Өнгө сүлэлдсэн өдрийн тэмдэглэлээр зочлоорой

Хуучирсан мэдээ: 2010.08.31-нд нийтлэгдсэн

Өнгө сүлэлдсэн өдрийн тэмдэглэлээр зочлоорой

Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд МУЭ-ийн гишүүн зураач ДУДС-ийн багш Ө.Гандуламын “Өнгө ба зураас”, МУЭ-ийн гишүүн зураач Ж.Болортүвшингийн “Өдрийн тэмдэглэл 2” уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийсэн юм.
Дөрөв дэхь бие даасан үзэсгэлэнгээ дэлгэж буй зураач Ө.Гандулам нь 2010 онд туурвисан уран зураг, график зургийн 30-аад бүтээлээ дэлгэн тав,сан ба уран зураг, график зургийн чиг хандлага, элeментүүдийг хэрхэн харилцан нөлөөлж, нэгдэн нийлж байгааг өөрийн бүтээлээрээ дамжуулан судалж байгаа уран бүтээлч юм. Энэхүү үзэсгэлэнгийн танхимд тавигдсан бүтээлүүд нь гэрэл гэгээтэй тод өнгөтэйгөөс гадна бүдэг ногоон өнгө зонхилж байлаа. Тэрбээр эмэгтэй хүний гоо үзэсгэлэн, байгаль дэлхийн үзэмжийг бийрнийхээ үзүүрээр буулган харуулжээ.
МУЭ-ийн гишүүн зураач Ж.Болортүвшиний “Өдрийн тэмдэглэл 2” уран бүтээлийн үзэсгэлэн нь түүний 2010 онд бүтээсэн 30 гаруй уран зураг, холимог техникийн бүтээлүүд дэлгэжээ. Байгаль хүн хоёрын хүйн холбоо нь гайхамшигтай, хайрламаар, тайлагдашгүй оньсого мэт зохицон байдгийг харуулах нь түүний уран бүтээлийн гол зорилго ажээ. Тэрбээр амьдралын үйл явц, техник технологийн хурдац, оюун ухаан, мэдээлэл, хайр дурлал, баяр хөөр, мөрөөдөл, уур бухимдал, хүсэл тэмүүлэл, дотоод ертөнцийн эрэл хайгуул, зүүд нойрны гайхамшиг түүний амьдралд тэр тусмаа бүтээлд нь нөлөөлж байгаа явцууд, гадаад орчны нэгэн хэвийн уйтгартай хэмнэлийг задлах гэсэн бодол санааны эрх чөлөөг түүний бүтээлээс харж болно.
Хоёр уран бүтээлчийн үзэсгэлэн ирэх сарын 2-ыг хүртэл үргэлжилнэ. Та зав гарган урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд саатан зочлоорой.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж