”The Roommate” 15,6 саяын ашгаар тэргүүлжээ

Хуучирсан мэдээ: 2011.02.07-нд нийтлэгдсэн

”The Roommate” 15,6 саяын ашгаар тэргүүлжээ

Коллежийн оюутнуудын тухай өгүүлэх "The Roommate" триллэр кино 15,6 саяын ашгаар өнгөрсөн долоо хоногийн box office-ыг тэргүүлжээ.

Харин 3-нд нээлтээ хийсэн 3D киноны хаан хэмээх нэрийг Аватар киногоороо хүртээд байгаа нэрт найруулагч Жеймс Камеруны гүйцэтгэх продюссерээр нь ажилласан "Sanctum" хоёрдугаар байрт жагсчээ.

Алдарт Камеруныг Аватар кинон дээрээ ид ажиллаж байх үед нь найруулагч Грирсон түүнд ирэх онд дуусгахаар ажиллаж буй нэгэн киноныхоо гүйцэтгэх продюссероор хамтран зүтгэхийг түүнд санал болгосон аж. Цөөн хэдэн чансаатай бүтээлүүдээрээ дэлхийг байлдан дагуулж чаддаг Жеймс Камерун хэр баргийн кинонд ажиллаад байдаггүй нэгэн.

Харин найруулагч Грирсоны санал түүнд ихээхэн сонирхолтой санагдсанаар одоо энэхүү кино 3D-гийн гайхамшгийг "Аватар"-аас ч илүүтэйгээр хүмүүст мэдрүүлэх даацтай нэгэн бүтээл болж чадсан гэнэ.

Sanctum кинонд хүмүүс манай гаригийн хамгийн аватрга том бөгөөд хамгийн үзэсгэлэнтэй басхүү нууцлаг нэгэн агуйг олж тэнд шинжилгээний ажил хийх зорилгоор агуйн талаар мэргэшсэн эрдэмтдийн багийнхан ирж буйгаар киноны үйл явдал эхэлнэ. Тэднийг агуй дотор байх хооронд маш ширүүн бороо гадаа орж эхлэх бөгөөд үүнээс болж агуй бүхэлдээ үерт автаж тэднийг агуйн ёроол руу урсгах ажээ. Энэ бүхнээс хэдийгээр тэд гарахыг хүссэн ч ширүүн үерийн ус маш аюултай болж хашир туршлагатай усч Frank хүртэл аргагүй байдалд орно. Багийнхны хувьд энэ хүн маш чухал бөгөөд тэрээр өмнө нь Өмнөд номхон далайн Esa-ala агуйд сар судалгаа хийж байсан маш алдартай усч юм. Харин түүний хувьд өөрийг нь зовоож байгаа хамгийн том асуудал бол төрсөн хүү нь хамт явж байгаа гэдэгт байлаа. Энэхүү амь дүйсэн шинжилгээний ажил нь эцэсийн чанартаа бизнесийн үр дагавар агуулсан гэдгийг тэд сүүлд нь мэдэх бөгөөд ивээн тэтгэгч компанийн залуу тэдний энэ байдлыг улам хурцатгана. Тэд амьд үлдэж чадах болов уу?

Кинондоо найруулагч Грирсон ихэвчлэн австрали гаралтай дэлхий даяар нэр алдар нь итүгж амжаагүй жүжигчдийг урьж тоглуулсан нь сүүлийн үед австралид киноныхоо зураг авалтуудыг хийж ихэнх цагаа өнгөрөөх болсон Жеймс Камеруны нөлөө гэлтэй.

Тус киноны зураг авалт ч мөн Австралид хийгдсэн. Киног бүтээгчид үнэхээр дуу алдмаар гайхалтай байгалийн төрхийг кино зураг авалтад оруулснаар онц сонирхолтой гэж хэлэхээс илүүтэйгээр ийм байгаль хаана байдаг бол гэсэн бодол энэ киног үзэх хүмүүст төрөх байх хэмээн өгүүлсэн байна. Зураг авалт Австралийн Квинслэнд мужид хийгдэж байх яг тэр үед тус мужид Австралийн эдийн засагт 6,5 тэрбум долларын хохирол учруулсан үер усны гамшигт үзэгдэл болсон нь кинонд ихээхэн хүндрэл учруулсан аж. Яг киноныхоо зохиолд гардаг шиг, үзэгчдэд дэлгэцнээ хүргэх гэсэн дүрслэл дундаа уран бүтээлчид өөрсдөө орох шахжээ. Бас нэг талаар киног улам үнэмшилтэй болохд ч багагүй нэмэр оруулсан аж.
Жеймс Камерун 01-р сарын 31-нд киноны талаар сэтгүүчлдэд мэдэгдэл хийсэн. Энэ үеэр тэрбээр "Энэ кинонд миний татагдсан гол шалтгаан бол мэдээж хэрэг усан доорхи ертөнц байлаа. Усан дээр бас агаарт, газарт би киногоо хийсэн, харин усан доорхи амьдрал дутуу үлдсэн байлаа. Тэгвэл усан доорхи ертөнцийг дүрслэх миний сэтгэмжийг энэ киноноос та бүхэн харах болно" гэсэн байна. Гэхдээ Жеймс Камеруны хувьд анх удаа усан доорхи ертөнцийн талаар кинонд оролцож байгаа гэсэн үг биш юм. Тэрбээр анх 1989 онд "Abyss" хэмээх киногоо тэр чигээр нь усан доорхи зураг авалт дүрслэлийн гайхамшиг болгож дэлхий нийтийг гайхшруулж байсан билээ. Одоо түүний ажилласан Sanctum мэдээж хэрэг 20-иод жилийн өмнөх киноноос нь хэдэн хувь давуу болсон гэдгээ илэрхийлсэн нь тэр биз ээ. Киног нийтдээ 30 сая долларын өртгөөр бүтээсэн байна.

1. "The Roommate," $15.6 сая
2. "Sanctum," $9.2 сая
3. "No Strings Attached," $8.4 сая
4. "The King"s Speech," $8.3 сая
5. "The Green Hornet," $6.1 сая
6. "The Rite," $5.6 сая
7. "The Mechanic," $5.4 сая
8. "True Grit," $4.8 сая
9. "The Dilemma," $3.5 сая
10. "Black Swan," $3.4 сая

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж