Б.Мөнгөнтуул алтан медалийн оосроос атгаад алдлаа

Хуучирсан мэдээ: 2011.02.07-нд нийтлэгдсэн

Б.Мөнгөнтуул алтан медалийн оосроос атгаад алдлаа

ОХУ-ын Москва хотноо нэгдүгээр сарын 29-нөөс хоёрдугаар сарын 6-ны өдрүүдэд Олон улсын шатрын VII наадам боллоо. Эрэгтэй болон эмэгтэй залуу их мастеруудын, оюутан сурагчдын, нээлттэй болон бодлого бодолтын зэрэг нийт долоон ангилалд зохиогдсон нээлттэй тэмцээний А ангилал буюу эрэгтэй залуу мастеруудын тэмцээнд ОХУ-ын их мастер Борис Грачев 11 өргөөс 7,5 оноо авч, тэргүүлсэн бол В ангилал болох эмэгтэй залуу их мастеруудын тэмцээнд мөн л ОХУ-ын шатарчин Александра Костенюк есөн өргөөс 7 оноо авснаар аваргаар тодорчээ. Тус ангилалд оюун ухаанаа сорьсон Б.Мөнгөнтуул найман өргийн дараах байдлаар Костенюктай адил 6,5 оноотой тэмцээнийг тэргүүлж байсан бөгөөд сүүлийн өрөгт Костенюктай цагаанаар тоглож, хайнцсанаар ижил 7 оноотой болсон боловч коэффициент тоолсноор манай шатарчин мөнгөн медаль хүртсэн байна.

Тэмцээнд оролцсон манай бусад шатарчдын тухайд Е ангилал буюу эрэгтэйчүүдийн нээлттэй төрөлд Ц.Батчулуун 582 шатарчнаас 31-р байрт, С.Ган-Од 41-рт, Д.Шаравдорж 83, Н.Төвсанаа 156, А.Энхтуул 222 дугаар байрт тус тус бичигдсэн бол F ангилал болох эмэгтэйчүүдийн нээлттэй төрөлд Г.Сайханзаяа 122 шатарчнаас 89 дүгээр байрт бичигдлээ.

Шатарчид үргэлжлүүлээд мөн Москва хотноо 7-18-ны өдрүүдэд болох “Aeroflot Open” тэмцээнд оролцоно. “Aeroflot Open” тэмцээн А, В, С гэсэн гурван ангилалд зохиогдох бөгөөд А ангилалд 2549-өөс дээш чансаатай, В ангилалд 2299-2550 чансааны оноотой, харин С ангилалд 2300-гаас доош чансаатай шатарчид өрсөлдөнө. Монголын шатарчдаас В ангилалд Ц.Батчулуун (2424), Б.Гүндаваа (2493), Д.Шаравдорж (2452) нар, С ангилалд Б.Ану (1957), А.Энхтуул (2119), Г.Сайханзаяа (1704), С.Ган-Од, Н.Төвсанаа (2283) нар оюун ухаанаа сорих юм.

Тэмцээний эхний өргийн тоглолтууд маргааш болно.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж