзэж байх ёстой. Монголбанк өдөр тутмын хэлбэлзлээр ажлаа явуулдаггүй. Зарим банк болоод банк бус санхүүгийн байгууллагын тухайд валютын зузаатгалаа хйиж чадаагүйгээс валютын нөөц нь багассан байхыг үгүйсгэхгүй. Валюын орох гарах урсгалаа банкууд өөрсдөө л зохицуулах учиртай. Богино хугацааны хэлбэлзэлд хууртаж, валютын ханш нэмэгдэх нь гэж дүгнэх нь зөв зүйл биш.
-Наймдугаар сард Монголбанк хэд хэдэн удаа дуудлага худалдаа явуулж багагүй хэмжээний ам.долларыг арилжааны банкуудаас худалдан авч байсан. Гэхдээ хямд ханшаар. Тэгэхээр та бүхэн одоо буцааж худалдах уу. Ер нь Монголбанк долларыг хямдаар авч, үнэтэй арилжин ашгийн төлөө ажиллаж болох уу?
-Манай банкинд Дуудлага худалдааны хороо ажилладаг. Хоёр дэд ерөнхийлөгч болон холбогдох газар, хэлтсийн захирлуудаас бүрдсэн эл хороо дуудлага худалдааг явуулах эсэх, валют худалдах, худалдан авах шийдвэрийг гаргадаг. Эдийн засгийн суурь болоод арилжааны банкуудын санал, ирээдүйн хүлээлт гэхчилэн олон хүчин зүйлийг харгалзан байж дуудлага худалдааг явуулдаг. Монголбанкны хувьд ам.долларын зөрүүгээс ашиг олохын төлөө үйл ажиллагаа явуулдаггүй.
-Дуудлага худалдаанд арилжааны банкууд л ордог уу. Банк бус санхүүгийн байгууллага төв банктай шууд харилцан валют авах, зарах эрх бий юү?
-Дуудлага худалдаанд зөвхөн арилжааны банк л оролцох эрхтэй. Банк бус санхүүгийн байгууллагын тухайд арилжааны банкууд болон өөр хоорондоо, иргэдтэй харилцдаг онцлогтой гэсэн тайлбарыг өглөө.
Д.ЦЭЭПИЛ