Таван толгойн нүүрсний орд нь Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд. Улсын өмнөд буюу говийн бүсэд орших энэ орд дэлхийд томоохонд тооцогдох сайн чанарын коксжих нүүрсний нөөцтэй.
Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэрийг үндэслэж, Төрийн өмчийн хорооны удирдамжийн хүрээнд уул уурхайн гэрээт олборлолтын ажил гүйцэтгэх компанийг сонгох тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон компаниудын чадавхийг магадлах зорилгоор энэ тендерийг явуулж байна.
Энэ урьдчилсан сонголтод тэнцэж, тендер шалгаруулалтын үр дүнд гэрээ байгуулахаар шалгарсан аж ахуйн нэгж нь Эрдэнэс МГЛ ХХК-ийн охин компани болох, Тавантолгойн нүүрсний ордод явуулах үйл ажиллагааг хариуцах “Эрдэнэс-Тавантолгой” компанийн гэрээт олборлолтын ажлын гүйцэтгэгч болох юм.
Таван толгойн олборлогч компани нь:
1. Жилд 15 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн (нүүрсийг оролцуулан) олборлох, ийм хэмжээний бүтээгдэхүүн олборлоход шаардагдах хөрс хуулалтын ажил хийх туршлага, чадавхи бүхий байх;
2. Үйл ажиллагааны гол үндсэн чиглэл нь олборлолтын үйл ажиллагаа байдаг гэрээгээр олборлолт гүйцэтгэдэг нэр хүнд бүхий оператор компани байх;
3. Аудитаар баталгаажуулсан сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан, балансаа ирүүлэх (тухайн орны санхүүгийн жилээр тооцсон байж болно);
4. Гэрээт ажлыг хэрэгжүүлж эхлэхэд хүрэлцэхүйц санхүүгийн чадавхи, төслийн санхүүжилтийг хийх санхүүгийн байгууллагатай холбогдож чадах найдвартай холбоо харилцаатай байх;
5. Өөрийн орон болон олон улсад үйл ажиллагаагаараа танигдаж үнэлэгдсэн, түүний дотор уул уурхай өндөр хөгжсөн оронд нүүрсний олборлолтын ажил гүйцэтгэдэг, уурхай ажиллуулдаг туршлагатай байх;
6. Уул уурхайн дэвшилтэт тэргүүний техник, технологи хэрэглэдэг байх;
7. Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар олон улсын стандартыг баримталж хэвшүүлсэн байх;
8. Хөдөлмөрийн аюулгүйн үйл ажиллагааны өндөр үзүүлэлттэй, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн стандартыг хангасан байх;
9. Олборлолтын ажлыг гүйцэтгэх өндөр мэргэшсэн мэргэжлийн боловсон хүчинтэй байхаас гадна үйл ажиллагаа явуулах орны мэргэжлийн боловсон хүчнийг сургаж дадлагажуулах хөтөлбөртэй байх;
10. Ашиг сонирхлын зөрчилгүй байх зэрэг шаардлагуудыг тавьж байгаа.