Хадгаламжийн хүүгийн бодлогын үр дүн гарсан уу

Хуучирсан мэдээ: 2010.09.02-нд нийтлэгдсэн

Хадгаламжийн хүүгийн бодлогын үр дүн гарсан уу

ХУГАЦААГҮЙ ХАДГАЛАМЖИЙН ХҮҮ ХАРЬЦАНГУЙ БАГА БАЙНА

Бид өмнө нь арилжааны банкуудын зээлийн хүүгийн хэм­жээг харьцуулсан  мэдээл­лийг уншигчдадаа хүргэж бай­сан билээ. Энэ удаа бан­куудын хадгаламжийн хүү ямар ялгаатай байгааг танил­цуулж байна. Хадгаламжийн нэр төрөл олон янз учраас зөвхөн хугацаатай болон хуга­цаагүй хадгаламжийн хүүг харьцууллаа. Хугацаагүй хадгаламжийн тухайд ихэнх банк ойролцоо хэмжээний хүү амлаж байгаа бол хугацаатай хадгаламжид хүүгийн хэмжээ нэлээд ялгаатай байгаа юм. Өнөөдөр үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа арил­жааны 12 банкны хугацаагүй хадгаламжийн жилийн хүүний дээд хэмжээ 8.4 хувь, доод хязгаар нь таван хувьтай бай­на. Энэ нь төгрөгийн хад­га­ламжийн хувь хэмжээ. Ха­рин ам.долларын тухайд ихэнх банк 3.6 хувийн хүү санал болгосон байна. Мөн 1.8 хувь буюу нэлээд бага хүүтэй банк ч бий. Тод­руулбал, Төрийн банк, ХААН банк хоёр ам.долларын хуга­­цаагүй хадгаламжид 1.8 хувийн хүү тооцдог аж. Мөн ЭРЭЛ болон Худалдаа хөгж­лийн банк адилхан 2.4 хувийн хүүтэй. Харин “Хас” банк хамгийн өндөр буюу 4.1 хувийн хүү санал бол­гожээ. Хадгаламжийн нөх­цө­лийн хувьд банкуудад гойд ялгарах зүйл байхгүй. Ерөн­хийдөө адилхан. Зөвхөн ЭРЭЛ банк л энэ төрлийн хадга­ламжид арай өөр нөхцөл тусгасан байгаа юм. Тус банкинд хугацаагүй хадга­ламж эзэмшигч тухайн сард зарлагын гүйлгээ хийсэн бол идэвхтэй гэсэн ангилалд баг­тах бөгөөд төгрөгөөс зургаа, ам.доллараас 2.4 хувийн хүү авна. Харин тухайн сард зар­лагын гүйлгээ хийхгүй бол идэвхгүй гэсэн ангилалаар төгрөгөөс 8.4, ам.доллараас 3.6 хувийн хүү авах юм. Тэгэхээр аль болох зарлагын гүйлгээ хийхгүй байвал таны авах хүүгийн хувь өндөр бай­на гэсэн үг. Банкуудын энэ төрлийн хадгаламжийн доод үлдэгдлийн хэмжээ харь­цангуй бага байдаг. Ойрол­цоогоор 5-10 мянган төг­рөг, тав, 10 ам.доллараас эхэлдэг байх жишээтэй. Энэ нь орлого багатай иргэдэд бага ч гэсэн хуримтлал бий бол­гоход нэлээд ач тустай бүтээгдэхүүн юм. Ер нь хугацаагүй хадгаламж нь ха­рил­цагч хүссэн үедээ ор­лого, зарлагын гүйлгээ хийж болдгоос эхлээд олон давуу талтай. Мөн энэ төрлийн хадгаламж нь Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гар­гах тухай хуулийн дагуу даат­гагдсан хадгаламж болж буй­­гаа­раа онцлог. Гэхдээ Мон­голбанкны бодлогын хүү­тэй харьцуулахад хугацаагүй хадгаламжийн хүү нэлээд бага түвшинд байгаа нь ажиг­лагдаж байна.   

БОДЛОГЫН ХҮҮГЭЭС ӨНДӨР ХҮҮ

Хугацаатай хадгаламжийн тухайд ихэвчлэн хоёр сараас нэг жилийн хугацаатай бай­даг. Харин хүү нь харилцан адил­гүй байна. Өөрөөр хэл­бэл, хоорондоо нэлээд хол зөрүүтэй байгаа юм. Жишээ нь, “Капитал” болон Тээвэр хөгж­лийн банк төгрөгийн хад­га­ламжид хамгийн өн­дөр буюу 18, 18.5 хувийн хүү тус тус тооцдог. Энэ нь төв банкны бодлогын хүү­гээс хол давсан үзүүлэлт юм. Бусад банкуудын төг­рө­гийн хадгаламжийн хүү ойрол­цоо­гоор 15, ам.дол­ларынх дунд­жаар найман хувьтай байна. Харин ХААН банк хам­гийн бага буюу төгрөгт 14, ам.долларт 3.6 хувийн хүү тооцдог аж. Гэхдээ л хам­гийн бага гэгдэж байгаа төгрөгийн хадгаламжийн хүү төв банкны бодлогын хүү­гээс даруй гурван хувиар өн­дөр байна. Уг нь өнгөрсөн дол­дугаар сард Банкин дахь мөнгөн хадгаламжид ба­тал­гаа гаргах тухай хуульд өөрч­лөлт оруулах эсэхийг УИХ-аар хэлэлцэж байх үед хад­галамжийн хүү буурах нөх­цөл бүрдэнэ гэсэн яриа хүч­тэй тархаж байсан. Учир нь уг хуульд Монголбанкны бод­логын хүүтэй уялдуулан хүүгээ бууруулсан банкуудын хадгаламжид баталгаа гаргах тухай өөрчлөлт оруулахаар болсон юм. Үүнээс үүдэн бан­кууд хүүгээ бууруулж, улмаар харилцагчид хадгаламжаа та­тах эрсдэлтэй гэсэн чимээ тухайн үед дуулдаж байв. Гэвч өнөөдөр хадгаламждаа ба­талгаа гаргуулахын тулд хүүгээ 10 хувь хүртэл буу­руул­сан банк бараг алга гэхэд болно.

ХАДГАЛАМЖИЙН ХҮҮ ХЭТ ӨНДӨР БАЙЖ БОЛОХГҮЙ

Арилжааны банкуудын хад­галамжийн хүүг бууруулах талаар төрөөс баримталж бай­гаа бодлогыг буруутгах хүн байдаг. Нэг талаас хүү өн­дөр байх нь хадгаламж эзэм­шигчдэд ашигтай мэт боловч нөгөө талдаа их мөнгөтэй хү­мүүсийн бизнес болох эрсдэлтэй. Тийм ч учраас өн­дөр хүүтэй хадгаламжид тө­рөөс баталгаа гаргахаас тат­галздаг. Харин төв банкны бодлогын хүүтэй уял­дах хэмжээний хүүтэй хад­галамжид баталгаа гар­гах нь бусад орны хувьд тогтсон жишиг юм. Ер нь санхүү, төлбөрийн чад­ва­рын хүндрэлд орсон бо­лон орж болзошгүй бан­кууд хадгаламжийн бү­тээг­дэхүүндээ хэт өндөр хүү амлаж, өөрсдийн эрсдэл даах чадвараас давсан хө­рөнгийг татан төвлөрүүлж эхэл­дэг. Энэ нь банкны сис­темийн зээлийн хүүгийн дун­даж түвшинг бууруулахад ч сөр­гөөр нөлөөлөх нь бий. Урьд нь банкны актив хөрөнгө, баталгаа, батлан даалт­тай этгээд болон түү­ний холбогдох этгээдийн ха­рилцах, хадгаламжид төрөөс баталгаа гаргадаг байсан. Энэ нь төлбөрийн чадваргүй болсон банкнаас зээл ав­сан харилцагч зээлийн өрөө төлөхөөс зайлсхийх, ха­риуц­лага хүлээхгүй байх нэг шалтаг болж эхэлсэн. Тий­мээс төрөөс батлан даах хө­рөнгийн төрөл, хэмжээг хязгаарлах заалтыг хуульд нэмж тусгасан юм. Ингэснээр хадгаламжийн хүү боломжийн түвшинд тогтвортой байхаас гадна, банкуудыг санхүүгийн эрсдэлээс сэргийлэх боломж бүрдэнэ хэмээн найдаж байв. Гэвч харамсалтай нь төрөөс санаачлан хийсэн энэ ажлын үр дүн өнөөдөр төдийлөн гарахгүй байна.

Ч.ДАШДЭЛЭГ

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж