Чуулган хүлээсэн хуулиуд

Хуучирсан мэдээ: 2010.09.01-нд нийтлэгдсэн

Чуулган хүлээсэн хуулиуд

Өнгөрсөн хаврын чуулган хэлэлцэх асуудлынхаа 67 орчим хувийг биелүүлсэн ч ач холбогдлын хувьд түүнээс арав дахин илүү чухал бичиг баримтуудыг хэлэлцэн шийдвэрлэж баталсан тул УИХ-ын хаврын чуулган түүхэн үүргээ биелүүлсэн хэмээн УИХ-ын дарга нь тодорхойлов. Хаврын чуулганаар хэлэлцэн баталсан актуудаас Хүний хөгжил сангийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт намуудын амлалтыг биелүүлэхэд онцгой чухал ач холбогдолтой заалт болсныг, Тавантолгойн орд газрын хувьцааг дотоодын компаниуддаа болон иргэддээ эзэмшүүлэх төрийн бодлогыг хэрэгжүүлэх боломжийг УИХ-ын шийдвэр нээж өгснийг онцолжээ.

Хэдэн парламент дамжсан Өрсөлдөөний хууль,  хөдөө аж ахуйн салбараа сэргээх Монгол мал хөтөлбөр, Эрүүл орчинг бий болгох Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөр, аюулд ороод байгаа усаа хамгаалах бодлого, төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогыг ч баталж амжсан. Хэдий олны анхаарлын төвд байгаагүй ч агаарын бохирдлын төлбөрийн тухай, эм, эмнэлгийн хэрэгслийн тухай, хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг мөн баталсан.
 
Хэрэв Сонгуулийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай, Хэвлэлийн эрх чөлөөний тухай зэрэг цөөн хэдэн төслийг хэлэлцэж амжсан бол үнэхээр дөрвөн жилийнхээ ажлыг нугаллаа хэмээн дүгнэж болохоор байв. Мэдээж тоонд биш чанарт анхаарах нь зүйн хэрэг. Эдгээр баталсан хуулиудад дүн тавьж, үнэлэлт өгөх цаг нь арай л болоогүй байна. Харамсалтай нь одоогоор үр дүнгээ харуулаад буй нь эерэг бишээр дүгнэгджээ. Иргэдэд бэлэн мөнгө тарааснаар инфляцийн түвшинг өсгөснөөс өөр зүйл авчирсангүй. Дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэн баталж амжаагүй шалтгаан нь амжаагүйдээ биш, амжуулах хүсэл сонирхолгүйд байсантай холбон тайлбарлаж болох юм. Тухайлбал, сонгуулийн тогтолцоог өөрчилөхийг улс төрийн намууд аль аль нь зөвшөөрч байсан боловч өөр өөрийн хувилбараа барин хөдөлгөхгүй хэмээн зөрүүдэлсээр байв.

Энэ бүхний хажуугаар Авлигатай тэмцэх газрын даргын асуудал гэх мэт жижиг боловч томорсон асуудлуудаас болж багагүй хугацаа алдсан. Ийнхүү хаврын чуулганаар батлагдаж амжаагүй нь намрын чуулганыг хүлээхээс өөр аргагүй болжээ. Чуулганы сүүлээр дараагийн улирлын хэлэлцэх асуудлаа баталдаг. 2010 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаар төсөл санаачлагчидын саналыг нь урьдчилан авахад Монгол Улсын Ерөнхийлөгч 12, Засгийн газар 52, Байнгын хороод 70, нийтдээ 134 төсөл ирүүлсэн аж. Иймээс Тамгын газар УИХ-ын 2010 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төслийг  боловсруулахдаа хуулиар хугацаа зааж хэлэлцэхээр тогтсон асуудлыг нэр зааж тусгах, хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн боловч баталж амжаагүй байгаа хэлэлцүүлгийн шатан дахь хууль, тогтоолын төслүүдийг намрын ээлжит чуулганаар шилжүүлэн хэлэлцэх, УИХ-ын даргын захирамж гарч ажлын хэсэг байгуулан боловсруулж байгаа бодлогын шинжтэй зарим асуудал, түүнчлэн хууль тогтоомжийг 2012 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлд тусгагдсан бөгөөд УИХ-д өргөн мэдүүлсэн, өргөн мэдүүлээгүй байгаа боловч хууль санаачлагчаас нь санал болгосон бие даасан хуулийн төслийг тусгах зарчим баримтлан нийт 37 төслийг хэлэлцэхээр тогтоолын төсөлд тусгажээ. Харин тогтоолын төсөлд дурдаагүй хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг хууль санаачлагчдаас 2010 оны есдүгээр сарын 20-ны дотор өргөн мэдүүлбэл намрын ээлжит чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд оруулах, намрын чуулганы явцад өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухайн үед нь шийдвэрлэж байх боломжтой гэж үзсэн байна. Намрын чуулган эхлэхэд сар гаруйн хугацаа үлджээ. Хаврын чуулганаар батлагдаж амжаагүй хуулиудыг хувь заяаг шийдэх намар ойртсоор.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж