Вьетнамын үндэсний тусгаар тогтнолын өдөр
Вьетнамын уламжлалаар эх орныхоо төлөө их хэрэг бүтээсэн зүтгэлтнүүдийг шүтээн болгон сүм хийддээ тэдний баримлыг тавьдаг.
Милитарист Япон бууж өгөөд хэдхэн цаг болсны дараа Вьетнамын коммунистуудын удирдагч Хо Ши Мин хагас сая жагсагчдын өмнө Ханой хотноо тусгаар тогтносон Ардчилсан Вьетнам улс байгуулагдсаныг зарлажээ. Дэлхийн II дайнаас өмнө уг орон Францын колони байгаад 1942-1945 онуудад Японд эзлэгдсэн байлаа. Вьетминийн (тусгаар тогтнолын төлөө хөдөлгөөн) талынхан Европын колончлогчдод буцан ирэх бололцоог өгөхгүйгээр шийдсэн байв. Гэвч жинхэнэ тусгаар улс болтол нь дахиад 10 жил, хоёр Вьетнам нэгдтэл 30 жилийн хугацаа үлдсэн байлаа.
Өдрийн ишлэл
“…Холбоотон гүрнүүдэд Японы эзэн хааны жанжин штаб, бүх Японы зэвсэгт хүчин, Японы хяналтын хүчин хаана байгаагаас үл хамааран үг дуугүй буун өгч байгааг бид мэдэгдэж байна.”
(Япон үг дуугүй бууж өгөх тухай 1945 оны есдүгээр сарын 2-ны өдрийн баримтаас)
Өнөөгөөс 65 жилийн өмнө 1945 оны есдүгээр сарын 2-нд түүхэн дэх хамгийн том зэвсэгт мөргөлдөөн болох Дэлхийн II дайн дуусчээ.
1945 оны есдүгээр сарын 2. Токиогийн булан, “Миссури” нэртэй Америкийн линкор онгоцны тавцан дээр. Японы Гадаад хэргийн сайд Мимору Шигемицу бууж өгөх баримтад хамгийн түрүүнд гарын үсгээ зурав. Япончуудын дараа АНУ, Хятад, Их Британи, ЗХУ, Австрали, Канад, Франц, Нидерланд, Шинэ Зеландын төлөөлөгчид өөрсдийн гарын үсгээ уг баримтад зурцгаажээ
Үйл явдал
Октавианы флот Антонийн флотыг ниргэв
МЭӨ 31 он: Грекийн эрэг орчим Амбракийскийн булангаас Ионын тэнгист гарах Акций (Actium) хушууны дэргэд Октавианы 260 хөнгөн хөлөг онгоц либурнууд Марк Агриппын командлал дор Антонийн 170 хүнд хөлөг онгоцнууд болон Египетын хатан хаан Клеопатрагийн 60 хөлөг онгоцтой флотыг бут ниргэжээ. Антоний ба Клеопатра хоёр Египетэд зугтан гарсан байна. Энэ ялалтын улмаас Октавианы хэмжээгүй эрхт засаг бэхжиж, Ромын эзэнт улс тунхаглагджээ.
Лондоны түймэр
1666 он: Лондоны гүүрний ойролцоох Паддингтон-лейн гудамжинд байсан талхчин Томас Ферринорын шатсан гэрээс тархсан их түймэр Лондон хотноо гарчээ. Түймэр дөрвөн үргэлжлэн хэдхэн хүний аминд хүрч, хотын гуравны хоёрыг үнс болгосон байлаа. Галын сүйтгэх чадвар маш хүчтэй байснаас энэ үйл явдал Лондоны их түймэр нэр авчээ. Нийтдээ 13000 байр байшин, 90 сүм хийд шатаж 100 мянган хүн орон гэргүй болсон байв. Лондоны талхчдын холбоо алс тэртээх түймрийн төлөө хотын захиргаанаас 1986 онд уучлалт гуйгаад Ферринорын байшин байсан бууринд хотын талхчид өөрсдийн гэм бурууг хүлээж байгаа тухай дурсгалын самбар босгосон байна.
«The Economist» сэтгүүл анх худалдагдав
1843 он: The Economist Newspaper Ltd компанийн эрхлэн гаргадаг олон улсын үйл амьдралд зориулагдсан Британийн хамгийн хүндтэй хэвлэлийн нэг «The Economist» анх удаагаа худалдаанд гарлаа. Өнөөгөөс 167 жилийн өмнө худалдагдсан хэвлэл өдгөө эдийн засгийн хамгийн нөлөөтэй хэвлэл нэрээ хадгалан 1,2 сая хувиар хэвлэгдэж байна. Эхний 14 жил түүнийг үндэслэгч, улстөрч, бие даан суралцсан эдийн засагч ба малгайн үйлдвэрийн эзэн Жеймс Уилсон ерөнхий редактораар нь ажиллажээ. 1837 онд санхүүгийн хямралаар хохирсон Уилсон эдийн засгийн хамаг хямралыг түүнд холилдон орсон төр ба шашин үүсгэдэг гэдэгт итгэлтэй байгаад түүнээсээ үүдэн «The Economist»: «The Political, Commercial, Agricultural and Free Trade Journal» хэвлэлийг бий болгосон юм. Сэтгүүл хөл дээрээ зогссоны дараа Уилсон албан тушаалаа өгөөд хэвлэн нийтлэгч нь байсан бөгөөд өөрийн үзэл санаагаа 1847-1858 онд депутат байхдаа илэрхийлж байв. Өдгөө «The Economist» өөрийгөө сонин гэдэг боловч өнгөт сэтгүүл мэтээр харагддаг. Нэгэн үе уг сэтгүүлд олон нэртэй тагнуулчид ажиллаж байсан гэнэ. Зохиогчийн нэрээ нууцалдаг. Сэтгүүлийн газар тайлбарласнаар нэг материалыг бичихэд олон зохиогчид оролцсоны дараа редакторууд нь заримдаа ноцтой засвар хийдэг учир тэд ийм журмыг өнөөг хүртэл сахиж иржээ. Сонин 200 гаруй оронд тарж, өнөөдөр өмнөхөөсөө улам ч залуу харагдаж байгаа.
Байгалийн шүрэн гүүр нурав
2005 он: Нидерландын вант улсаас өөрөө захирах эрхийг 1986 онд авсан Өмнөд Карибийн Аруба (27 км-ын урттай, 9 км-ын өргөн) арлын гол түүхэн дурсгал болсон байгалийн бүтээлийн шүрэн шүүр нуржээ. Тэр нь олон мянган жилийн турш шүрэн цохионд далайн давалгааны гаргасан 30 метрын хэмжээтэй нуман “гүүр” байжээ. Хэдхэн жилийн өмнө түүний дээд хэсэгт цууралт гарсныг харсан ч гүүр мөхөж буйг хэн ч мэдсэнгүй. Арлын хүн амын 70 хувь нь жуулчлалаар амьдардаг (жилдээ 700 мянган жуулчин очдог) арлынхан энэ гарзыг маш харамсан хүлээн авчээ.