
Монгол Улсын Засгийн газрын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг БНХАУ-ын Жилин мужийн Чанчунь хотыг өнөө өглөө зорьжээ. Тэнд жил бүр зохиогддог Зүүн хойд Азийн Хөрөнгө оруулалтын үзэсгэлэн яармагт тэрбээр оролцох юм байна. Тэргүүн шадар сайд үзэсгэлэн яармагт оролцох үеэрээ Зүүн хойт Азийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний форумд оролцож үг хэлэх аж. Энэ удаагийн үзэсгэлэн яармаг нь Монгол Улсын Зүүн хойд Азийн улс орнуудтай хийх худалдаа, эдийн засгийн харилцаа хамтын ажиллагааг улам өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд ач холбогдолтой бөгөөд энэ үеэр ажил хэрэгч яриа хэлэлцээрүүд үргэлжлэх юм байна.
Уг үзэсгэлэн яармагт манай улсаас барилга, хүнс, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбар болон арьс шир боловсруулах, авто машины тоног төхөөрөмжийн худалдаа зэрэг хүнд, хөнгөн үйлдвэрийн салбарын 50 гаруй бизнес эрхлэгчдээс бүрдсэн баг оролцоцохоор болсон байна.
Үүний зэрэгцээ Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг Бээжин хотод очиж БНХАУ-ын Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн дэд дарга Ван Ган болон ХКН-ын Гадаад харилцааны газрын сайд Ван Жаруйтай уулзалт хийхээр болжээ.
Д.ОЮУН