
Европын хөлбөмбөгийн ногоон талбай нойрноосоо сэрж, топ лигүүдийн тоглолтууд хэдийнэ эхлээд байгаа билээ. Зуны солилцооны цонх хаагдахаас өмнөхөн олон солилцоо наймаа хийгдэж амжлаа. Үүүнээс хамгийн ихээр анхаарал татсан нь Бразилийн шигшээ багийн тоглогч Робиньо “Манчестер Сити” клубыг орхин Италид хөл тавьсан явдал болж байна. Арабын тэрбумтан Шех Мансурын “Манчестер Сити” клубт Прьемер лигийн хамгийн өндөр үнээр ирж байсан Робиньо өнгөрсөн улиралд төрөлх “Сантос” клубтээ зээлээр тоглосон, хэдийгээр “Сити”-гийн бүрэлдэхүүнд бэлтгэл хийж байсан ч багаа орхих нь тодорхой байсан юм. Харин хаашаа гэдэг нь анхаарал татаж байсан бол одоо тодорхой боллоо. Робиньог өөрийн болгохын тулд “АС Милан” нэлээд хүчин чармайлт гаргаж, довтлогч Ян Клаус Хюнтелаарыг Бундеслигийн “Шальке 04” багт зарсан байна. Италид идээшиж чадаагүй Нидерланд довтлогч Феликс Магатын удирдлага дор гурван жилийг үдэх болжээ. Мөн Германы клуб “Атлетико Мадрид” багийн хагас хамгаалагч Хосе Мануэль Хурадог өөрийн болгож, солилцоо наймааны цонх хаагдахаас өмнө тун амжилттай ажиллаж чадлаа. “АС Милан”-ы хувьд хэдхэн хоногийн өмнө Шведийн супер довтлогч Златан Ибрахимовичийг “Барселона” клубээс өөрийн болгож чадсан, одоо Швед довтлогч дээр нь Бразилийн гурвал Алешандро Пато, Роналдиньо, Робиньо гэсэн гайхалтай хослолыг бий болгож чадлаа. Харин тэд өнгөрсөн улирал гайхалтай тоглосон довтлогч Марко Борьелог мөнхийн гэгддэг Ром хотын бахархал “Рома” клубт зээлээр тоглуулах болсон болжээ. Мөн “Реал Мадрид”-ын сүүлийн “Голланд”–уудын нэг Рафаэль ван дэр Ваарт Английн Прьемер лигийн “Тоттенхэм” багт очих нь бараг л тодорхой болж байгаа бол “Сандерланд” клуб Гана улсын довтлогч Асома Гьяныг 13 сая фунтээр Францын “Ренэ” багаас худалдан аваад байна. Мөн энэ зуны солилцоо наймаанд идэвхтэй ажилласан “Ювентус Турин”-ыг ахмад тоглогч Мауро Камронэс орхин “Шальке 04” клубын өстөн “Штутгарт”-тай нэг жилийн гэрээ байгуулан тоглохоор болоод байна.
Score Studio