Хэдий болтол хуулийг гишгэх вэ?

Хуучирсан мэдээ: 2010.09.01-нд нийтлэгдсэн

Хэдий болтол хуулийг гишгэх вэ?

УИХ энэ оны эхэнд Банкны тухай хуульд шинэчилсэн найруулга хийн баталж, өнгөрсөн долдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн билээ. Мөрдөж эхэлсэн ч гэж дээ. Мөрдөх учиртай байлаа гэвэл илүү оновчтой ч юм уу. Яагаад гэвэл уг хуулийг арилжааны банкууд өнөөдрийг хүртэл дагаж мөрдөхгүй байгаа юм. Хуульд оруулсан гол шинэчлэл нь банкууд хувь нийлүүлэгчдийн бүтэц, бүрэлдэхүүн, хэмжээнд өөрчлөлт оруулах бүртээ Монголбанкинд заавал мэдэгдэж байх тухай заалт. Мөн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч /Тав буюу түүнээс дээш хувийн хувьцааг дангаараа буюу холбогдох этгээдийн хамт эзэмшигч/-ийг тодорхойлох, түүний бүрэлдэхүүнд өөрчлөлт орох бүрт банкны зохион байгуулалт, эрх зүйн хэлбэрээс үл хамааран Монголбанкнаас урьдчилан зөвшөөрөл авч байх учиртай.

Түүнчлэн банкууд хөрөнгө оруулагчид, Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/, гүйцэтгэх захирал, ерөнхий нягтлан бодогчийн талаарх мэдээллийг олон нийтэд ил болгох ёстой. Гэвч хуулиар хүлээсэн энэ үүргээ биелүүлдэг банк ховор байна. Ер нь манай улсад аливаа хуулийг яаж ийгээд баталдаг ч хэрэгжүүлэх тал дээр тун хангалтгүй ажилладаг жишиг тогтож мэдэх нь байна шүү. Ийм жишээ зөндөө бий. Парламентын гишүүд ч яах вэ. Хуулийг шинэчлэн баталснаар банк санхүүгийн тогтолцооны хэвийн үйл ажиллагааг хангах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож чадлаа хэмээн өөрсдийгөө лут үнэлж байгаа. Тэд үүргээ сайн гүйцэтгэсэн юм чинь тэгэхээс ч яах билээ. Харин зарим арилжааны банкны удирдлага төрийн хуулийг үл тоон том толгойлсоор байгаа нь хачирхалтай. Хуульд зааснаар банкны ТУЗ-д заавал нэгээс дээш хараат бус гишүүн сонгох учиртай. Гэтэл зарим банкны ТУЗ хараат бус гишүүнтэй эсэх нь тодорхойгүй. Бүр ТУЗ-ийн нийт гишүүн, хувьцаа эзэмшигчдийн талаарх мэдээлэл нь ч тодорхой бус байгаа юм.

Тухайлбал, Тээвэр хөгжлийн банк хувь нийлүүлэгчдийнхээ нэрийг албан ёсны цахим хуудсандаа ёс төдий дурьджээ. Ердөө Д.Энхтайван, Д.Энхтуяа, Б.Оргилмаа, “Инфрастракчер” ХХК гэсэн нэр л бий. Хэн нь хэдэн хувийн эзэмшилтэй болох нь тодорхойгүй. Тус банкны гүйцэтгэх захирал С.В.Новожилов өнгөрсөн долдугаар сард банкныхаа мөнгөнөөс 400 сая төгрөг завшсан хэрэгт холбогдон, шүүхэд шилжсэн бөгөөд нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээс түүнийг ажлаа үргэлжлүүлэн хийж болно гэсэн шийдвэр гаргасан. Харин ТУЗ нь удирдлагын багтаа өөрчлөлт оруулж, гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр К.Зейшен гэгч гадаадын иргэнийг ажиллуулж байгаа гэх мэдээлэл бий. Мөн л аль улсын иргэн болох нь тодорхойгүй. Энэ банк 1997 онд 400 сая төгрөгийн дүрмийн сантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан юм. Харин 2006 оноос Швейцараас хөрөнгө оруулж, дүрмийн сан нь найман тэрбумд хүрсэн байдаг. Өнөөдөр тус банкны нийт активын хэмжээ 12.8 тэрбум болсон. Энэ нь манай улсад үйл ажиллагаа явуулж буй банкуудаас хамгийн багад тооцогдож байна. Өдгөө тус банк ОХУ-ын “Судостройтельный”, “Русславбанк”, “Байкалбанк”, “Международный банк Экономического Сотрудничества”, Австрийн “Раффайзинбанк”, БНХАУ-ын “China Construction bank Corporation” зэрэг гадаадын банк санхүүгийн олон байгууллагатай харилцаатай. Нэгэнт хувь эзэмшигчдийн талаарх мэдээлэл нь бүрхэг байгаа учраас Тээвэр хөгжлийн банкинд гадны байгууллагын нөлөө хэр байдгийг хэлэх арга алга.

Үүнээс гадна ТУЗ, хувь нийлүүлэгчдийнхээ мэдээллийг дэлгээгүй хэд хэдэн банк бий. Жишээ нь, Улаанбаатар хотын банк, Кредит банкийг дурьдаж болно. Харин ЭРЭЛ банкны эзэмшил нь 100 хувь иргэн Б.Эрдэнэбатын мэдэлд байдаг нь анхаарал татаж байна. Энэ банк нийт активын хэмжээгээр бага гэсэн ангилалд багтана. Гэхдээ Тээвэр хөгжлийн банкнаас даруй тэрбум төгрөгөөр илүү гэж байгаа. Тэгээд нэг хүний мэдлийн банк гэхээр хэнд ч сонин санагдана. Банкны тухай хуульд банк заавал ТУЗ-тэй байна гэж заасан болохоор УИХ-ын гишүүн асан Б.Эрдэнэбат хувийн мэдлийн банкныхаа ТУЗ-д Д.Төмөрхүү, Д.Сэргэлэн, Э.Жаргалан, Б.Эрдэнэсанаа, Ролф Вёрле нарыг сонгожээ. Энэ мэт банкуудын ТУЗ зөвхөн гэр бүлийн гишүүдээс бүрдэж байна уу, үүнд харилцагчдын төлөөлөл багтсан уу гэдэг нь тодорхой бус. Мөн ТУЗ-д багтах учиртай хараат бус гишүүний талаар бүр ч ярилтгүй. Уг нь нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, хуулиа дээдэлдэг банкуудын энэ талаарх бүх мэдээлэл ил тод байдаг. Жишээ нь, ХААН банкны өмчлөл Япон 53 хувь, Америк 2.6 хувь, Монгол 35.3 хувь, Олон улсын санхүүгийн корпораци 9.1 хувь гэсэн бүтэцтэй байдаг. Үүнийгээ тэд байнга мэдээлж, энэ ил тод байдал нь нэг талаар тус банкны нэр хүндийг өргөдөг гэхэд болно. Мөн Худалдаа хөгжлийн банк, Голомт банкны мэдээлэл ч нээлттэй байдаг.  
  
Ийнхүү зарим банк хэл ам гаргалгүй явж болоод байхад зарим нь төрийн хуулийг уландаа гишгэн туучсаар байна. Гэхдээ хууль хэрэгжүүлэх механизмыг бүрдүүлж өгөх үүрэг бүхий төрийн байгууллагуудад ч бас алдаа оноо их байдаг бололтой. Жишээ нь, одоогоос гурван жилийн өмнө Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны төлөөллийн бүрэлдэхүүнтэй байгуулагдсан Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хэмээх бүтэц үүрэгт ажлаа тийм хангалттай хийж чадахгүй байгаа нь олон зүйлээс тодхон харагддаг. Дээр дурьдсан гурван байгууллагын тэргүүнүүд өнгөрсөн тавдугаар сард ганц удаа хуралдаж, инфляцитай хэрхэн тэмцэлдэх вэ гэх мэт аахар шаахар зүйл ярьсан болоод тарсан. Уг нь энэ зөвлөлийн Удирдах хороо улирал бүр хуралдаж, хагас жилд нэг удаа санхүүгийн тогтвортой байдлын тайлан гаргаж, олон нийтэд мэдээлж байх үүрэгтэй. Мөн санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангах, учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэх, нэгэнт учирсан эрсдэлийг бууруулах арга хэмжээний талаар нэгдсэн дүгнэлт хийж, шийдвэр гаргах зэрэг нэлээн том эрх мэдэлтэй юм. Түүнчлэн арилжааны банкуудын ТУЗ-д багтах хараат бус гишүүнийг томилох, чөлөөлөх журмыг энэ бүтэц л баталж өгөх ёстой. Харамсалтай нь уг журмыг нь баталж өгөөгүй гэдгээр банкууд хараат бус гишүүн сонгохгүй байгаа үйлдлээ хайцаалдаг. Тиймээс банкуудыг 100 хувь буруутгах нь нэг талаас өрөөсгөл. Гэхдээ хууль бол хууль л байх учиртай. Төрийн байгууллагууд муу ажиллаж байна гээд арилжааны банкууд барьцах эрхгүй. Тэгээд ч арилжааны банкийг шууд хувийн хэвшил, бие даасан бизнесийн байгууллага гэж ойлгох боломжгүй. Яагаад гэвэл банкууд төрийн бодлогыг хэрэгжүүлэх олон салаа мөчрийн нэг нь яах аргагүй мөн. Арилжааны банк харилцагчийнхаа хадгаламжийг алга болгох гэх мэт ямар нэгэн алдаа гаргахад хариуцлагыг нь төр үүрдэг гээд сонирхолтой жишээнүүд бий. Тиймээс төрийн байгууллагуудын адил үүргээ ухамсарлаж, хуулиа хэрэгжүүлэх тал дээр анхаарч яагаад болохгүй гэж.

Ч.ДАШДЭЛЭГ

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж