
Цагаан алтны үйлдвэрлэлээрээ дэлхийд дөрөвдүгээрт, зэсийн үйлдвэрлэлээр аравдугаарт бичигддэг гэх зэргээс бодож үзвэл яах аргагүй уул уурхайн салбар дахь гигант компаниудын нэг юм. Гэтэл сүүлийн үед тус компанийн гол хувьцаа эзэмшигчдийн хооронд зөрчил гарч, олон улсын арбитрын шүүхэд хандах дээрээ тулаад байна.
Өнгөрсөн зургадугаар сард болсон “Норильский Никель”-ийн ТУЗ-ийн хуралдаанаар удирдах зөвлөлд багтах гишүүдийг сонгосон билээ. Энэ үед В.Потанины “Интеррос”-ийн төлөөлөгчид дийлэнх хэсгийг бүрдүүлж, тэдэнд ашигтай хувилбараар хуралдааны эцсийн дүн гарчээ. “Норильский Никель”-ийн ТУЗ долоон гишүүнтэй. ТУЗ-ийн хуралдааны дүнд тэдний дөрөв нь “Интеррос”-оос сонгогдсон бол үлдсэн гурвыг нь “Русал” санал болгох эрхтэй болжээ. Гэвч үүнийг О.Дерипаска хүлээн зөвшөөрөөгүй юм. Тэрбээр хуралдааны дүнд булхай, луйвар орсон гэж үзсэн учир Лондоны арбитрын шүүхэд хандахаар болжээ. Хөнгөн цагааны үйлдвэрлэлээр тэргүүлэгч “Русал” компанийн хувьд “Интеррос”-той 2008 оны арваннэгдүгээр сард байгуулсан гэрээгээ гол үндэс болгож, тэр үед харилцан тохиролцож байсан үгэндээ хүрэхгүй байгаад нь буруутгасан юм байх. Нэг үгээр хэлбэл Оросын олигархиуд Монголын Оюутолгойн хувьцааны төлөө толгойгоо гашилгаж байгаа “Рио Тинто”, “Айвенхоу Майнз”-ийн Канадын Ванкуверт төвтэй арбитрын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй зарим талаараа төстэй хэргийг үүсгээд байгаа юм.
Ажиглагчид “Норильский Никель”-д хөрөнгө оруулж, нэг ёсондоо хамтран ажиллаж байгаа О.Дерипаска, В.Потанин нарыг шүүхээс гадуур тохиролцоонд хүрч чадахгүй хэмээн үзэж байна. Учир нь хоёр жилийн өмнө байгуулсан гэрээний заалтаа эргэн харж, шүүхийн хаалгыг татах болсон цаад шалтгаан нь аль аль нь хувь эзэмшлээ нэмэгдүүлэх сонирхолтой байгаатай холбоотой юм. Ийм таамаг гаргах үндэслэл ч бий. Учир нь “Bloomberg”-ээс мэдээлснээр бол О.Дерипаска, В.Потанин нар бие биенийхээ хувьцаанаас худалдан авах санал тавьсан байна. Мэдээж хэрэг, уул уурхайн том компанийн эзэмшлээсээ алдахыг хүсээгүй учир тэдний хэн нь ч үүнийг зөвшөөрөөгүй юм. ТУЗ-ийн хуралдааны шийдвэрийн дүнд давуу эрхтэй болсон В.Потанины талынхан өнгөрсөн сарын 5-нд “Русал”-д “Норильский Никель”-ийн 25 хувийн хувьцааг нь худалдан авах санал тавьсан аж. Тиймээс нэг үгээр хэлэхэд “Норильский Никель” дэх эрх мэдлээ нэмэгдүүлэхээс нааш хоёр компани тэмцлээ зогсоохгүй бололтой.
Түүнчлэн ажиглагчдын тайлбарлаж буйгаар Оросын хувьцааны биржүүд найдвартай ажиллаж чадахгүй байгаагаас ийнхүү хувьцаа эзэмшигчид өөрсдийн санасан зоргоор хувиа нэмэгдүүлэх оролдлого хийж байгаа. Эцсийн дүнд талуудын аль нэг нь “Норильский Никель”-ээс татгалзаж ч магадгүй аж.
Оросын Засгийн газар энэ хэрэгт оролцож, “Норильский Никель”-ийн хувьцааг худалдан авч магадгүй гэх таамаг ч гарсан. Гэхдээ үүнийг ОХУ-ын Ерөнхий сайд Владимир Путин үгүйсгэж, хувьцаа эзэмшигч талуудтай Норильск хотод уулзаж ярилцсан байна. Тэрбээр талуудыг хамтран зөв менежменттэй ажиллахыг уриалж, хэргийг цааш нь даамжруулахыг хүсэхгүй байгаагаа хэлсэн юм. Удахгүй Орост зэс, никелийн экспортын татварын шинэ журам баталж, хэрэгжүүлж эхэлнэ. Тиймээс Засгийн газрын зүгээс элдэв дарамттай учрах гээгүй л юм бол хамтарч ажилла хэмээн анхааруулжээ. Гэсэн ч түүний үгийг анд найз О.Дерипаска нь ойшоосонгүй. “Норильский Никель”-ийн ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг дахин томилох саналтай хэвээр байгаагаа илэрхийлсэн байна. Тэрбээр “Бид “Норильский Никель”-ийн жижиг хувьцаа эзэмшигчидтэй ярилцаж, тохиролцож магадгүй. Тэднээр дамжуулан компанийн гол хувьцаа эзэмшигч болвол “Интеррос”-той зөрчилдөөд байх ч шаардлагагүй” гэжээ. О.Дерипаска “Интеррос”-ийг хувьцаа эзэмшигчдийн эрхийг зөрчиж, өөртөө давуу эрх олгосон хэмээн буруутгаж байгаагаа ч эрхэм Ерөнхий сайдынхаа өмнө нуусангүй.
“Интеррос”-ийн хувьд өөрсдийгөө хууль бус үйлдэл хийгээгүй хэмээн нотолсоор байгаа. Тус компанийн тэргүүн В.Потанин уул уурхайн гигантууд болох “Рио Тинто”, “BHP Billiton”-ы хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулсан компанийнхаа үйл ажиллагаанд нөлөөлөхийг оролддог шиг нөхцөл байдлыг “Русал”-ийн тал бий болгож байна хэмээн дүгнэжээ.
Хэдийгээр ОХУ-ын Засгийн газар “Норильский Никель”-ийн хувьцааг худалдаж авахгүй хэмээн мэдэгдэж байгаа боловч В.Путин талуудыг асуудлаа шийдвэрлэхийн тулд улсаас дэмжлэг авахыг санал болгоод байгаа юм. Энэ нь “Норильский Никель”-ийн хувьцааг ОХУ-ын Засгийн газар худалдаж авч магадгүй гэх таамгийг улам лавшруулаад байгаа билээ. Ямартай ч зөрчилдөгч талууд Лондоны арбитрын шүүхэд хандахаар болоод байна.
Т.ЭЛИСА
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин